Эцэг эхчүүд өөр өөрийнхөө чадлын хэрээр хүүхдээ хүмүүжүүлдэг. Өөрөө амьдралыг хэрхэн ойлгодгоороо хүмүүжүүлдэг гэсэн үг. Гэхдээ тухайн нөхцөл байдалд яагаад чухам энэхүү үйлдлийг хийж байгаагаа бараг ухаарчбоддоггүй гэж хэлж болно. Эцэг эх бүрт хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэдэхээ байх үе тохиолддог. Магадгүй, томчууд өөрсдөө хүмүүжлийн буруу арга хэрэглэснээр ийм байдалд ордог ч байж болох. Алдаа гаргадаггүй эцэг эх гэж мэдээж байхгүй шүү дээ. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн тухайд, өөрийнхөө алдаан дээр суралцсанаас хүний алдаан дээр суралцах нь дээр бус уу? Хэрэв та үүнтэй санал нийлж байгаа бол эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдааг хамтдаа судалж үзье.
Нэгдүгээр алдаа: Би чамд хайргүй болно шүү гэж амлах.
“Чи ээжийнхээ /аавынхаа/ үгэнд ордог сайн хүүхэд болохгүй бол би чамд хайргүй болно...” гэж амладаг.
Эцэг эхчүүдийн бодол:
Хүүхэд яагаад бидний хэлсэн гуйсан болгонтой маргаж байдаг юм бэ? Албаар бидний уурыг хүргэх гэж ингэдэг юм болов уу? Ухаан санаа руу нь хандаж яриад ч нэмэр алга, бидний хэлж байгааг ер сонсохгүй юм. Шийтгэл энэ тэрээс ч айхаа байсан. Тэгэхээр одоо эцсийн хөзрөө гаргаж “Би чамд хайргүй боллоо” гэхээс дээ...
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Уул нь, хүүхэддээ хайргүй болно гэж айлгах нь нэлээд жинтэй арга л даа. Гэхдээ, энэ амлалт хэзээ ч биелдэггүй шүү дээ. Тэгэхээр хүүхэд тань танд дараа нь итгэхээ, айхаа болино. Та яаж ч хайргүй болчихсон мэт царайлаад - хүүхэд тань таныг амархан “барина”. Тэгээд цаашид, энэ арга 2 – 3 удаа давтагдахад ээж аав дандаа худлаа ярьдаг юм байна гэж ойлгоно. Тиймээс, хайргүй болно гэж хуурснаас, “Би чамд хэзээ ч хайргүй болохгүй л дээ, гэхдээ чиний хийсэн хэргийг би ер дэмжихгүй байна, надад таалагдахгүй байна, миний сэтгэл гонсойж байна” гэх мэтээр хэлбэл илүү үр дүнд хүрдэг.
Хоёрдугаар алдаа: Хүүхдээ тоохгүй байгаа дүр үзүүлэх
“Дуртай юмаа хий, надад хамаа байхгүй” гээд ээж /аав/ дуугаа хураадаг.
Эцэг эхчүүдийн бодол:
Яршиг, яагаад ч нэмэр байх биш. Өчнөөн л хэллээ, янз бүрээр ойлгуулах гэж ядлаа, одоо тэгэж нервээ барахаа больё. Өөрөө шийдэж, өөрийнхөө алдаан дээр сураг, ямар насаараа дэргэд нь хөтөлж явахгүй юм чинь...
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Хэзээ ч хүүхэддээ, “Чиний юу хийх надад хамаагүй” гэж хэлэх, харуулах хэрэггүй. Хүүхэд тань таныг үнэхээр хэлж үү үгүй юу гээд заавал шалгах болно. Мэдээж, шалгахдаа муу зүйл хийж л таны реакцийг шалгана шүү дээ. Ингээд битүү цагираг үүснэ гэсэн үг. Тийм болохоор, хүүхдээ тоохгүй царай гаргаснаас, түүнтэй дотны найзын харьцаа үүсгэхийг хичээсэн нь дээр. Яаж ч дэггүйтэж байсан хичээх хэрэгтэй. Жишээ нь, “ Би чиний хийсэнтэй, ярьсантай огт санал нийлэхгүй байна. Би чамд хайртай учраас чамд туслахыг хүсч байна. Чи дуртай цагтаа хийх гэж байгаа юмныхаа талаар ээжээсээ зөвөлгөө авч байгаарай, ээж нь хэзээд бэлэн шүү, хоёулаа хамт шийдвэл сайхан шийдвэр гарна шүү дээ” гэх маягаар тохиролцож болно.
Гуравдугаар алдаа: Хүүхдийг хэтэрхий “чангалах”
“Би энэ гэрийн эзэн, тэгэхээр чи миний хэлснийг үг дуугүй дагах учиртай” хэмээн хүүхдийг захирах гэж оролддог.
Эцэг эхчүүдийн бодол:
Хүүхэд эцэг эхийнхээ үгэнд шууд л орох ёстой, энэ бол хүүхдийн хүмүүжлийн хамгийн гол зарчим. Эцэг эхтэйгээ маргах асуудал байж хэрхэвч болохгүй. Хүүхэд хэдэн настай байх нь хамаагүй, 6 – тай ч бай, 16 – тай ч бай, тэднийг даврааж болохгүй, тэгэхгүй бол толгой дээр гараад сууна...
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Хүүхдэд аливаа юмыг тулгахад тэрээр заавал “Ямар учраас? Юуны төлөө?” гэх мэтийг өөртөө ойлгож авахыг хичээдэг. Зарчмууд дээр суурилсан хэт чанга хүүхдэд ойлгомжгүй хүмүүжүүлэлт бол амьтан сургалтаас ялгаагүй шахуу байдаг. Таны хажууд байхдаа - хэлсэн сургаснаар чинь, харин байхгүйд чинь бол бүхнийг эсрэгээр хийнэ. Тийм болохоор, хүүхэддээ, түүнээс яагаад чухам ийм зүйлийг хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулж өгөхийг л хичээх хэрэгтэй. Тухайн моментод ярилцах зав байхгүй бол “За чи одоо зүгээр л миний хэлснээр хийчих, харин орой хоёулаа учрыг нь ярилцъя” гэж болно шүү дээ.
Дөрөвдүгээр алдаа: Хүүхдийг хэт эрхлүүлэх
“Нялх амьтан яаж чадах вэ, би өөрөө хийчихье...” хэмээн юу ч хийлгэхгүй эрхлүүлдэг.
Эцэг эхчүүдийн бодол:
Би хүүхдийнхээ төлөө бүхнийг хийнэ, хүүхэд маань дураараа сайхан байх ёстой. Хүүхэд нас гэдэг чинь богинохон шүү дээ, жаргаж л байг даа. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг нь биелүүлж, баярлахыг нь харах шиг сайхан юм хаа байна...
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Эрх хүүхэд цаашдын амьдралдаа их зовох болдог. Үргэлж эцэг эхийнхээ хамгаалалтанд байсан хүүхэд том болоод өөртөө тулгарсан асуудлыг шийдэх чадваргүйгээс амьдрал нь таатай байж чадахгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ замд тааралдсан чулуу болгоныг зайлуулснаар хүүхэддээ аз жаргал авчирч чадахгүй юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч аз жаргалгүй, биеэ даах чадваргүй хүн болгоно. Тиймээс, “Миний хүү /охин/ өөрөө хийх гээд үз дээ, болохгүй бол ээж нь туслаад хоёулаа хийе” гэх зэргээр хандвал зөв.
Тавдугаар алдаа: найзынхаа дүрд тоглуулах
“Миний хүүхэд – миний хамгийн сайн найз” гэж хүүхэддээ өөрийн найз байх үүргийг үүрүүлдэг.
Эцэг эхчүүдийн бодол:
Хүүхэд минь бидний амьдралын гол чухал хүн минь. Хүүхэд маань их ухаантай, яг л том хүн шиг, тэгэхээр түүнтэй бүх юмны тухай ярилцаж болно...
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Эцэг эхийнхээ энэхүү сэтгэхүйд автсан хүүхэд тэдэндээ таалагдахын тулд өөртөө ахадсан, том хүмүүсийн проблемуудыг байнга хэлэлцэхэд хүрдэг. Гэтэл түүнд өөрт нь, үеийнхэнтэйгээ хэлэлцэж шийдвэл зохих проблемууд бас байгаа шүү дээ. Ингээд ээж аавынхаа проблемыг нэгдүгээрт тавьснаар өөрийнх нь проблемууд шийдэгдээгүй үлдэж, үеийнхэнтэйгээ үл ойлголцох байдал үүснэ, тэдэнтэй муудна, шоглуулна... Тиймээс хүүхэддээ өөрийн үнэнч найзын дүрийг үүрүүлэх нь маш буруу.
Зургаадугаар алдаа: мөнгөний асуудал
Хүүхдэд ахиухан мөнгө өгөх боломжтой байвал сайн гэж төөрөгддөг хүн олон байдаг.
Эцэг эхчүүдийн бодол:
Бид мөнгө муутай болохоор хүүхдээ олигтой эрхлүүлж ч чадахгүй байна. Хүссэн юмыг нь аваад өгчихөж чадахгүй юм, сайн эцэг эх байх бололцоо алга. Манайх мөнгөтэй байсан бол хүүхэд маань ийм зан ааштай болохгүй шүү дээ...
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Хүүхдийн хайрыг мөнгөөр худалдаж авна гэж байхгүй нь мэдээж. Маш олон ядуу айлууд хүүхдүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг. Тийм болохоор хүүхдийнхээ хүслийг биелүүлж чадахгүй байгаадаа шаналах хэрэггүй юм. Хамгийн гол нь хүүхдүүдтээ хайртай гэдгээ харамгүй харуулж, тэдэнтэйгээ хамт тоглох, хамт амрах, тэдний проблемыг нь цаг зав гарган сонсох зэрэг л чухал. Хүүхдийг таны түрийвч биш, харин ээж аав маань миний төлөө чадах бүхнээ хийдэг, би тэднийхээ хамгийн хайртай хүн нь гэдэг бодол хүүхдийг аз жаргалтай болгодог.
Долоодугаар алдаа: хэт томдсон төлөвлөгөө
“Миний хүүхэд тийм, ийм хүн болох ёстой /агуу хөгжимчин, теннисчин, зураач, жүжигчин.../, би түүнд боломжоо алдахыг зөвшөөрөхгүй гэж бодон хүүхдээ шахдаг.
Эцэг эхчүүдийн бодол:
Би багадаа балетчин болохыг /төгөлдөр хуурч, теннисчин/ болохыг мөрөөддөг байсан боловч бололцоо олдоогүй..Харин хүүхдээ заавал төгөлдөр хуурч болгоно. Тэр одоохондоо дургүй байх хамаагүй, ташуурдаж байгаад ч болсон сургана. Миний хүүхэд том болоод ойлгоно, бидэнд талархах болно... Эсвэл заавал өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх гэж зүтгэдэг.
Сэтгэл зүйчдийн зөвлөгөө:
Харамсалтай нь, хүүхэд эцэг эхийнхээ энэ эрмэлзлэлийг ойлгох нь ховор байдаг. Эцэг эхийн боловсруулсан төлөвлөгөө ихэнх тохиолдолд нурдаг. Дургүй юмыг нь хүчээр хийлгээд олигтой үр дүн гарахгүй. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх талын авъясыг нь нээх зорилгоор өдөржин төрөл бүрийн дугуйланд явуулдаг. Бага насандаа ээж аавынхаа үгэнд ороод хэлсэн юмыг нь хийх боловч, өсвөр насанд хүрэхээрээ боломжтой бүх байдлаараа эсэргүүцэж эхэлдэг. Энэ эсэргүүцэл нь архи уух, тамхи татах, шөнө рок хөгжим чанга тавьж сонсох, жижиг сажиг юм хулгайлах гэх мэтээр ямар ч байдлаар илэрч болно. Тиймээс, өөрийнхөө хэрэгжүүлж чадаагүй бүхнийг хүүхэддээ битгий тох. Хүүхдэд өөрт нь цаг үлдээхгүй, олон дугуйланд явуулан зовоох нь буруу. Өөрөө үнэхээрийн дуртай байгаа бол өөр хэрэг.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.