Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ААН, байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 10 дугаар сарын 1-нээс зогсооно

​ Иргэний тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аж ахуйн нэгж болон байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоохоор болжээ. Иймд лавлагааны хүсэлтийг хүлээж авахгүй гэж УБЕГ-аас мэдээллээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ тухай шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

​ ​ Орон нутгийн ИТХ-ынсонгуулийн сурталчилгаа маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэдүнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заажээ.Үүнд: сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах; нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах; хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах; сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; ухуулах байр ажиллуулах; радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах; цахим орчин ашиглах; өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна. АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС 47 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох 47.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх; 47.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх; 47.1.3.сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах; 47.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх; 47.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах; 47.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах; 47.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх. 47.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй. 47.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно. 47.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно. 47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх; 47.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх; 47.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах; 47.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах; 47.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах; 47.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах. 47.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэний шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй. 47.7.Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй. 47.8.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. 47.9.Дахин болон нэмэлт санал хураалт дуусах хүртэл хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно. 47.10.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно. 47.11.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно. 47.12.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 47.10-т заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 47.9, 47.10-т заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана. 47.13.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 45.13, 47.1.7, 47.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. 47.14.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно. 47.15.Энэ хуулийн 47.13-т заасан зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авч болно.

Батлан хамгаалах яам алба хаагчдадаа 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууц олголоо

​ Батлан хамгаалах салбарын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийнхөнгөлөлттэйүнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраасгардан авлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Өнөөдрийн байдлаар тус яам 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчлахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгоод байна. Тус яам 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчлахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгожээ. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 21,7 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, 4 хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10,3 хувь нь айлын байр, хашаа байшин хөлслөн амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Иймд албан тушаалын орон сууцнуудыг хувьчилснаар цэргийн алба хаагчид өөрийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн алба хаагчид албан үүргээ сэтгэлхоёрдолгүйгүйцэтгэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бий болохоос гадна хувьчилж авсан орон сууцаа ашиглах, захиран зарцуулах, өв дамжуулах зэрэг олон давуу тал бий болох юм. Эх сурвалж: БХЯ

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

​ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийлээ. Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийв. Бэлчээр, зудын эрсдэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухай, Мах, мал бэлтгэлийн тухай, Отор нүүдэл, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөний талаар яамны холбогдох газрын дарга нар мэдээлэл өглөө. Цахим хурлын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд: Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэгбүрчлэн хамруулах, Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах, Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Эх сурвалж: ХХААХҮЯ

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Орхон аймгийн иргэн Д.Энхбат: Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний боловсролын асуудал хүндхэн байгааг олон удаагийн сонгуулийн үр дүн, нийгмийн хандлага, нийгмийн хөгжлийн чиг баримжаа хаашаа явж байгаагаас эхлэн бодох ёстой болжээ. Тийм учраас Эрдэнэт хотод иргэдийн дунд иргэний боловсролын хөдөлгөөнийг өрнүүлье гэж шийдсэн. Манай Эрдэнэт хотын залуучууд болон ахмад үеийн төлөөлөл болж би энийг ажлыг санаачилж байгаа. Монгол Улсад иргэний боловсролын аян, хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ? Болж өгвөл энэ ажилд, бүх нийтээрээ монгол бичгээ суралцах ажилд ханцуй шамлан орвол ямар вэ? Мөн орчин цаг үетэй нийцсэн, иргэн хүний заавал эзэмшсэн байх боловсрол байна. Энэ боловсролыг олгохыг хичээж, иргэний боловсрол гэдэг хөдөлгөөнийг орон нутгаас санаачилж, Эрдэнэтээс эхлүүлэх тухай санал солилцсон. Энэ хөдөлгөөнийг хэрхэн яаж зохион байгуулах, улс төргүй, намын харьяалалгүй, иргэдийн боловсролын үндэсний академи байгуулах тухай санал, санаачилгыг гаргасан төсөл байгаа юм. Энэ төслийг Танд танилцуулж, ажлын амжилт хүсье. Орхон аймгийн иргэн Батсайхан: Энэ нутгийн фракц гээд аюултай асуудал яригдах юм. Засаг дарга, орлогч, төрийн сангийн дарга, өмчийн албаны дарга нь Архангайнх. Манайд Эрдэнэт Ус, хот тохижуулах гээд томоохон хоёр компани байдаг. Хоёулангийнх нь захирал Архангайн хүмүүс. Ийм байж болдог юм уу? Энийг яамаар юм бэ? Би өөртөө л тохиолдсон жишээг ярья. Цэцэрлэгт манаачаар оръё гээд эрхлэгчтэй нь очоод уулзахад надад ингэж хэлсэн. Та багш юм уу, эмч бол ажилд авч болно. Манаач авах асуудал байдаггүй ээ. Тэрийг захиргаа мэддэг гэж хариулж байна лээ. Бүр ийм болчихсон байна. Орхон аймгийн иргэн Цэцэгмаа: Энэ тэтгэвэр тогтоох аргачлал буруу байна аа. Таван жилээр тогтоодог байсан бол долоон жил болсон. Гайгүй тэтгэвэр тогтоолгох гэж байсан хүний тэтгэвэр улам доошилж, эмзэг бүлэгт шилжихэд маш ойрхон болж байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн шинэ бодлогод ийм заалт орчихоод байна. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нөхөн тооцдог тооцолт байна шүү дээ. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татвар төлөлтийн бичиг гэж яриад байх юм. Татвар төлөлтийн бичигтэй хүн бараг байхгүй. 1990 оноос бид намын харьяаллаар дөрөв, дөрвөн жилээр алба хашаад явчихсан. Нэг нам гарахад тэр намын хүмүүс ажиллаж, нөгөө нам гарахад нөгөө намын хүмүүс ажилладаг. Тогтвортой ажилласан хүн бараг байхгүй. Хуульд нь өөрчлөлт оруулж өгөөч гэж Танаас хүсмээр байна. Орхон аймгийн иргэн О.Отгонтөгс: Залуусаа дэмжих үндэсний хөдөлгөөн бий болгомоор байна. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа эхний нэгээс хоёр жилд нь татвараас чөлөөлөөд өгчих. Нэгээс хоёр жилийн хугацаанд тэд нар чинь татвараас холдоод шалихгүй. Нэг их мөнгө авахгүй. Гэхдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ жилдээ 20 сая төгрөг болгочих гэхээр татвараас залгаад Та яагаад татвараа төлөөгүй байгаа юм бэ гэдэг. Ковид-19 гараад юм зараагүй юм чинь би яаж татвар төлөх юм бэ? Орхон аймгийн иргэн Т.Соёл-Эрдэнэ: Манай Орхон аймгийг Үндсэн хуулиар Эрдэнэт хот болгосон. Зарим хүмүүс нь Эрдэнэт хотын иргэд гэж ярьж байгаа байх. Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн жар, жаран нэгдүгээр зүйл гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн хууль, Үндсэн хуульд оруулсан заалтууд зөрчилдөөд байна. Зөвхөн орон нутаг гэдэг заасан ч бусад хуульд хот гэсэн статус байхгүй. Эрдэнэт хот сүүлдээ тоглоомын хууль болох гээд байна уу гэж санаа зовж байна. Таны өргөн барьсан хуульд энэ заалт байсан боловч батлагдахдаа энэ заалтууд алга болчихсон байсан. Тэгэхээр хот гэдэг асуудлыг Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд баараггүй зөв заасан уу гэдгийг танаас асуумаар байна. Орхон аймгийн иргэн Ч.Алтан-Оргил: Би Эрдэнэт хотод амьдраад 24 жил болж байна. 22 жил үйлдвэрлэл эрхэлж, улсад нийтдээ 30 жил ажилласан хүн. Ажлаа хийж байгаад тэтгэвэрт гарсан чинь өнөөдөр монгол хүмүүсийн унаган дархлаа байхгүй болчихож. Бид яагаад дархлаагүй болчихов оо гээд би өөрийн эрхгүй эмзэглэж байна. Би ээж хүн. Ээж гэдэг нэрээс халиад эмээ болсон. Би гурван ач, зээтэй. Коронавируст халдвар гарснаас хойш энэ асуудал миний толгойд харвасан сум шиг орж ирсэн. Монгол хүний унаган, төрөлх дархлаа хааччихав аа? Дөчөөс дээш насны бидэнд унаган дархлаа байна. Гэтэл бидний хүүхдүүд нэг настай ишиг, хоёр, гурван настай ямаа гэж нэрлэж байна. Бид хүүхдүүдээ яаж өсгөх ёстой вэ? Энэ эмзэгхэн хүүхдүүдэд эх орноо яаж үлдээх вэ гэж бодохоор миний авах, гээхийн ухаан арилсан. Монгол хүний унаган, төрөлх дархлааг үүсгэхгүй бол хойшдоо үр хүүхэд минь яах вэ? Бид яагаад ийм залхуу ард түмэн болчихов оо? Орхон аймгийн иргэн Тунгалагтамир: Төрийн албан хаагчдын тал дээр ярихад хүнд суртал арилаагүй байгаа. Би гучин настай залуу хүн. Иргэн хүний 0.7 га газраа авах гэхээр мэддэг хүн байхгүй байна. Ямар ч газарт ороод бичиг хэргээс нь юм асуугаад, хөөцөлдөөд явж байгаа юм аа гэхээр мэддэг хүн алга. Тэр хүмүүс тэнд юу хийж суугаа юм бол? Дипломтой, мэргэжилтэй, хүн дайрч унагаах нь холгүй хүмүүс байх юм. Төрийн албан хаагчдын шалгалт гэдэг зүйл дүрмийн дагуу явдаг юм уу? Үнэхээр боловсролтой, урдах ажилдаа эзэн болсон, би энэ ажлыг хийж чадна гээд ажилд орсон хүн байдаг юм болов уу? Эсвэл ах, эгч нь хөтөлж аваачаад оруулчихсан юм болов уу? Би энэ талаар одоог хүртэл ойлгодоггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, Цаашид би хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсож, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж ажиллана. Үүнд Та бүхэнтэй хийж буй уулзалт маш чухал. Иргэд Та бүхэн босоод төрийн бодлогыг хатуу шүүмжилж байвал бүгдээрээ санаа нэгтэйгээр Улсын Их Хурал, Засгийн газарт Та бүхний саналыг уламжилж, хамтран ажиллана гэлээ. Мөн иргэдийн бусад асуултад хариулт өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгаас эхлүүлсэн. Улмаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх цуврал уулзалтууд үргэлжилж байна. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.