СЭЛЭНГЭ АЙМАГТ КОВИД-19-ИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 94 ХУВЬД ХҮРЧЭЭ
2021-05-14 08:44:33 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн Алтанбулаг боомтын нөхцөл байдал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэж буй дархлаажуулалтын ажлын явцтай танилцлаа. Хилийн Алтанбулаг боомт нь 24 цагийн горимд шилжсэн, олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Боомтоор ердийн үед хоногт дунджаар 1,500-2,000 зорчигч, 500-700 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Оргил ачааллын үед буюу 6-8 дугаар сард өдөрт 2,500-3,000 зорчигч, 800-1000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Засгийн газрын тогтоолын дагуу хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж, бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэн, гадаадын жолоочийн ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд нэвтрүүлэхгүйгээр чиргүүлийг нь хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар зохицуулж байна. Аймгийн болон Мандал сумын гэсэн хоёр нэгдсэн эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн хуучирч муудсан эмнэлэгт Эрүүл мэндийн газар, сувилгаа шаардлагатай хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн хоёр төв байрладаг нь иргэдэд стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулдаг аж. Иймд шинээр эмнэлэг барих, Эрүүл мэндийн газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Эмнэлгийн байранд их засвар, сантехникийн бүрэн шинэчлэлт хийхэд 3,7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд зураг төслийг нь гаргасан байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад аймгийн зорилтот бүлгийн нийт иргэдийн 94,2 хувь нь хамрагдаж нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунд 15.000 хүн хамрагдаад байна. Ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь хил нээгдэх, ачаа, зорчигч тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэхэд чухал юм. Дархлаажуулалтад оролцож байгаа болон халдварын голомтод ажилласан эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цаг, урамшууллыг тухай бүрт нь олгож байна. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд нийт 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Дархлаажуулалтын явц сайн байгаад Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэлж эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барив
2021-05-13 09:56:32 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хуулийн төсөлд: Дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгох, улмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Гэмт хэрэг, эөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан тодорхой торгох ял, зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмг хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байх; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт нь орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын статус болон санхүүжилтийг тодорхой болгох зэрэг зохицуулалтууд туссан байна. Хуулийн төсөл батлагдсанаар цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргээ дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалт, мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарч, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж, ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна. 2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хуулиар иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Түүнчлэн хамт батлагдсан Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг уялдуулах, чиг үүргийг оновчтой хуваарилах, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулахаар тусгагдсантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журам, зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх, зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл, мөн хуульчийн эөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгох, зөвшөөрөл олгох шалгалт, түүнийг зохион байгуулах журам, хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах, хуульчдын бүртгэл, тэдний давтан сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт тавих шаардлага болон сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, хуульч нэрийг хэрэглэх, хуульчийн нийтлэг эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц болон ёс зүйн дүрэм, Хуульчдын холбооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт зэрэг зохицуулалтыг тусгасан байна. 3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл Сүүлийн үед технологийн хурдацтай дэвшлийн үр нөлөөгөөр зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь санхүүгийн инноваци болон үр ашигтай байдал, хүртээмжийг нэмэгдүүлж буй хэдий ч зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гэмт хэрэгтэн, террористуудад мөнгө угаах, эсвэл өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх арга замуудыг бий болгох сөрөг үр дагавар дагуулж байна. Эдгээр технологийн дэвшилт шийдлүүдийн нэг нь виртуал хөрөнгө бөгөөд цаашид энэ төрлийн шинэ санхүүгийн үйлчилгээний тоо ихсэх хандлагатай байгаа юм. Тиймээс ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт Зөвлөмжид тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь виртуал хөрөнгөд нэгэн адил үйлчлэхээр тогтоожээ. Монгол Улс ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн юм. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь тус технологийн шийдлийг буруугаар ашиглах, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хор хөнөөл учруулах магадлал өндөр байна гэсэн үг. Иймд, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХАМГИЙН ЧАНАРТАЙГААР БАРЬЖ ГҮЙЦЭТГЭХ ХЭРЭГТЭЙ
2021-05-13 08:52:14 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллана. Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин автозамыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ автозам барьж буй юм. Хуучин замыг өргөтгөн шинэчлэх автозамын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ. Үүнд: I багц - Улаанбаатраас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км, II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км, III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км, IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км, V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм. Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын автозам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна. Ерөнхий сайд 1, 3, 4, 5 дугаар багцын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзлээ. Нэгдүгээр багцын гүйцэтгэл 85.43%, 3 дугаар багц 69.76%, 5 дугаар багц хэсэгт 70.46%-ийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53км замаас 65.01 км-т хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ. Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв. Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км автозамын барилгын ажил хийгдээгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэлийн талбай дээр ажиллах үеэр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашид дахин тохиолдол гаргахгүйн тулд хар жагсаалт гаргаж, олон улсад зарлах, сайн гүйцэтгэгчдийг алдаршуулах зэргээр ажиллах хэрэгтэй гэдгийг салбарын сайдад анхааруулав. Цааш хэлэхдээ, Эхлүүлсэн автозам барилгын ажлаа бүх хүчээ дайчлан хугацаанд нь дуусгах нь чухал. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж дуусгах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Дархан-Уул болон Орхон аймгийнхан, тус замаар зорчиж буй иргэдээсээ хүлцэл өчье. Шинээр барилгын ажил эхлүүлэхээс илүү эхлүүлсэн төслүүдээ дуусгахыг Засгийн газар зорьж байна. Үүнд автозамын төслүүд багтана. Түүн дотроо Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэлээ. Шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
ДАРХАН ХОТОД ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИХАД ЗАСГИЙН ГАЗРААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2021-05-13 08:48:17 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав. Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ. Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулвал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж. Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж. Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов. Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох Залуус Хороолол нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Шууд: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СЭЛЭНГЭ АЙМАГТ-АЛБАН ТОМИЛОЛТ
2021-05-13 08:33:25 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй