Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 988 буюу 46.6 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандаж автомат хариулагчаас болон оператор ажилтнаас мэдээлэл авлаа. Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн хэмжээнд нийт 953.058 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалт эхэлснээс хойш дүгээр I тунд 898090 /94.2%/, II тунд 493376 /51.8%/ иргэнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. Иргэдээс1800-1200 тусгай дугаарттүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиходPCRшинжилгээ өгсөн байх шаардлагатай юу? -Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах юм. -Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг явахад ямар бичиг баримт шаардлагатай вэ? -Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний 72 цагийн хугацаатай хариутайгаар зорчино. Шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн хүүхэд /0-15 нас/-ээс шинжилгээний хариу шаардахгүй. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу? -Шаардлагатай. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй болон уг халдвараар өвчилсөн иргэд I, II тунгийн вакциндаа хамрагдах хэрэгтэй. -Iтунгаа хийлгээд өвчилсөн тохиолдолд хэдий хугацааны дараа вакцин хийлгэх вэ? -Коронавирус халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнийг батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа II тунгийн вакцинаар дархлаажуулна. I, II тунгаа хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийхгүй. -Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу? -Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байна. -Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хаана хамрагдах боломжтой вэ? -Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 09:00-19:00 цагийн хооронд дархлаажуулалтдаа хамрагдах юм. -Спутник V вакцинд ямар бүлгийн иргэд хамрагдаж байгаа вэ? -Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91.6, 60-с дээш насныханд 91.8 хувийн үр дүн үзүүлж байгаа. Иймээс 65-аас дээш насны 20.000 иргэдийг эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, I тунд хамруулж байгаа. Тавдугаар сарын 21-нээс II тунг хийж эхэлнэ. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Мөнх тэнгэрийн бичиг-2020 монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг Мөнх тэнгэрийн бичиг монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Мөнх тэнгэрийн бичиг-2020 үзэсгэлэнг Жэй Си Дэко Монгол ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шилдэг оролцогчдод өргөмжлөл гардуулсныхаа дараа: Үсгийн урлагийн шилдгүүд, үндэсний бичиг үсгийн зүтгэлтнүүд, бичиг соёлдоо шамдан суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаа монгол бичигтэн сурагч багачууд Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье. Монгол бичиг бол монгол хүн болж төрсөн, монголоороо бахархдаг хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв юм. Монгол бичигтээ дурлаж, өв соёлдоо шимтсэн Та бүхэн бол энэ үнэт өвөө хадгалан хамгаалж, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үйлсийн эзэд билээ. Баяр хүргэе! Миний бие өөрийн биеэр үлгэрлэн хожуу ч гэлээ үндэсний бичгээ сурч, сурсан мэдсэнээ түгээх, өгөхийн тулд хичээл болгон заасныг хүүхдүүд Та нар үзсэн байх гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад албан бичиг, гадаад иргэний шагналын батламж, Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарч буй урилга, талархал, өргөмжлөл, батламж гээд бүхий л баримт бичгүүд монгол үндэсний бичгээр бэлтгэгдэж, хос бичигтэйгээр батлагддаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Мөнх тэнгэрийн бичиг уран бичлэгийн үзэсгэлэн бол монгол бичгийн хүрээнийхний хүсэн хүлээдэг томоохон уламжлалт баяр болсон. Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон үзэсгэлэн маань өнөө жил Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Улаанбаатарын гудамжны мэдээллийн байгууламжуудад дэлгэгдсэн байгаа нь нийслэл хотоо өв соёл, үндэсний агуулгаар чимж байна. Өнөөдөр Мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэнгийн шилдгүүдэд уламжлал ёсоор шагналыг нь гардуулах боломж олдож, Та бүхэнтэй уулзсандаа миний бие туйлын баяртай байна. Үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууд, эрдэмт багш нар, уран бүтээлчдэдээ бүгдэд нь дахин баярлалаа гэж хэлье. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсанд тань гүн талархал илэрхийлж, улам их амжилт ерөөе. Мөнх тэнгэрийн дор монгол бичиг соёл түгээмэл болтугай гэлээ. Мөнх тэнгэрийн бичиг-2020 үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздийн нэрсийн жагсаалтыгэндээсүзнэ үү.

Төрийн байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, ирэх Даваа гараг буюу 2021 оны тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна. Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: СЭЛЭНГЭ, ДАРХАНЫГ УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ОРЛОХУЙЦ МАЛ, АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРЧИМЖСЭН БҮС НУТАГ БОЛГОНО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, Газар агро ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, Арвин хур ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав. Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ. Аймгийн хэмжээнд анхны үрэлгээг дөрөвдүгээр сарын 23-наас хийсэн байна. Орхон сумын ногоочдод тариалалтын дийлэнхийг эзэлдэг луувангийн тариалах, хураах бага оврын трактор, комбайний хангалт, өвөл, зуны хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах орчин үеийн тохируулга бүхий хөргүүрийн системтэй зориулалтын зоорийн аж ахуйг байгуулах, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацааг сунгах асуудлууд нэн тэргүүнд тулгарч байна. Энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна. Газар Агро компани Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангаж, гадаадад экспортод гаргах зорилго тавьжээ. Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ өдрүүдэд үржлийн үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийж буй аж. Арвин хур компанийн хувьд Зүүнбүрэн суманд 4,000 га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дундажаар 4,000-5,500 тн ургац хураан авч аймаг орон нутагтаа жишиг тогтоож байна. Мөн энэ жилийн хаврын тариалалт оройтсон бөгөөд тариалангийн талбайн үрэлгээгээ энэ долоо хоногт эхлүүлж байгаа гэв. Харин Зүүнбүрэн сумын Охиндойн талд ХХААХҮЯ-аас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2020-2026 онд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн хүрээнд 2,760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэн байна. Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60%-д хүрсэн ч малын гоц халдварт боом өвчин гарч байсан голомттой холбоотойгоор судалгааны ажил түр зогссон байна. Хаврын тариалалтын явц, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахдаа Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засагтай эн зэрэгцэх, цаашид өсөн нэмэгдэх, шавхагдашгүй нөөц бүхий эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.