МУ-ын Начин Д.Бадрах : Наадмын том даваанд бөхчүүд мөнгө өгч авалцдаг асуудал байдаггүй л байхгүй юу

Үнэлэх
(0 үнэлгээ)

Хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаар монголчууд бөхийн барилдаанаа хамгийн ихээр таашаан үздэг. Хэний бөх ямархан бяр, хүчтэй байгаа бол хэмээн дэмжиж, захыг нь мушгин суудаг билээ.

Тиймдээ ч наадамчин олныхоо сэтгэлийг баясгаж, өөрсдийнхөө хөлс, хөдөлмөрийг үнэлүүлэхээр бөхчүүд гал болон эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн.  Бид Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн бэлтгэлийн явц хэр байгааг сурвалжлахаар “Гео мандал” амралт, жуулчны баазыг зорьсон юм. Тэд сүүлийн таван жилийн турш энэхүү баазад байрлан, бэлтгэлээ хангаж байгаа төдийгүй байнга амжилтаа ахиулсаар ирсэн. “Хантайшир”-ын бөхчүүдийг Монгол Улсын начин Д.Бадрах дасгалжуулж байгаа бол зөвлөхөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав ажилладаг билээ.

Алтайн бөхчүүдээ ахлан, дасгалжуулж буй Д.Бадрах начинтай бэлтгэлийн талаар ярилцсанаа хүргэе.

-Танай галынхан бэлт­гэлдээ хэзээнээс гарсан бэ?

-Манай дэвжээнийхэн зургаадугаар сарын 13-нд бэлтгэлдээ гарсан. Бөхчүүдийн маань бэлтгэл ерөнхийдөө ханаж байна. Өнгөрсөн сар нэлээд бороотой байгаад  бэлтгэл хэд хоногоор саатах үе гарсан. Гэсэн ч манай хүүхдүүд бороотой гээд зүгээр суусангүй. Кросс, гүйлтэндээ гарч, хөлбөмбөг тоглох зэргээр байнгын бэлгэлтэй байлаа.

-“Хантайшир”-ын бөх­чүүд өнгөрсөн жил нэлээд амжилттай барилдаж шинэ гарьд, начинтай болсон. Энэ жил өмнөх амжилтаа эвдэж, ахиулна гэсэн бодолтойгоор бэлтгэлдээ гарсан байх?


-Тэгэлгүй яах вэ. Бүгд л дор бүрнээ сайн барилдаж, амжилтаа ахиулна гэсэн итгэлтэй байгаа. Бөхчүүд маань ерөнхийдөө бэлтгэл сайтай байгаа болохоор яг тэр нь, энэ нь гэж тодорхойлж хэлэх боломж алга. Тиймээс бүгдийг нь л гайгүй барилдах байх гэж бодож сууна. Урьдын амжилтыг давтаж, болж өгвөл түүнээсээ илүү амжилт гаргая л гэж бэлтгэлээ хийж байгаа.

-Танай галынхан энэ жуулчны бааздаа бүр дас­чихсан уу. Нөхцөл нь улам сайжирсан бололтой байна?

-Тэгсэн. Сар гаруйн хугацаанд гэртээ байгаа мэт тухалдаг болохоор энэ орчин нөхцөлдөө дасчихаж. Дэвжээний удирдлагууд ч бөхчүүддээ бэлтгэл хийх нөхцөл бололцоог нь маш сайн хангаж өгдөг. Манай аймгийн “Хантайшир” дэв­жээнийхэн бол бусад галтай харьцуулахад бэлт­гэл хийх орчин нөхцөл, байгаль, цаг агаар гээд бүх зүйл нь жигдэрсэн нөхцөлд бэлтгэлээ базаадаг. Энэ нь залуусын маань давуу тал. Сайн нөхцөлд бэлтгэл хийнэ гэдэг сэтгэл санаанд ч эергээр нөлөөлнө шүү дээ.

-Бэлтгэл ерөнхийдөө ханасан гэж байна. Говь-Алтайн наадам энэ жил бусад аймгийнхаас өмнө болох учраас нэлээд эрт бэлтгэлээс буух уу?

-Энэ долоо хоногийн сүү­лээр аймгийн наадам бол­но. Тэгэхээр залуу бөх­чүүд маань аймгийнхаа наа­дамд зодоглохоор нутгийн зүг хөдлөх болов уу. Мэдээж үргэлжлүүлээд бусад аймаг, сумын наадмууд ч болно. Харин улсын цолтой бөхчүүд бэлтгэлээс буух хараахан болоогүй байгаа.

-Амжилтаа ахиулахын тулд алдаан дээрээ нэлээд ажиллаж байгаа байх. Өн­гөрсөн жил Н.Ганбаатар гарь­дад танай дэвжээнийхэн маш их итгэл хүлээлгэж байсан. Гэтэл борооны да­раа болсон хоёрын да­ваанд хальтраад өвдөг шо­роод­чихсон. Тиймээс бо­роо­той өдрүүдэд бэлтгэлээ хийсээр л байгаа юу?


-Тэгэлгүй яах вэ. Наад­мын өдрүүд ер нь хур бороо элбэгтэй байдаг. Тиймээс төв цэнгэлдэхийн дэвжээ хал­тиргаа ихтэй болчихдог.

Бидний хувьд халтир­гаанд дасах, тэнцвэрээ олох бэлтгэл чамгүй хийсэн. Ноднин жилийн хоёрын давааны үеэр маш их аадар орсноос халтиргаа үүссэн. Манай том цолтой найдвар болж байсан бөх хоёрын даваанд унасанд хамт бэлт­гэл хийж байсан, нэг дэв­жээнийхэн болохоор их л харамсаж байлаа. Энэ удаа тэр эрсдэлийг тооцож л байна.

-Энэ жил Үндэсний бө­хийн барилдааны журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, таван минутад багтааж ам авна гэх зэргээр?

-Үүнийг хэд хэдэн шалт­гаанаар тайлбарлаж байгаа. Заасан хугацаанд ам авч амжихгүй бол дараагийн бөх цолны эрэмбээр ам авна гэсэн байсан. Энэ нь байх ёстой асуудал. Амаа хурдан аваад, наадамчин олноо хүндрүүлэхгүй л явах ёстой. Зарчим нь ч тийм.

Гэхдээ зарим нэг шалт­гаанаар удах тохиолдол гардаг. Бөхчүүд нь удаад, наадмын барилдааныг сунж­руулж, олон түмэн хү­лээлгэдэг. Ингэж журам гаргаснаар цаг хугацаандаа амаа авч, наадмаа түргэн шуурхай, үнэнч шударга явуулбал сайхан наадам болох байх гэж бодож байна.

-Мөн энэ жил 18 наснаас дээш даатгалд хамрагдсан бөхчүүдийг барилдуулна гээд байгаа шүү дээ. Энэ нь аль нэг даатгалын ком­панийг “ивээн тэтгэсэн” явдал болох нь гэсэн хардлага төрүүлээд байх шиг ээ?

-Урьд нь жил бүр даатгал явагддаг л байсан. Гэхдээ өмнө нь 18 наснаас дээш гэж нас зааж байсан эсэхийг сайн мэдэхгүй юм.

Юутай ч бөхчүүд маань бүртгүүлэхээр очих­доо өөрс­­дийн сонгосон ком­па­нидаа даатгуулж байгаа нь харагддаг. Даатгуулснаар бөх­чүүдийг болзошгүй эрс­дэлээс хамгаалж буй хэрэг шүү дээ. Гэмтэж бэртэх юм бол даатгалын компани зохих туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой байх. Гэхдээ тэр бүр бэртэж гэмтээд байх асуудал гардаггүй ч бэртэж гэмтвэл яана гэсэн болзошгүй асуудлаас хамгаалж байгаа хэрэг.

-Наадмын барилдаан гэхээр допингийн асуудал байнга сөхөгддөг. Өнгөрсөн жил л гэхэд хоёр бөх допинг хэрэглэсэн нь нотлогдсон шүү дээ? 


-Тийм асуудал гарсан. Тэр хоёр бөхөд арга хэмжээ аваад, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан.

-Тэгэхээр допинг хэрэг­лэсэн бөхчүүдэд өвдөг шороодсон бөхчүүдийн хө­дөлмөр талаар болчихож байгаа юм биш үү. Тэр дундаа цолны даваанд?

-Дүрэм, журамд чухам юу гэж заасан байдгийг би сайн санахгүй байна. Тиймээс хэлэхэд жаахан тиймхэн л юм. Гэхдээ үнэхээр цолны буюу тавын даваанд өвдөг шороодсон бөхийн хувьд шөвгөрсөнд тооцох эсэхийг бодолцох л хэрэгтэй. Шөв­гөрсөнд тооцох ёстой л гэж бодож байна. Хэрвээ дүрмэнд байхгүй бол оруулах л хэрэгтэй.

-Нэгэнт өнгөрсөн жи­лийн наадмын тухай яриа хөндсөнийх  танаас асуухгүй өнгөрч  боломгүй санагдлаа. Таныг айм­гийнхаа бөхчүүдийн өм­нөөс найраа хийсэн ту­хай мэдээллүүд нэлээд гарсан. Тэгэхээр бөхчүүдээ дасгалжуулахын зэрэгцээ цол ахиулах “менежер” хийгээд байдаг юм болов уу гэж бодсон шүү?

-Юу гэж ч бичиж болох байх. Гэхдээ ул суурьтай бичих хэрэгтэй болов уу. Зарим хүн улсын наадмын том даваануудад бөхчүүд хоорондоо мөнгө өгч, авалц­даг гэж ярьдаг. Үнэн хэ­рэгтээ тийм зүйл байдаггүй л байхгүй юу. Дураараа бичиж, ярьж байгаа зүйлд би эмзэглээд байдаггүй.

-Яагаад?


-Би ямар хийчихсэн биш. Хийх байтугай тийм бодол ч байдаггүй юм чинь.

-Мөн хөлийн цэцээр ажил­лаж байхдаа шинэ гарьдынхаа талд шийдвэр гаргачихсан гэсэн биз дээ?

-Х.Мөнхбаатар арслан, Ж.Бат-Эрдэнэ гарьд хоёрын барилдааны асуудал л даа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Миний хариуцаад явж байсан газарт тэр хоёрын барилдаан болоод дууссан. Энэ нь уналаа, тэр нь давлаа гээд шийдвэрээ өгсөн. Тэгсэн бөхчүүд маань хайнцсан гэж маргалдсан. Эцэст нь цэц шийдвэрээ гаргасан.

-Танай галынхныг хам­гийн ая тухтай газар бэлт­гэлээ базаадаг гэдэг. Таныг анх  бэлтгэлд гарч байх үетэй харьцуулахад орчин нөхцөл их өөрчлөгдсөн биз? 

-Би  1970-аад   оны сүүлчээр Алдар нийгэмлэгт байх үедээ анх бэлтгэлд гарч байсан. Манай Алдар нийгэмлэг ахмад цол­той, аваргууд олонтой шүү дээ. Ш.Батсуурь аварга, Ч.Бээжин аварга, Д.Хад­баатар аварга, Д.Жамц арслан гээд сайхан, сайхан бөхчүүд байлаа. Тэр үед бид цэргийн том палатканд хөнжил, гудсаа тавиад л, хоолоо өөрсдөө хийгээд л, бэлтгэлээ хийдэг байсан.

Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Мэдээж тодорхой хэмжээний дэвшлүүд гар­сан. Одоо миний хувьд бэлтгэл ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Та бүхэн өөрсдөө яваад л бэлтгэл хэр байгаад хараад, өөрсдөө дүгнэлтээ хийх байх.

-Аргагүй л тухтай газар байгаа хүний хэ­лэхээр бардам үг юм даа. Бөхчүүдийн бэлтгэл хийж байгаа газар нь амжилтад нөлөөлдгийг дэвжээний удирд­лагууд их сайн мэ­дэрснийх байх даа?


-Сэтгэл санаа тайван, хоол унд нь сайн, байрлаж байгаа байр нь тухтай, байгал цаг агаар нь сайхан байвал бэлтгэл хийх нөхцөл сайн хангагдана гэсэн үг. Түүнийхээ хэмжээгээр ам­жилт гаргахад нөлөөлнө. Манай дэвжээний удирд­лагууд “Та нар бэлтгэлээ хий, бид байр орон, хоол ундыг хангаж өгнө” гэсэн л асуудлыг ярьдаг. Дасгал­жуулагч бидний хувьд бэлтгэлээ сайн хийлгэж, наадамд сайн барилдуулах ажлыг хийдэг.

-Наадам  дөхөхөөр уяа­чид дээгүүр давхих морьдоо аль хэдийнэ мэдчихсэн бай­даг. Дасгалжуулагчид ч энэ маань энэ жил гэсэн бодол бас байдаг байх. Таны дотор хэн байгаа бол?

-Тэгж бодолгүй яах вэ. Нэг нь ярьдаг, нөгөө нь ярь­даггүй л болохоос ялгаа байхгүй. Морь уях, бөх­чүү­дийг бэлтгэл сур­гуулилт хийлгэх хоёр адил­хан. Мэ­­­­дээж боддог зүйл бий. Бүгдийнх нь бэлтгэл нь жигд бай­гаа учраас хэн нь ч яаж ч магадгүй байдалтай байна. Тийм болохоор тодорхой хэлж чадахгүй л байна.

-“Хантайшир”-ын­хан бүл нэлээд нэмсэн болол­той?


-Манай хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байдаг. Анх 30 орчим залуу байсан. Энэ жил  60-аад  хүнтэй бэлтгэлдээ гарч байгаа. Заавал бөх гэхгүй залуучууд маань бөхөөр хичээллэх нь жилээс  жилд нэмэгдэж байгаа нь сайхан шүү дээ. Сайхан бөх болчих юмсан, бөхөө байг гэхэд биеэ хөгжүүлж бэлтгэл хийж байгаад сайхан залуу болчих юмсан, сайхан өрхийн тэргүүн  байхсан гэсэн залуус ч бий.


Эх сурвалж :"Өглөөний сонин "

Нийтэлсэн: 2012-07-04 11:46:01

Нийт сэтгэгдэл: 2

  • Зочин

    Doping hereglej erhee hasuulsan 2 n hen hen yum bol?

    Зочин 2012-07-04 15:08:16     202.179.20.135          (0)       (0)
  • Зочин

    Начин Бадрах хэдэн төгрөг хэн хэнд өгч начин цол авсан бэ? Ахаа намайг битгий аваарай гээд л бөхчүүдийн түрүүнд мөнгө хийдэг нь үнэн шүү.

    Зочин 2012-07-10 19:57:37     122.201.18.128          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.