Дэлхийн банктай хамтран авто замын түгжрэлийг бууруулна

​ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн, тодруулбал, иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцууллаа. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны нарийвчилсан зөвлөмжөөс тусгагдсан гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд зам, тээврийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, ухаалаг тээврийг цогцлооход Дэлхийн банк хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа дуулгав. Улмаар зам, тээврийн салбарын хөгжлийн төлөө бодит дэмжлэг үзүүлж, идэвхитэй хамтран ажиллахаа тэмдэглэлээ. Эх сурвалж: ЗТХЯ

МАН-ын удирдах зөвлөлөөс Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нарыг 100 хувийн саналаар дэмжив

​ Төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ. Хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг тус тус 100 хувийн саналаар дэмжсэн байна. Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. НИТХ-ын хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Ерөнхий сайд захирамж гаргаснаар хотын дарга томилогдоно. Харин НИТХ-ын даргыг сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно хэмээн хуульд заажээ.

БНХАУ-д Монголын ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг бүрэн хүлээлгэн өглөө

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэд, малчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал ирэлхийлье. Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай гэв. Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ. Эх сурвалж: ХХААХҮЯ

Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр 7:00 цагт эхэллээ. Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зэх зээлд татваргүй гаргахад чиглэгдсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлагдах ажил хүлээгдэж байгаа талаар, мөн хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлэв. Америкийн талаас зөвлөлдөх уулзалтыг нээж Эдийн засаг, бизнесийн харилцаа хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх үг хэллээ. Энэхүү Гуравдахь удаагийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад СЯ, ХЗДХЯ, Монгол Банк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаараа байр сууриа илэрхийлж, танилцуулга хийнэ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгохоор болжээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. ...Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ... гэж заасан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ийнхүү шийдвэрлэжээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батбаярын Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ...Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ... гэж заасан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Эх сурвалж: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.