МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЧЯНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2021-10-13 09:35:04 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо. Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2021-10-12 13:25:45 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.12) хуралдаан 10цаг 05минутад57.9хувийн ирцтэй эхэлж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон гэв. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахад цоо шинээр оруулж ирсэн өөрчлөлт бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шинэчилсэн хуулийн чухамхүү нэг гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Ингэсний мөн чанар, зорилго, агуулга нь дээр дурьдсан хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосонд оршино. Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26,897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13,470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ тийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон гэж үзсэн байна. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрзг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн тайлбаргүй саналыг үндэслэж хэргийг прокурорт буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрх хэмжээнээс үүдэн шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхэд хүргэж байгаа нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж байгаа хэмээгээд Б.Энхбаяр гишүүн холбогдох тоон мэдээ, тайлбарыг танилцуулсан. Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл гэв. Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авилгын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуульд заасам хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна гэж төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй, дутуу боосон хэргийг шүүхээс чиглэл авчихья гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон гэж үзжээ. Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ. Мөн Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс буцаадаг зохицуулалтыг халах нь Улсын Их Хурлаас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно хэмээн үзэж, холбогдох тайлбарыг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан юм. Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нь анхан шатны шүүхээс хэргийг буцаах зохицуулалтыг үлдээх нь зүйтэй гэдэг байр суурийг илрэхийлж, холбогдох үндэслэл, тайлбарыг хэлж байлаа. Хэрэг буцааж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт дор хэргийг нягтлахгүйгээр, шүүх заавал шийдвэр гаргах шахалтад орох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн шүүхээс өмнөх мөрдөн байцаах, прокурорын шатны үйл ажиллагааг сайжруулахгүйгээр, шууд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байхыг хуульчлах нь эрсдэлтэй гэж байв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил нар хэлэлцүүлэгт холбогдох талууд буюу Улсын дээд шүүх, прокурор, мөрдөн байцаах байгууллагын төлөөллийг оролцуулах хүсэлтийг гаргаж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боловгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-д 2021 оны 10 дугаар сарын 11-14-ний хооронд томилолтоор ажиллаж байна. Өчигдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, цөлжилттэй тэмцэх талаар санал солилцож, коронавируст цар тахалтай тэмцэх, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Элчин сайд Т.Бадрал Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэйг онцолж, ӨМӨЗО-д хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны голлох боомтууд байрладаг, мөн хоёр талын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чухал бүс нутаг бөгөөд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломжтой чухал талбар гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хиллэж буй боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах, тусгаарлалт хяналтын арга хэмжээг чанд баримталж буй нь хятадын талд коронавируст халдвар хил дамнан тархахаас сэргийлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд үр өгөөжтэйг илэрхийлэв. ӨМӨЗО-ы зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын хилийн боомтод халдварт цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь боомтын хэвийн ажиллагааг хангах, улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болохыг ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян онцлов. Мөн одоогоор хятадын талаас боомтод хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хэмжээнд мөрдөж буй бодлогын хүрээнд тогтоосон шаардлага бөгөөд цаашид хоёр тал энэхүү чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох мэдээллийг шуурхай харилцан солилцож байх нь зүйтэй хэмээн илэрхийлэв. Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-нд томилолтоор ажиллах үеэр Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, боомтын удирдлагуудтай уулзалт хийнэ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Самар түүх, бэлтгэхийг 10 хүртэлх жилээр хориглох санал гаргалаа
2021-10-12 10:28:40 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, Ойн тухай хууль-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.
У.Хүрэлсүх: Шүүхийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч эхэлсэнд сэтгэл зовниж байна
2021-10-11 09:34:19 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж хэлсэн үгэндээЕрөнхийлөгч У.ХүрэлсүхШүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг чанад дагаж мөрдөх явдал юм. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах, ноцтой үр дагаварт хүрэх вий гэж Төрийн тэргүүн миний бие сэтгэл их зовниж буйгаа та бүхэнд хэлье. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс олон түмэн шахаж шаардаж байгаа. Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, албан хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёсзүйгүй бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд би туйлаас их харамсаж байна. Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна. Монгол Улсад өнөөдөр анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг Улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсэж байна. Миний бие энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн, нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм. Ташрамд мэдээлэхэд УИХ-аас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давж заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23 нийт 519 шүүгч ажиллаж байна. Өнөөдрийн чуулганд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид биечлэн оролцож байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй