Ази тивийн сүүний түншлэлийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан Dairy Asia Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг 2014 онд үүсгэн байгуулсан. Ази тивийн сүү үйлдвэрлэл индэрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулсан. Тус байгууллагын зорилго нь Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын байгаль, цаг уурын онцлог нөхцөл, монголчуудын мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт технологийн давуу талыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүний брэндийг бий болгон хөгжүүлэх замаар сүүний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох өргөн боломж бий бөгөөд, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, экспортын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ГХЯ-ны зүгээс анхаарч ажиллаж байна. Мөн Монгол Улс Ази тивийн сүү үйлдвэрлэлийн санаачилгыг манлайлж, Ази тивийн сүүний түншлэлийг Зүүн хойд Ази, Төв Ази, Баруун Азийн бүс нутагт өргөжүүлэх, энэ түншлэлийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна гэсэн юм. Ази тив нь дэлхийн хүн амын 60 гаруй хувь, сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг онцлогтой. Тус тивд 48 улс орон байгаагаас Ази тивийн сүү үйлдвэрлэл санаачилгад одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам гэсэн 13 улс нэгдээд байна. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд, дипломат байгууллагын ажилтнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид, мөн Монгол Улсаас холбогдох яам, агентлаг, сүүний мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, цаашдын зорилт, мөн Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүллээ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эгүүлэн татахаар болжээ

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар өчигдөр шийдвэрлэжээ. Учир нь Засгийн газрын гишүүд газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзсэн байна. Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

МАНАЙ УЛСААР ДАМЖИН ӨНГӨРӨХ БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВЖ БАЙНА

Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа. Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёр дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурсан нь олон жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эхний бодит алхам болсон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар ОХУ-ын Газпром НХН-тэй Эрмэлзлийн санамж бичиг-ийн төслийн талаар Оросын талтай хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрч, мөн түүнчлэн байгалийн хийн хоолойн төсөлд Эрдэнэс Монгол ХХК-ийг Монголын талыг төлөөлж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяанд Эрдэнэс газ төслийн нэгжийг байгуулан ажиллуулсан. Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн талаас Газпром НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ. Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолойн төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд Газпром НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээр хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТҮЛШ, ШАТАХУУНЫ 45 ХОНОГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сайжруулсан түлшний асуудлаар Ажлын хэсэг байгууллаа Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж ахална. Тавантолгой түлш ХХК нь нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад 71,4 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Борлуулалтын 128 цэгээр хоногт дунджаар 956 тн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаад энэ сарын 5-наас борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ. Ирэх сарын 1-нээс 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна. Сайжруулсан шахмал түлшний Нэг өрх-нэг карт аяныг зохион байгуулж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, картын давхардлыг арилган, сайжруулсан түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхад хяналт тавина. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татна Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэлээ. Газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзжээ. Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн байна. Аж ахуйн нэгжүүд 45 хоногийн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа. Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгалаа. Улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 1,538,119.0 тонн түлш, шатахуун импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Аж ахуйн нэгжүүдийн дээрх хугацаанд импортолсон түлш, шатахууны хэмжээнд үндэслэн төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцжээ. Тогтоолын хавсралтад зааснаар 28 аж ахуйн нэгж нийт 193,500 тонн компанийн нөөц бүрдүүлэх юм байна. Товч мэдээ Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хэвийн горимд шилжүүллээ. Ковид-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь, дархлаа дэмжих гуравдугаар тунд 323.940 хүн хамрагджээ. Иргэдийг гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцины цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Эрчис Ойл ХХК болон PH-Аэро компанийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг эцэслэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайдад даалгав. Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явц, Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминалын ажлын явцын талаар Сангийн сайд танилцуулсан байна. Хуулийн төсөл боловсруулж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагаас 257, төрийн байгууллагаас 280 гаруй санал иржээ. Эдгээр саналыг нэгтгэн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах юм байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид,улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?

​ Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонов. Монгол Улс тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв. Тэрчлэн Г.Ёндон сайд энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аар шалгуулна гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэхэд ТЕГ-аас шалгуулах болсны цаана импортлогчид, улстөрчдийн хувийн ашиг сонирхол байсан уу гэх асуулт тавигдаж буй юм. Аж ахуй нэгжүүдээс хамгийн түрүүнд Сод Монгол группээс гаргасан мэдэгдэл сошиал хуудсаар тарсан нь шатахуунд очерлох нөхцөл бүрдүүлсэн юм. Тус компанийн мэдэгдэлд, 2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын Роснефть компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасч, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой гэх утгатай байсан. Гэвч шатахууны очер нэмэгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсны дараа Сод Монгол группээс дараах мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан гаргасан юм. Мэдэгдэлд, 2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна. Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна гэсэн юм. Гэвч шатахуунд дугаарласан иргэдийн хөл тасрахгүй, урт дараалал үүсгэж, шөнөжин ачаалал үүсгэсэн юм. Яг үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татсан яриа гаргах болсон нь Эрчис Ойл компанийн зүгээс Роснефть компанитай хамтран Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын талаас тавьсан гэх мэдээлэл байна. Эрчис ойл нь төрийн өмчит компани бөгөөд Засгийн газрын 2020 оны 14 болон 114 дүгээр тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх үүднээс Монгол газрын тос боловсруулах үйлдвэр-ийн ТӨХХК-ий дэргэд (I) шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх (II) санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүн үнийг бууруулах зорилгоор Эрчис ойл ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулжээ. Үүнтэй холбоотойгоор дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, ийн зохиомол хомсдол үүсгэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ялангуяа энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гар бие оролцож, саяхан ОХУ-ыг зорьж, Реснефть компанийхантай уулзсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна. З.Энхболдыг Сод Монгол групптэй холбоотой гэх хардлага байдаг. Тэгэхээр энэхүү зохиомол хомсдлыг зарим импортлогчид, улстөрчид үүсгэсэн гэж Засгийн газрынхан хардаж буй нь Г.Ёндон сайдын мэдэгдлээс илэрхий харагдаж байна. Түүнээс гадна шатахуун импортлогч томоохон компаниуд Чайна ойл-оос нийлүүлж буй шатахууны нийлүүлэлтийг оруулж ирж буй компаниуд нь бусад компанидаа түгээх үйлчилгээгээ хангалтгүй хийж, хоорондоо өрсөлдөөн үүсгэж байгаа нь ч шатахууны хомсдол үүсгэсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Ямартай ч шатахууны хомсдол, нөөц багасч, иргэдээ очерлуулж байгаа нь импортлогч орны зовлон гэхээс илүү дотоодын улстөр, импортлогч компаниудын хоорондын зөрчлөөс үүссэн байж болзошгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж байна. Г.Ёндон сайдын хэлснээр импортлогчид, улстөрчид оролцоотой эсэхийг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтоох, хариуцлагын асуудал ч хөндөгдөнө. Эцэст нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуцлагаас мултрах гэсэн, ажлынхаа хариуцлагагүйн асуудлыг улстөржүүлэх гэж оролдоогүй байгаасай, үнэхээр улстөржөөгүй хомсдол, нөөцийг зохиомлоор үүсгэсэн бол хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Тиймээс асуудлын үнэн зөвийг тогтоож, ард түмэндээ нээлттэй мэдээлэх ёстой. Төр, импортлогчид хоёрын дунд иргэд хохирох ёсгүй шүү, Г.Ёндон сайд аа!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.