Р.Чингис: Улбар шар түвшинд шилжсэнээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 85 хувь нь ажиллаж байна
2021-03-16 12:13:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдууланшар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллаж байна вэ? -Шар түвшинд 23297 аж ахуйн нэгж, байгууллагын 90903 ажилтан, албан хаагч ажиллаж байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгж, байгууллагын 92 хувийг эзэлж байлаа. Харин улбар шар түвшинд шилжсэнээр 85 хувь нь ажиллаж байна. -Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ тухай мэдээллийг хэрхэн хүргэсэн бэ. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэр хүндрэл гарсан бэ? -Нийслэлийн иргэд цар тахлын үед мэдээллийг цаг тухайд нь авч, ажлаа төлөвлөж сурсан байна. Мэдээллүүдийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бүх цахим сүлжээгээрээ түгээсэн. Шаардлагатай тохиолдолд манай албан хаагчид утсаар холбогдож байгаа. Шар түвшинд зарим салбарынхан хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байсан бол улбар түвшинд 30 хувь болгосон. Тэрнээс үйл ажиллагааг нь зогсоосон салбар байхгүй. Жишээ нь, үзвэр үйлчилгээний газар нийт суудлынхаа тооны 30 хувиас хэтрэхгүй иргэдэд үйлчилж байна. -Шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байна вэ? -Шар түвшинд байхад өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар хэм хэмжээнийхээ хүрээнд шалгалтууд хийж, түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, QR код байршуулаагүй, хүн хоорондын зай бариулаагүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй гэх мэт зөрчил илэрч байлаа. Тоо дурдвал, нийт 60741 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл шаардлагуудыг хүргэн, сурталчлан, хэрэгжилтэд хяналт тавьж 4106 зөрчил илрүүлэн, 2580 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. -Аж ахуйн нэгжүүд дэглэмээ хэрхэн мөрдөж байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага бий юү? -Удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нь сануулсаар байтал арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжийн олонх нь халдвар хамгааллын дэглэмээ хангаж, бидний шаардлагыг биелүүлэн ажиллаж байна. -Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Бид ч мөн бизнес эрхлэгчдийг дэмжин, хөл хориог бага тогтоож, хүнд суртал гаргахгүйгээр ажиллуулах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагад өгсөн. Мөн орлогогүй иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна. Нийслэлд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжид өөрсдийнхөө бололцоо, хэмжээнд тусламж, дэмжлэг үзүүлэхээр бүх талын арга хэмжээ авч, ажиллаж байна. -Хөрсөн дээр хэрэгжилт ямар байна вэ? -Мэдээж амьдрал дээр хэрэгжихэд тодорхой хэмжээний хүндрэлүүд үүсдэг. Бид үүнийг шийдэхийн тулд гомдол хүлээн авах утас ажиллуулж байна. Иргэдийн гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Гэвч харамсалтай нь хүн бүрд шууд хүрч ажиллаж, засаж, залруулж чадахгүй байна. -Хүнсний тусламж үзүүллээ гэлээ. Гэвч төрийн албан хаагч хүнсний тусамж авч байна гэх мэдээлэл гарсан. Хүнсний тусламж зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ? -Ийм асуудал мэр сэр гардаг. Бид тэдгээр хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авч байгаа. Аль болох шат шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, хороо, хэсгийн ахлагч гэх мэтчилэн хүмүүст тодорхой чиглэл өгч байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр өргөн хүрээтэй ажил зохиож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана. -ПСР-ын шинжилгээ өгье гэхээр цаг нь дуусчихсан, утсаа авдаггүй гэх мэт гомдол их гарч байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? -Нэг хаалга-Нэг шинжилгээ үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөө орон нутаг руу зорчих, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авах зорилготойгоор дүүрэг бүрд ПСР шинжилгээний цэг ажиллуулж байгаа. Харамсалтай нь, байгууллага бүр ПСР шинжилгээ шаардаж, ачаалал нэмсэн. Бид үүнийг шийдэхээр шинжилгээний цэг, хүн хүчээ нэмсэн. Хүн бүр ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүйг иргэд ойлгох хэрэгтэй. ПСР шинжилгээ өгсөн нь халдвар авахгүйн баталгаа биш. Гол нь амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих иргэд л ПСР шинжилгээ өгөх шаардлагатай. -ПСР-ын шинжилгээг төлбөртэй авна гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? -Энэ асуудал яригдсан. Улс орныг хамарсан цар тахлын үед шинжилгээг төлбөртэй авах нь зохимжгүй, хуулиараа хориотой. -Вакцинжуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ? -44 цэг ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байгаа. -Эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? -Энэ асуудлыг УОК, НОК дээр хөндөж, резидэнт эмч нарыг дайчлан ажиллуулж, илүү цагийн мөнгө, хоол, хүнсний асуудлыг шийдэж байна. Мөн амралтын асуудлыг ч ярьж байгаа. Эмч нар 24 цагаар ээлжилж ажиллаж байна. ЭМЯ, УОК эрүүл мэндийн ажилтнуудаа нэг өдөр амраая гэх зүйл ярьсан. Гэхдээ вакцинжуулалтын ажлыг алдагдуулахгүйгээр, сэлгээд ажиллуулна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулж, аравдугаар сарын 10-нд товлов
2021-03-16 12:04:18 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ‑ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэв. Уг саналд Монгол Улсын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин, УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, нийслэлийн Засаг даргаар томилогдсон. Гурван мандаттай тус тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-н буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй хамтатгах шийдвэрийг УИХ гаргасан билээ. Гэвч хоёр өөр хуулиар зохицуулагддаг сонгуулиудыг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй тул санал авах өдрийг өөрчлөх саналыг СЕХ-ноос гаргажээ. Уг саналыг байнгын хороогоор хэлэлцээд 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр товлов. Байнгын хорооны боловсруулсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн эцэслэн батлана.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ
2021-03-16 10:25:59 Нийтлэгдсэн: Улс төр
Өнөөдөр УИХ дахь хоёр Байнгын хороо хуралдана. Тодруулбал: 1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдаж. дараах асуудлыг хэлэлцэнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Байнгын хорооны даргыг томилох тухай; Бусад /Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэх/.
УИХ-ын гишүүн С.Батболд эмгэнэл илэрхийлж, Дундговь, Говьсүмбэр аймагт 200 сая төгрөг хандивлахаар болжээ
2021-03-15 19:11:20 Нийтлэгдсэн: Улс төр
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон тооны айл өрх орон гэргүй болсон, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлж, орон гэргүй болсон иргэдэд гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт хувиасаа 200 сая төгрөг хандивлах болсон байна.

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2021.03.15)10 цаг 00 минутад 74 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Мөн Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцлоо. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан учир хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгааг онцлоодМонгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна гэв. Түүнчлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг хонгилын гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсаныг онцлоод Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналтын дор зохион байгуулахыг хүсэхийн зэрэгцээүүнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт чухлыг цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, энэ удаагийн чуулганаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстойгдурдаадҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Миний бие УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа нь буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготой гэдгээ мэдэгдлээ. Хаврын чуулганы хэлэлцэх асуултын жагсаалтад багтсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Боловсролын болон Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулиуд, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай зэрэг нэн чухал хуулиудыг дараагийн чуулганд шилжүүлж, эрх зүйн хувьсгалын үнэ цэнийг, эх орон, ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж болохгүйг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. ТүүнчлэнОюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 92-р тогтоолын зүйл, заалт бүрээр Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа. Энэ ордын ашиглалтад юуны өмнө Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байна. Эхний нааштай үр дүн ч гарч эхэлсэн гэдгийг онцлов. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд,Бид Монгол эх орныхоо сэргэн мандалтын гараан дээр, түүхэн цаг үед амьдарч байна. Шинэ зууны, шинэ Монголын хөгжил дэвшлийн гарааг эхлүүлэх хувь зохиол бидэнд ногдсон байна.Энэ эрхэм хүндтэй үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, эвийг нэгтгэн, зөвийг зорих, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраан мандуулахын төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриалав. Дараа нь Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй