Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү? -Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камерийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагааг 24 цагаар явуулдаг байгууллага. Өдөртөө дунджаар 450 мянга орчим тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах чиг үүргийг Тээврийн цагдаагийн албаны Хөдөлгөөн зохион байгуулах хэлтсийнхэнтэй хамтран өдөр тутамдаа үйл ажиллагаа явуулдаг. 39 хяналтын камерын тусламжтайгаар уулзвар дээр байгаа цагдаа станцаар төв рүү холбогдон, хөдөлгөөнийг удирдан зохион байгуулдаг. -Дэлхийн олон хотын толгойны өвчин болсон асуудал түгжрэл байдаг. Улаанбаатар хот ч мөн ялгаагүй. Энэ чиглэлд хэрхэн ажиллах шаардлагатай гэж үзэж байна вэ? -Зогсоол, түгжрэлийн асуудлыг бүрэн шийдсэн хот байхгүй болов уу. Энэ аргыг хэрэглээд л түгжрэлгүй болгоно гэсэн арга мэдээж байхгүй. Хот болгон өөр өөрийн онцлогтой, жаргал, зовлонтой. Улаанбаатар хотын хувьд ч хөдөлгөөний хэт ачааллыг нэг өдрийн, эсвэл нэг удаагийн үйлдэл, шийдвэрээр шийдчих боломжгүй. Гэхдээ бид бусдын алдааг давталгүй, зөв, оновчтойг нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Жилдээ 85000-95000 тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа. Замын өсөлт, хэрэгжүүлэх бодлого, шийдвэр нь энэ механик өсөлтөө яагаад ч гүйцэхгүй байна. Замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, тээврийн хэрэгслийн тоо, автомашины насжилт, хотын төлөвлөлт, эдийн засаг, хөдөлгөөнд оролцогчдын соёл гэх мэт маш олон аргументыг авч үзэх хэрэгтэй. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад инженерчлэл, хууль эрх зүйн орчинг сайжруулах, соён гэгээрүүлэх гэсэн гурван чиглэлээр томьёолж ажиллах шаардлагатай. Ажлын цагийн уян хатан зохицуулалт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашинаас татгалзах бусад нөхцөлийг сайжруулах гэх мэт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлууд байна. Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд дөрвөн уулын дунд хашигдсан, төв цэг буюу бидний хэлж заншсанаар Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн радиуст их, дээд сургууль, яам, улсын эмнэлэг гэх мэт томоохон 86 байгууллага нэг доор оршиж байгаа нь төв рүүгээ чиглэсэн хэт ачааллыг үүсгэх нөхцөлийг бий болгодог. Цаашид энэ төвлөрлийг сааруулах, төрийн ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, олон төвт үйлчилгээг дэмжих зэрэг томоохон бодлогын ажлууд хэрэгжинэ. -Гэрлэн дохионы асах хугацааг хаанаас, хэрхэн тохируулдаг вэ? -Бүх уулзварын гэрлэн дохионы асах хугацаа, горимыг зохицуулахдаа нэвтрэн өнгөрч буй явган зорчигч болон тээврийн хэрэгслийн тоог цаг цагаар гарган, тухайн өгөгдлийг мэргэжлийн программ хангамжаар тооцоолж хуваарилдаг. Баяр ёслолын болон сурагчдын амралт эхэлсэн үед өглөө, оройн цагийг бодолцон өөр өөрөөр тохируулдаг. Мөн эмнэлгийн түргэн тусламж, галын дуудлага, өндөржүүлсэн хамгаалалттай гаднын зочин төлөөлөгч ирсэн үед, зам тээврийн осол, саатал гарвал цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулан 24 цагаар ажилладаг. -Иргэд замын цагдаа зогсохоор л түгжрэл бий болоод байна гэдэг шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ? -Замын цагдаа байхгүй болчихвол бид дүрмээ баримтлаад зорчоод байж чадах уу гэдгээ өөрсдөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх гол үүрэг юу вэ. Товчхондоо бол хууль сахиулах, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих. Өөрөөр хэлбэл, жолооч нарын үүсгээд байгаа зохиомол түгжрэлийг зохицуулах үүрэггүй. Гэсэн ч жолооч нарын зөрчлийг бууруулах, чагтлаад зогсчихдог уулзварыг зохицуулах гэж үндсэн хяналт шалгалт хийх, хууль сахиулах үүргээ орхиод арга буюу уулзварт орж дохидог. Хотын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг. Зогсох ёсгүй газар машинаа орхиод явдаг. Гэрлэн дохио зөрчих, эгнээ байр солих гээд зөрчлүүд нь хөдөлгөөний аюулгүй байдал болоод ачаалалд сөргөөр нөлөөлдөг. Өөрөө чихэж орж уулзварыг чагталж гацаачихаад л цагдаа нь яачихав гээд байдаг. Уулзварыг чагтлуулахгүй байх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх гэж шар зураасан тэмдэглэгээ хийж, анхааруулах самбар байршуулж, камер суурилуулж, хариуцлага тооцдог. -Тээврийн хэрэгслийн насжилт хөдөлгөөний ачаалал үүсэхэд нөлөөлдөг үү? -2020 оны аравдугаар сарын байдлаарх судалгааг авч үзвэл, нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10 жилээс дээш жилийн насжилттай, 0-6 жилийн насжилттай машин есхөн хувийг эзэлж байна. Автомашины насжилт агаарын бохирдолд нөлөө үзүүлэх, хорт утаа гаргахаас гадна техникийн бүрэн бус байдал бий болгох, зам дээр эвдэрч гэмтэх, унтрах гэх мэтээ түгжрэл үүсгэдэг. Үүнийг дагаад жолооч, зорчигчийн амь настай холбоотой аюулгүй байдлын асуудал яригдаж эхэлнэ. Өвөл насжилт хэтэрсэн халзан дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа нь шууд бус утгаараа заналхийлж байгаагаас ялгаагүй. Ядаж л гүүрэн дээр хий эргээд зогсдог, энэ нь зохиомол түгжрэлийг бий болгодог. -Түгжрэлийг бууруулахад жолооч нар хэрхэн хувь нэмрээ оруулах вэ? -Манай жолооч нарын түгээмэл гаргадаг алдаанууд нь эргээд зохиомол түгжрэлийг бий болгодог. Эгнээ, байр буруу эзлэх, давхар эргэх, орох боломжгүйг харсаар байж тулж ороод уулзвар чагтлах, урсгал сөрөх, нэгдүгээр эгнээнд машинаа орхих, гэрлэн дохиогоор зохицуулалт хийгээд байхад гэрэл улаанаар орчих жишээний. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн тоо хангалттай буурахгүй байна. Осол гэмтлийн 90 хувьд нь суудлын хамгаалах бүс зүүгээгүй байдаг. Түүнчлэн хүүхдийн зориулалтын суудал яагаад зайлшгүй хэрэглэх ёстойг ойлгуулахын тулд олон байгууллага ажилласаар л байна. Хэн ч өнөөдөр аваар осол хийе гэж гэрээсээ гардаггүй. Болзошгүй аюулаас бусдыг болон өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Автомашин бол сэлбэгтэй, хүний бие эрхтэн бол сэлбэггүй заяагдсан шүү дээ. Машинд суусан бол бүсээ зүү, хажууд суусан хүнээ бүсээ зүүхийг шаардах эрхтэй, бас үүрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо Миний хийж байгаа үйлдэл зөв билүү, би бусдад саад учруулаагүй байгаа?, Хотын хөдөлгөөнд оруулж байгаа миний хувь нэмэр юу байна вэ? гэдгийг бүгд дор бүрнээ бодвол сайн сан. ТА-БИ-ТА зарчмаар бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандахад анхаараасай. -Торгууль хэт өндөр байна, торгуулийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна гэсэн гомдлууд гардаг шүү дээ. Үүнд хариулт өгөхгүй юү? -Хөдөлгөөн зохицуулах болон зөрчил илрүүлэх камерууд болон түүнийг удирддаг манай хамт олны зорилго жолоочийг торгохын төлөө биш, жолооч, зорчигчдод хүссэн газраа аюулгүй, саадгүй хүрэхэд нь туслах юм. Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж, замын хөдөлгөөний холбогдох дүрэм, заалтыг зөрчсөн л бол хэн ч бай хариуцлагаа хүлээх л ёстой. Торгууль бол татвар биш, харин захиргааны зөрчил гаргасныхаа төлөө хүлээж буй хариуцлага, шийтгэвэр юм. Өөрөөр хэлбэл, та замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ баримталж оролцвол нэг ч төгрөг торгуульд төлөхгүй шүү дээ. Дүрэм зөрчсөн нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог байж болохгүй. 1.5 сая иргэнтэй зэрэгцэн оршин байгаагаа ухаарч, бусдадаа саад учруулалгүй үйл хөдлөл, үг хэлээрээ энэ хот хэмээх их айлын нэг эд эс гэдгээ алхам тутамдаа ухаарах ёстой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХҮРЭЭНД 330 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Сангийн сайд Б.Жавхлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. 03 дугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээлийг богино хугацаанд олгож байна гэсэн үг юм. Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ 03 дугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол 03 дугаар сарын 22-ны мэдээгээр 41.8 тэрбум болж нэмэгджээ. Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Сангийн яам зээл олгохтой холбоотойгоор Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулна. Зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд хүргэж, оролцогч талуудын уялдааг сайжруулан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх юм. Товч мэдээ - Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон дээрх хуулиудын төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна. - Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм. - Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар оюутан солилцоог баталгаажуулах, ялангуяа анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг бусад оронд сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ. Арменийн анагаах ухааны их сургуулийн диплом нь Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг байна. - Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 10 дугаар сард болно. Ойн хүрээнд Олон улсын боловсролын сайд нарын чуулга уулзалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар болов. Уулзалтаар цахим шилжилт, шинэ зууны иргэн бэлтгэх багш, тэгш хамран сургалт, насан туршийн боловсрол, боловсрол дахь түншлэл зэрэг асуудлыг хэлэлцэж, гэрээ, хэлэлцээр байгуулах юм. Уулзалтад 30 гаруй орны сайд оролцох төлөвтэй байна.

ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Ковид-19 халдварын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар мэдээллээд, цаашид салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэдээллийн нэгдсэн цахим системд нэгдэж, чадварлаг хүний нөөцтэй болох зорилт тавин ажиллаж буйг Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга танилцуулав. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зорилтод ажилд хяналт тавин, үр дүнтэй хэрэгжүүлж, улмаар цар тахлын амаргүй цаг үед ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг Шадар сайд уулзалтын эхэнд онцлов. Мэргэжлийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус, хөндлөнгийн нэгдсэн тогтолцоог хэвээр хадгалах, бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа хийх зэрэг хяналт шалгалтын олон арга, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэж Шадар сайд хэлэв. Тэрээр санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан нэгтгэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно хэмээгээд төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай гэв. Ковидын цар тахлын улбар шар түвшинд шилжсэн хүнд цаг үед эдийн засаг нь сэргэж буй аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг Шадар сайд анхааруулаад, гэхдээ илт хууль бус үйлдэл гаргасан, гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээллэхийг даалгав. Мэргэжлийн хяналтын олон арван шударга зарчимч байцаагчдын хажуугаар тэдний үйл хэргийг нь харлуулж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Ялагуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагаа нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгийг Шадар сайд онцоллоо. Уулзалтын үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Архангай, Булган, Өмнөговь, Хөвсгөл, Төв аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөллүүдтэй цахимаар холбогдог цаг үеийн мэдээлэл авч, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нь сонслоо гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

"Улаанбаатарт 6-7 баллын газар хөдлөлт болбол амжиж анхааруулах систем 1 минутын дотор дуугарна"

Манай улсынгазар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Газар хөдлөлтийн үеийн дохионы талаар Улаанбаатар хот хүн амыннягтаршилихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Газар хөдлөлт болсны дараа нэг минутын дотор иргэдэд анхааруулах юм. Хамгийн дээд буюуулаантүвшиннь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлтболболтухайн систем автоматаардуугарна. Саяны газар хөдлөлтийн тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн. Дуугараххэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй гэдгийгОдон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбатхэлэв. ВИДЕО:

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг хянан хэлэлцэж байгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой шийдвэр гаргаагуй байна. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.