Сургуулийн газраас хумслагчдын гайгаар хүүхдийн эрх зөрчигдөж байна

Үнэлэх
(0 үнэлгээ)

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, хотын төвд байрлалтай, байршил сайтай ихэнх сургууль газраа алдаад дуусах нь.

“Орон сууц барих гэж байгаа юм.Багш нарт чинь байр өгнө”, аль эсвэл “Спортын ордон барьж өгье” гэхчлэн гоё үгээр хуурч сургуулийн газраас хумсалсаар өдгөө олон сургуулийн гадаа нь хүүхэд чөлөөтэй гүйх байтугай алхах газар хомсдож байна. Дээрх жишээний нэг Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль. Хэдэн жилийн өмнө сургуулийнхаа биеийн тамирын талбайг “Гангар инвест” компанид алдсан.Тус дүүргээс УИХ-д нэр дэвшиж байсан Ц.Мөнх-Оргил гишүүн 31 дүгээр сургуулийн урд талбайд спорт цогцолбор барина гэж амлаж байсан гэнэ. Гэтэл сонгууль дуусаад, намар хүүхдүүд хичээлдээ ирэхэд сургуулийнх нь урд талбайд барилга бариад эхэлсэн байжээ.

Багш нар анхандаа спорт цогцолбороо л барьж байна гэж бодсон юм. Гэтэл хоног өнгөрөх тусам нөгөөх барилга нь олон давхар орон сууц болж хувирсан байна. “Гангар инвест” компани спорт цогцолбор барих газрыг мөнгөөр зодоод авсан нь энэ. Багш нар чадлаараа эсэргүүцсэн ч хүчин мөхөсдөж, аль хэдийнэ өндөр барилга сүндэрлэсэн. Уг нь 31 дүгээр сургууль нийслэлдээ л хамгийн том биеийн тамирын талбайтай, тэр талбайд нь улсын хэмжээний хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг байжээ. Гэтэл одоо хөлбөмбөгийн тэмцээн битгий хэл талбай үлдээгүй байна.Учир нь “Гангар инвест” компанид хэсэг газраа алдаад удаагүй байхад нь мөн л “Сант” сургууль нэг хэсэг газрыг нь дээрэмдээд барилга бариад эхэлжээ. Ингээд үлдсэн алга дарам жаахан газрыг нь “Очир ундраа”-гийнхан булаахыг завдсан байна.

Гэвч багш, сурагчдын тэмцэлийн дүнд барилгын суурь тавихаар ухсан барихаар зэхэж, нүхийг булуулж чаджээ. Тус сургуулийн багш Б.Наранцэцэгтэй уулзахад “Багш нар ажлаа хиймээр байдаг. Хүүхдийнхээ эрх ашгийн төлөө тэмцмээр байдаг. Үнэхээр хэцүү байсан. Гэхдээ тэмцээд ямар ч нэмэр алга.Өнөөдөр хүүхдүүд хохироод, жижигхэн биеийн тамирын талбайтай л болоод үлдэж байна.Тэр үед хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд манай сургуулийн биеийн тамирын талбайд барилга барихыг зөвшөөрчихсөн байсан болохоор ямар ч арга байгаагүй. Тэд бид дөрөв таван жил тэмцсэн. Дээд удирдлагууд бие биетэйгээ аалзны тор шиг хэлхэлдсэн болохоор хаана ч очсон нэгнийгээ өмгөөлөөд байдаг юм билээ” хэмээсэн.

 Тэр үед 31 дүгээр сургуулийг Л.Ариунсанаа гэж захирал удирдаж байсан байна.Гэвч тэрбээр барилга барьж байгааг нэг ч удаа эсэргүүцээгүй. Харин ч бүр “Барилга барихад татгалзах зүйлгүй” гэсэн бичиг өгөөд сууж байсан байна. Л.Ариунсанаа захирлын дараа Д.Чинбат томилогджээ.Гэсэн ч өмнөх захирлынхаа л адил өөрийнхөө эрх ашгийн төлөө дээрх эрхмүүдтэй хуйвалджээ.Одоо тус сургуулийг М.Баттулга захирал удирддаг юм билээ. “Очир ундраа” компанийнхан багш нарт “Байр өгье.Та нар бидний барилгыг бариулчих” хэмээн наймааны санал тавьсан аж. Гэвч багш нар хүүхдүүдийнхээ төлөө тэмцэх болно гэдгээ мэдэгдээд “Бид тийм зүйлд автахгүй. Сургуулийхаа хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйн төлөө барилга барихыг эсэргүүцнэ.

 Хохироод дуусмааргүй байна” гэсэн шаардлага өгчээ.Тус  сургуулийн ахмад багш Б.Чулуунбаатар “Энэ сургуулийн барилгыг булааж авч, хууль зүйл хүнээр хийлгүүлж, өөрсдөө ашиг олж байгаа энэ хоёр байгууллага манай сургуульд их хэмжээтэй нөхөн төлбөр төлөх ёстой. Тэр нөхөн төлбөрөөр нь энэ сургуулийг өөд татах учиртай” гэж байсан юм. Тус сургууль хэдэн жилийн өмнө 1200 гаруй сурагчтай байсан бол одоо 1000 хүрэхгүй болжээ. Есдүгээр ангийн хүүхдүүдийг улаан шугам татаад, шугамны доор жагссаныг нь “МСҮТ-д ор” гэдэг байсан бол одоо тэгж хэлж чадахгүй болсон байна.

  Яагаад гэвэл хүүхэд нь хүрэхгүй болох гээд байгаа аж.Бусад сургууль хоёр гурван ээлжээр хичээллэдэг. Гэтэл 31 дүгээр сургуульд үдээс хойш цэлийсэн хоосон хэдэн анги л үлддэг аж. Энэ тухай Б.Чулуунбаатар багш “Аймшигтай байгаа биз” хэмээн халаглаж сууна билээ.Тэрбээр энэ бол удирдлагуудын буруу, сургуулийнхаа орчныг хамгаалж чаддаггүй, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зүтгэдэг удирдлагууд хүүхдийн эрхийг боогдуулж байна гэдгийг ч хатуухан хэлж байсан. Тус сургуулийн төгсөх ангийн сурагч С.Галбаяртай уулзахад, “Манай сургууль биеийн тамирын ногоон талбайтай бол гоё л доо. Тэгээд ч өөрийнхөө сургуулийн талбай дээр тогловол эрх чөлөөтэй шүү дээ.Даанч талбайнхаа газраас булаалгачихсан.

Бид хааяа гурав, тавдугаар сургуулийн талбай дээр мөнгө төлж тоглодог.Заримдаа гадуурхах тохиолдол ч гардаг” хэмээсэн. Арга ч үгүй биз сурагчдын хувьд чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэх гол газар нь биеийн тамирын талбай шүү дээ. Гэтэл бизнес хийж, мөнгө олж байвал хамаагүй гэсэн бодолтой шунахай сэтгэлтнүүд хүүхдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрхэд халдсаар л байна. Нэгэн сайн жишээг дурдахад, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль. Уг сургуулийн сурагчид нь спортоор байнга манлайлдаг тул хандивын мөнгөөр 2698 кв.м цементэн суурьтай хиймэл ногоон зүлгэн хөлбөмбөг, хоккейн талбай, гүйлтийн резинэн зам зэргийг хийсэн. Мөн 371.4 кв.м бетонон суурьтай торон хашаагаар хүрээлээд байгаа.Энэхүү тохижилтын ажил хийгдсэнээр тавдугаар сургуулийн сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдсэнд бусад сургуулийнхан нь чамгүй ихээр атаархдаг гэсэн. Гэтэл зарим сургуулийн захирал өөрсдөө л баяжих гээд сурагчдаа үл тоож, тэдний өмчийг өөрийнх мэт захиран зарцуулж суух юм.

undesten.mn Б. Цэцээгүн

 

Нийтэлсэн: 2012-09-17 19:49:59

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.