Хэнтий аймагт Ц.Идэрбат 12,923 санал, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 23,998 сонгогчийн санал тус тус авчээ

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нөхөн сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдэж дууслаа. 148 хэсгийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн дүн мэдээгээр нэр дэвшигчдийн авсан саналыг танилцуулж байна. 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт: Ц.Идэрбат /МАН/ - 12,923 -Б.Гарамгайбаатар /АН/ - 3,544 М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 545 А.Бархүү /ИЗНН/- 258 Д.Баатаржав /ШИНЭН/ - 174 Д.Чулуунбат /АТОЗН/ - 149 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт: Э.Батшугар /МАН/ - 23,998 Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 5,180 Э.Бат-Үүл /АН/ - 4,925 А.Отгонбаатар /ҮБЗН/ - 3,188 Ш.Гантулга /ИЗНН/ - 3,000 Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 1,823 Ц.Гантулга /ШИНЭН/ - 1,415 Л.Цог /ДМН/ - 199 Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 108 А.Батдорж /АТОЗН/ - 79

БНСУ-д хууль бусаар оршин суугчид КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэж, сайн дураар нутаг буцах хүсэлтээ өгвөл торгохгүй

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2021 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад улсын иргэд вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө гэж мэдэгдэв. Өршөөлийн аянд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл КОВИД-19 вакцины бүрэн тунд хамрагдсан хууль бус гадаад иргэд хамрагдах боломжтой ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аяны дуусах хугацааг жич зарлах аж. Дараах хууль бус иргэд өршөөлийн аянд хамрагдах боломжтой. Үүнд: Эрүүгийн гэмт хэрэг, халдвар хамгааллын дэглэм бусад хууль журмыг зөрчиж шийтгэгдээгүй эсвэл цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй байх Вакцины бүрэн тунд хамрагдсан байх (Janssen - нэгтун, Pfizer, Moderna, Astra Zeneca - хоёртун) Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн байх гэх зэрэг хугацааны хязгаарлалт тавихгүй. Өршөөлийн аянд хамрагдах хүсэлтэй иргэд вакцинд хамрагдсан тухай тодорхойлолтоо бусад шаардлагатай баримт бичгийн хамт бүрдүүлж өөрийн оршин суугаа газрын ГИХГ-т биечлэн эсвэл ГИХГ-ынwww.hikorea.go.krцахим хаягаар сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу. Эх сурвалж:БНСУ дахь Элчин сайдын яам

Сайд Б.Батцэцэг Казахстаны гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар энэ сарын 10-14-ний өдрүүдэд Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Казахстаны нийслэл Нур-Султан хотноо болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцоно. Айлчлалын үеэр сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаевт бараалхана. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийж, Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно. Энэхүү айлчлал нь манай улс 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ сайд Б.Батцэцэг олон улс, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, тус уулзалтад оролцож буй бусад орны Гадаад хэргийн сайд нартай уулзана.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо. Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ. Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон тооны ажилтантай болох, иргэдийн тарьц, суулгацыг худалдаж авах, Усжуулалтын II аян хүрээнд тал, хээрийн сумдад 15-20 худаг гаргах зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Мөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 мянган мод тарьсан нь 80 гаруй хувийн ургалттай байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар Даланзадгад дахь Хүлэмжийн цогцолборын ажилтай танилцлаа. 2017 оноос говийн бүсийн үр үржүүлгийн талбай байгуулсан нь улсдаа жишиг болохуйц Агро парк болсон байна. Өвөл зуны хүлэмж бүхий талбайд 13 нэр төрлийн 50 гаруй сорт тарьж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээс гадна туршилт, судалгаа хийдэг тухай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ танилцууллаа. Говьд мод тарьж, ургуулж болдог гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз сүүлийн 30 орчим жилийн хөдөлмөрөөрөө харуулж байна. Тэрбээр Багабулаг гэдэг газарт 16 га талбайд 10 гаруй төрлийн мод тарьж ургуулан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хямд үнээр тарьц, суулгац нийлүүлдэг. Мөн чацаргана, улаан лооль, үхрийн нүд, алим тарьж худалдан борлуулдаг байна. Монгол хүн мод тарьж чадахгүй гэж ярьдаг нь хий хоосон үг. Сэтгэл байхад болно. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой. Гол нь усалгаа, арчилгаа, тордлогоо гэж Д.Бараадууз хэллээ. Тэрбээр үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриалж, өөрөө ирэх оноос нэг сая тарьц, суулгац нийлүүлэхээ амаллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг бүрт судалгааны төв байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүд эндээс мэдлэг, мэдээлэл, зөвлөмж авдаг байх нь зүйтэй. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг иргэдэд сурталчилан таниулна. Цаашид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох, усан хангамж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргийг цогцоор нь шийдвэрлэнэ. Тэрбум модыг дагаад ойн болон жимс, жимсгэнэ, бордоо, хашаа, саравч, хүнсний нарийн ногоо, эмийн ургамлын зэрэг аж ахуйн нэгж, ажлын байр бий болох гээд олон давуу талтай гэлээ. Цаашид хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Ойн агентлаг байгуулах, ойн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах, арчилгаа, тордлогооны менежментийг шийдэх зэрэг нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд чухал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ. Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд цөлжилтийг дөрвөн хувиар бууруулж, 7.9 хувь байгаа ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэн, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж,санал авах ажиллагаа2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт07-22.00 цагт явуулахааршийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулна. Энэ удаагийннөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо(7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо,аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдаад байна. Сонгуулийн үеэр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-20:00 цагтзохион байгуулна. Хоёр тойрогт нийт 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ гаргаад байна. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулсан. Уг ажилд нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид нээлттэй оролцлоо. Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан системийн ажиллагаа, сүлжээний найдвартай байдлыг шалган турших зорилгоор өгөгдөл дамжуулах туршилтыг хэд хэдэн удаа явуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангаад байна. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.