НИТХ-ын дарга Д.Баттулга шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх тухай шийдвэр гаргажээ. Эл шийдвэрт “Сүүлийн үед НИТХ-ын тэргүүлэгчдийн даргын нэр дээр орон сууцны хороолол доторхи газрыг хууль бусаар олгосон мөн шинээр барилга барихаар хашаа хатгаж, газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа талаар иргэдээс гомдол олон ирж байна. Ойрын үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн хооронд 2008 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилт болон газар олголтын асуудлаар НИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тул энэ хугацаанд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх барилгаас бусад барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байхыг мэдэгдье” гэжээ.
Эл шийдвэрээс харвал, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ынхан нягт уялдаатай ажиллаж, ойрын хэдэн жил өмнөх удирдлагуудын чихнээс нь хонх уяж байсан маргаантай газар олголтыг эргэн харж, цэгцлэхээр болж. Гэхдээ хэднээс хэдний хооронд өнгөрсөн дөрвөн жилийн газар олголтыг шүүж, шалгах юм бол. Энэ талаар НИТХ-ын нарийн бичгийн дарга н.Ичинхорлоогоос тодруулахад ”Ийм шийдвэр гарсан. Хэзээ энэ талаар хэлэлцэхийг мэдэхгүй байна. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олгосон газрын зөвшөөрлийг хэдий хугацаанд нягтлах нь тодорхойгүй байгаа аж. Ямар ч гэсэн орон сууцны хороолол дотор болон гадна зөвшөөрөлгүй барилга барьж байна гэсэн гомдол өнгөрсөн жил олонтаа гарч байсан. Тиймээс “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын алба 273 байршлын 1169 ТҮЦ, контейнер, гараж, хашаа хайс хаалтыг авч, газрыг нь чөлөөлсөн. Газар нь чөлөөлөгдсөн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, бичил цэцэрлэг байгуулж оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгсөн тухай мэдээлж байсан удаатай. Орон сууцны хороолол дунд зөвшөөрөлгүй барилга барьж буй гомдол хэр ирж байгааг Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн мэргэжилтнээс тодруулахад “Манайд НИТХ-ын шинээр барилгын ажил эхлэхгүй байх тухай шийдвэр ирсэн. Сүүлийн үед орон сууцны хороолол дунд дураараа хашаа хатгаж, барилга барих нь багассан. Энэ тухай гомдол ч цөөн ирдэг. Энэ нь, уржнан жил Газрын алба, МСӨХДЗ-тэй гэрээ байгуулж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайг СӨХ-ны мэдэлд өгсөнтэй холбоотой байх аа” хэмээв.
Тэгэхээр орон сууцны хороолол дунд газрын маргаан бага байгаа бол нийслэлийн сөөм газарт оффис болон орон сууцны барилга барихаар зөвшөөрөл авсан компаниуд ном, журмаар нь авсан уу гэдгээ шалгуулах нь. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрээс харвал улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах бусад барилгын ажлыг эхлүүлэхгүй гэхээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр яах вэ хэмээн асуумаар санагдсан хэрэг.
Өнөөдөр эл хөтөлбөрт хамрагдсан 50-иас дээш гүйцэтгэлтэй барилгууд аль хэдийнэ захиалга авчихсан, зургаан хувийн хүүтэй зээл авах юмсан гэсэн иргэд захаасаа ОССК, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаар эргэлдэж буй. Нэгэнтээ эл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагын нэг гэгдэж байсан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Бид хөтөлбөрт хамрагдах 50 хувийн гүйцэтгэлтэй компаниудын хүсэлтийг судалж үзээд хоёр ч удаа орон сууцнуудын жагсаалт гаргасан. Зах зээлд бэлэн байр алга, дараагийн жагсаалт хэзээ гарах вэ гэж иргэд асууж байгаа. Ямар ч байсан төр газрын асуудлыг нь шийдэж өгнө гэж байхгүй учраас зөвшөөрөлтэй барилгын компаниудыг хамруулахаар болсон. Судалгаа хийн шалгаж, нягталж байна” хэмээн мэдээлж байсан. Судлуулж, шалгуулаад улаан шугамаар гарсан компаниуд өдгөө газар шорооныхоо ажлыг эхлэх гэж байгаа биз. Гэвч НИТХ-ын даргын шийдвэрээр шинээр барилгын ажил эхлүүлэхгүй хэмээн хот даяар зарлачихаар шинэ бүтээн байгуулалтад хамрагдсан тэдний хувь заяа яах бол...
Энэ шийдвэрийг мэдсэн эсэх, ямар арга хэмжээ авч байгаа талаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хариуцаж буй Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны Төсөл хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Солонгоос тодруулахад, ”Манай дарга гадаадад яваа. Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн амарсан байна. Тийм болохоор энэ талаар мэдээлэл өгөх хүн алга” хэмээв. Уг нь, хөтөлбөрт хамрагдах иргэдэд Төрийн болон Капитал банк зээл олгохоор болсон. Зээл олголтоосоо болж удааширч байна хэмээн хэвлэлээр баалуулсан эл хөтөлбөр ийнхүү асуудалгүй болж байхад, дараагийн ээлжийн орон сууцны барилга хэзээ баригдах бол хэмээн нүдээ чилтэл харж суугаа иргэд яах вэ. Хэдийгээр нүдээ олсон зөв шийдвэр ч гэлээ дөрвөн жилийн хугацаанд олгогдсон газар олголтыг үнэн зөвөөр хурдан шуурхай шалгаж тунгаан орон сууцтай болох гэсэн иргэдийн мөрөөдөлд бүү цэг тавиасай.
Нийт сэтгэгдэл: 4
-
neeree 100.000 ail hutulbur gatsah uym bish bgaa. ene hutulnburt gazraa awsan companiud hamragdana geheer vnen shudargaar awsan eseh ni sh***gagdaad ireheer tsuuhun heden gazartai companii oron suuts usuud oron suutsnii vne ulam hadah uym bish vv yanaa ....
zochin 2012-07-29 15:31:07 202.72.246.142 (0) (0) -
yanaa. oron suutsnii vniig haymdruulj uguuch
Зочин 2012-07-29 15:33:30 202.72.246.142 (0) (0) -
Mash zov neg mongotei ni duraaraa gazar hasha***aad baidgiig boliulah heregtei huuchin Tuul restoranii hoidohiig har l daa odoo yavgan hun ch yavah gazargui bolson baina le
Зочин 2012-08-09 10:57:25 202.70.46.11 (0) (0) -
Үнэхээр зөв шийдвэр байна яагаад гэвэл хот маань хот биш балгас болж байна чанаргүй барилга маш их мөн замбараагүй нэг барилга нураах шахам барьж байна хүмүүс минь нүдэн дээр чинь ийм юм болоод байхад харахгүй байна уу баригдсан барилгуудад шалгалт хийвэл 90 хувь нь нурхад бэлэн байна чанаргүй юм хийж бие биенээ шулхаа болимоор байна
маш 2012-08-12 09:11:57 202.179.15.29 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.