С.Баярцогт оо намайг хуурах гээд үз

Үнэлэх
(0 үнэлгээ)

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн болоод нэлээд хэд хоног өнгөрөөд байгаа хэдий ч хүмүүсийн дунд яригдсаар байгаа халуун сэдвүүдийн нэг мөнөөс мөн билээ. Харин С.Баярцогтын мэтгэлцээн дунд гаргасан үйлдэл зарим нэг талаараа олон хүнийг гайхшруулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл түүний бухимдуу байгааг харуулах хүний биеийн үйлдлээр илэрхийлэгдэх  психологи юм.

Үзэгчид Америкийн нэгэн цуврал кино болох “Lie to me” буюу “Намайг хуурах гээд үз” хэмээх киног санаж буй байх.

“Lie to Me” нь Америкийн гэмт хэргийн драм бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 21-нээс 2011 оны нэгдүгээр сарын 31 хүртэл Fox network-оор гарсан билээ.  Тус кинон дээр гол дүр болох доктор Кал Лайтман биеийн хэлээр буюу хүний үйл хөдлөл, нүүрний хувирал, мимикээр тухайн хүн худлаа ярьж буй эсэхийг тодорхойлон хэрэг илэрүүлдэг тухай гардаг. Энэ дүрд Тим Рот гайхалтай тоглосон.

Хэрэв энэ доктор Кал Лайтман УИХ-ын гишүүн С.Баярцогтын гаргасан үйлдлийг харсан бол юу гэх байсан бол?

Ингээд түүнийг доктор Калын нүдээр харах гээд үзье. С.Баярцогт мэтгэлцээн эхэлснээс эхлээд сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байсан. Түүний тэсч ядан байрандаа холхих, гараа байнга нуруундаа авч, эсвэл зангидаж байгаа нь түүний түгшүүртэй байсны нотолгоо.

Мөн мэтгэлцээний явцад өрсөлдөгч рүүгээ байн байн дайрч доош нь хийхийг оролдож байсан нь С.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн мэтгэлцээний тактик биш. Харин үүнийг буруу зүйл хийж байгаагаа мэдсээр байж хэн нэгэнд амласан амлалтаа биелүүлэхээр улайрч байгааг гэрчилнэ. Үүнд тохирох нэг сайхан монгол зүйр үг бий. “Ичсэн хүн хүн ална аа” гэж.

Байн байн холхиж хойш урагшаа яван дэлгэцэн дээрх материалаа байнга сольж байгаа нь ердөө л хүмүүсийн анхаарлыг өрсөлдөгчдөө өгөх яв цав хариултаас бултуулж, өөр тийш нь залах гэсэн оролдлого юм.

Түүнчлэн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсээс тэр ганцаарханаа хариуцлага хүлээх маягаар энэ мэтгэлцээнд орж буй нь түүнийг үнэхээр бухимдуулж орхив. Тэрбээр байн байн “Би С.Ганбаатар гишүүнийг мэдлэгтэй гэхэд эргэлзэж байна” хэмээн давтаж байсан юм. Энэ нь үзэгч олныг өрсөлдөгч нь мэдээлэлгүй, мэдлэггүй байгаа гэсэн ойлголтод хөтлөөд, харин өөрөө жирийн иргэд ойлгоход бэрх тоо баримт амнаасаа цувуулж байгаа нь мөн л араас нь түлхэж буй хүчин зүйлийг далдлан өнгөрөөх гэсэн нэг арга байлаа.

Духаа долоовор хуруугаараа маажих нь ялангуяа улстөрчдийн худал амлах, мэдэн будилах үедээ гаргадаг зангаа, дохио. Тэд ингэх үедээ ёс юм шиг духаа атируулж, өрөөсөн завьжаа мурийлгадаг. Ийм үйлдлийг АНУ-ын ерөнийлөгч асан Билл Клинтон их гаргадаг байсан. Түүнийг Моника Левинскийтэй холбогдсон сексийн харилцаанд буруутгасан тухай хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийм мимик гаргаж байсныг хэвлэлүүдээр олонтаа бичсэн. Харин энэ мэтгэлцээн дээр үзэгчид анзаарсан бол С.Баярцогт гишүүн ийм нүүрний хувирлыг  багагүй гаргасан юм.

Хоёрдугаарт  энэ мэтгэлцээнд С.Ганбаатар гишүүн ганцхан С.Баярцогтыг онцолж өдөөн дуудсан нь үнэхээр шударга бус гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ гэрээ буруу болсон бол хариуцлагыг нь АН, МАН адилхан хүлээх учиртай.

Энэ мэтгэлцээнд МАН-аас тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, АН-аас томилогдсон тухайн үеийн БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нар оролцох ёстой байлаа.

Үнэн хэрэгтээ энэ удаагийн мэтгэлцээнээр хамтарсан Засгийн газраас байгуулсан Оюу толгойн ноотой гэрээг С.Баярцогт ганцаараа бус Засгийн газар, хөрөнгө оруулагчдын бүхэл бүтэн баг, эдийн засгийн маш том бүлэглэл хамтаараа С.Ганбаатарын эвгүй асуултуудаас бултаж, хамгаалаад өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр дараагийн удаа Ерөнхий сайд асан С.Батболд, ЭХЭБ-ын сайд асан Д.Зоригт, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нарт “Lie to me” гэж хэлэх л үлдлээ.

С.Майдар

Нийтэлсэн: 2012-11-29 16:46:05

Нийт сэтгэгдэл: 2

  • Зочин

    goyo

    Зочин 2012-12-09 07:51:31     202.21.106.135          (0)       (0)
  • Зочин

    ene mongol setgelgui hujaa davarsan hulgaich.shorond baih estoi***

    Зочин 2013-02-20 15:51:20     124.158.71.33          (1)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.