Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлэв
2020-01-17 11:45:39 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний хүүхэд гэмтээгүй байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9 Онхолдох хэлбэрээр-2 Мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.01.13-ны өдрийн 17:35 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг /аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 31 настай, эрэгтэй Х нас барсан. 2020.01.15-ны шөнийн 22:30 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 4-р баг Дараагийн хөндий гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20 км-т/ асфальтан замд Toyota Carina маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эмэгтэй, О нас барсан. 2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан. 2020.01.16-ны шөнийн 01:00 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг Майнтын хошуу гэх газар /Сумын төвөөс урагш 8 км-т/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэйТ нас барсан хэргүүдийг тус тус шалгаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6,8 хувиар тус тус өсч, гэмтсэн хүүхэд 3 дахин буурч, хүний амь нас хохирсон хэрэг 2 дахин өссөн байна. Энэ 7 хоногт согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол, хэрэг 11 бүртгэгдсэн байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Цахилгааны үнээ нэмэх үү? Шарын голын нүүрсний уурхайн удирдлагууд тансаглалаа хумих уу?
2020-01-16 14:34:33 Нийтлэгдсэн: Халуун сэдэвШарын голын уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар тэргүүтэй найман хүн жагсаал цуглаан хийж, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Шарын голын уурхайг дампууруулан, 500 уурхайчныг ажил амьдралгүй болгох гэж байна гэсэн утга агуулгатай мэдээллийг тарааж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Гэвч сурвалжлагыг бэлтгэх явцад маргаантай, бас анхаарч үзүүштэй олон зүйл гарч ирж байсан юм. Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшинээс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршдог. Улаанбаатар, Дархан хоттой төмөр зам, авто замаар, төвийн бүсийн эрчим хүчний системтэй 110 кВ-ийн шугамаар холбогдсон. Дэд бүтэц сайн хөгжсөн газар. Нүүрсний уурхайн барилга байгууламжийг ЗХУ (хуучин нэрээр)-ын техник эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1965 оны 04-р сарын 06-нд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлож, 5.0 сая шоо метр хөрс хуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд оруулсан байна. 1981 оноос хүчин чадлыг өргөтгөн жилдээ 10000 мян.шоо метр хөрс хуулан, 2000-2500 мян.тн нүүрс олборлохоор шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Гэвч 1995 оноос тус уурхай хувьд шилжиж, гурван ч удаа үнэт цаас нэмж гаргасан гэхээс өөр ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан, төрийн мөнгөөр хайгуул хийсэн, төрийн өмч байх ёстой уурхай ямар аргаар, хэрхэн хувь хүмүүсийн өмч болсон гэдэг нь тодорхойгүй. Албан бус эх сурвалжууд Шарын голын нүүрсний уурхайн томоохон хувьцаа эзэмшигчид Хөвсгөл аймагт байрлах Могойн голын нүүрсний уурхайн их хэмжээний хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээллийг өгч байна. ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЦАХИЛГААН СТАНЦУУДАД НҮҮРСЭЭ БОРЛУУЛДАГ Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний эвлэлээс Шарын голын уурхай бол компанийн статусын хувьд хувьцаат компани буюу хувийн өмчийн компани юм. Өөрөөр хэлбэл, тус уурхайн борлуулах нүүрсний үнийг төр тогтоох эрх зүйн үндэсгүй гэдэг гомдол тавьж байгаа. Тэгвэл Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог хянадаг юм байна. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу л ажлаа явуулж байгаа болохоос биш Шарын голын уурхайг дампууруулахын тулд зориуд, сайн дураараа үнийг нь бариад байгаа зүйл байхгүй бололтой. Нөгөө талаар ганцхан Шарын гол ч биш дулааны станцуудад нүүрс нийлүүлж байгаа Багануурын нүүрсний уурхай, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Адуунчулууны нүүрсний уурхай гэх мэт маш олон хувийн хэвшлийн уурхайн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянаж тогтоодог.аж. Энэ хүснэгтээс үзвэл Шарын голын нүүрсний уурхайн нүүрс нийлүүлж байгаа өртөг хамгийн өндөр байгаа нь харагдаж байна. ШАРЫН ГОЛЫН УУРХАЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ТУСАМ ЗАРДАЛ НЬ ӨСДӨГ Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн 1 тонн нүүрсний үнийг 2016 онд 6,500.0 төгрөгөөр, 2018 онд 2,000.0 төгрөгөөр, 2019 онд 2,000.0 төгрөгөөр тус тус нэмжээ. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш Шарын голын нүүрсний уурхайн нүүрсний үнэ дөрвөн жилийн дотор 10,500.0 төгрөг буюу 35.0 хувиар нэмэгдээд байгаа юм байна. Гэвч үүнийг уурхайчид чамлан, Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн хоёр жилд нийтдээ 4,000.0 төгрөгөөр л нүүрсний үнэ нэмсэн. Хүүхэд хуурч байгаа юм шиг бага мөнгөөр нэмлээ гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдэл хийсэн. Тэгвэл энэ мөнгө бага уу их үү гэдгийг тооцоолж үзлээ. Дээрх хүснэгтээс харахад Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500 төгрөгөөр нэмж, тус уурхайн борлуулалтын орлого 4.9 тэрбум төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 2.2 тэрбум төгрөгөөр, 2019 онд дахин 2000 төгрөгөөр нэмж, борлуулалтын орлого нь 2.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Шарын голын нүүрсний уурхайн борлуулалтын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 9.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Энэ бол бодит тоо. Энэ бол их мөнгө. Гэвч нүүрсний үнийг нь нэмэх тусам Шарын голын уурхай зардлаа аж. Тодруулбал, 2018 онд тус уурхайн Удирдлагын зардал нийт зардлын 2.7% буюу 1 тэрбум 454 сая төгрөг байжээ. Гэтэл 500 уурхайчныхаа нийгмийн зардалд Шарын голын уурхайн удирдлагууд 555 сая төгрөг төсөвлөсөн байна. Шарын голын нүүрсний уурхайн удирдлага гэх цөөхөн хүн өөрсөддөө 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн хэрнээ үүнээс бараг 3 дахин бага мөнгийг уурхайчдынхаа нийгмийн асуудалд зарцуулах тооцоо хийжээ. Бүр цаашилбал 2013, 2014 онуудад тус уурхайн удирдлага 5 тэрбум гаруй төгрөгийг өөрсдөдөө зарцуулж байсан гэх мэдээлэл байна. Мөн өнгөрсөн жилүүдэд уурхайн удирдлагууд өөрсдийгөө асар их мөнгөөр шагнадаг байсан байна. Үүнийг удирдлагуудын тансаглал гэж нэрлэхээс өөрөөр нэрлэх арга алга. Үүнээс гадна Шарын голын нүүрсний уурхайн нүүрсний борлуултын орлого нь үнэ тарифын зохицуулалтын үр дүнд өнгөрсөн 2018-2019 онд нийтдээ 4.4 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ. Гэтэл тус уурхай орлогыг нь нэмэхээр зардлаа өсгөдөг гажиг тогтолцоотой. Жишээлбэл тус компани 2018 онд 42 тэрбум төгрөгийн зардалтай ажиллажээ. Харин 2019 онд буюу нэг жилийн дотор энэ зардал 13 тэрбум төгрөгөөр огцом нэмэгдэж, 55 тэрбум төгрөг болж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа ч ямар ч бодитой баримт, нотлох зүйлийг Эрчим хүчний зохицуулах хороонд огт ирүүлээгүй байна. Зөвхөн түлшний зардалд гэхэд тус компани 2019 онд 10.6 тэрбум төгрөгийн зардал гаргана гэж тооцсон боловч хэдэн машин механизмд зориулан хаанаас ямар үнээр хэчнээн хэмжээний түлш авч ашиглах талаар ямар ч мэдээлэл байхгүй байх юм. Бусад зардлуудын хувьд ч үүнтэй яг адил тодорхой мэдээлэл гаргаж өгөөгүй байна. Мөн уурхайн удирдлагууд 2019 онд хөрс хуулалтад их хэмжээний мөнгө зарцуулсан гэж амаар ярьж байгаа боловч Уул уурхайн яамаар батлуулсан уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлтэй холбоотой нэг ч баримт ирүүлсэнгүй. Ийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн удирдлагуудтай өнгөрсөн оны сүүлээр уулзалт хийж, нүүрсний үнийн тооцоолол, тавигдах шаардлага, нотлох баримтуудыг ирүүлэх, шаардлага хангасан тооцоолол ирүүлсэн нөхцөлд үнийн тооцоог хянах боломжтой гэдгээ мэдэгдэж, холбогдох зөвлөгөө өгч байжээ. Гэвч уурхайн удирдлагууд энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Үнэ нэмж өг гэсэн мэдэгдэл ирүүлж, сүүлдээ Хувийн компанийн нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоох ёсгүй гэх мэт улаан цайм хууль зөрчсөн үйлдэл гаргаж, эцэс сүүлд нь бослого тэмцэл маягийн зүйл зохион байгуулах болжээ. Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг л хянадаг. Харин нүүрсний уурхайнууд гадаад зах зээл дээр болон жижиглэнгээр худалдаалж байгаа нүүрснийхээ үнийг өөрсдөө тогтоодог юм байна. Тус уурхайн удирдлагууд үргүй зардлаа танаж, уурхайчдынхаа ахуй амьдралыг бодож, төсөв төлөвлөгөөгөө зөв гаргаж, Эрчим хүчний зохицуулах хороонд хууль дүрмийн дагуу үндэслэл тооцоотой, нотлох баримттай тарифын саналаа ирүүлэхгүй байж асуудлыг гэнэт улс төржүүлж эхэлжээ. Тус уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар Төрийн өмчит уурхайнуудад төрөөс татаас өгдөг. Гэтэл Шарын голын уурхайчид л хохирч үлддэг гэж мэдэгдсэн. Энэ талаар тодруулахад Багануур, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит уурхайнууд төрөөс ямар нэгэн татаас авахгүйгээр, Шарын голын нүүрсний уурхайгаас 20-40 хувийн хямд үнээр нүүрсээ станцуудад нийлүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Шарын голын нүүрсний уурхай бол хувийн, тодруулбал хувьцаа эзмшигчдийн өмч. Тус компанийн цахим хуудаснаас харахад Шарын голын уурхайн 10.170.242 ширхэг хувьцааг 1055 хувьцаа эзэмшигч эзэмшдэг бололтой. Гэхдээ хувьцаа эзэмшигчид нь уурхайг буюу өөрийнх нь өмч хөрөнгийг харж хандах, аривжуулж байх учиртай удирдлагууд нь өөрсдийгөө шагнаж, их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулж, төсөв төлөвлөгөө гэх зүйлгүйгээр зардлаа өсгөж байгааг мэддэг болов уу гэсэн бодол энэ дашрамд төрснийг нуугаад яахав. ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ НЭМЭХ ҮҮ? ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН УДИРДЛАГУУД ТАНСАГЛАЛАА ХУМИХ УУ? Өнөөдөр яг ийм асуулт урган гарч ирээд байна. Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний хорооны зүгээс нүүрсний үнэ бодит өртгөөс 4000-6000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг гэдэг хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж байгаа боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир Эрчим хүчний зохицуулах хороо тус компанийн нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй гэж мэдэгдэж байна. Хэрвээ шаардлага хангаагүй үнийн тооцоогоор Шарын голын уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд төвийн бүсийн 575000 гаруй хэрэглэгчийн цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд 2.0 төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Сэтгүүлчид Шарын голын нүүрсний уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатараас Танай компани хуулийн дагуу тарифын саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлээгүй байна. Энэ талаар та мэдэж байгаа юу? хэмээн асуухад Мэдэхгүй. Наад асуудлаа манай удирдлагуудтай л ярь хэмээн хариулж байх юм. Шарын голын нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Ө.Хишигсүх тэргүүтэй удирдлагууд нь өөрсдөө Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрмийг зөрчин давуу эрх эдлэх сонирхолдоо хөтлөгдөн өнөөдрийг хүртэл шаардлага хангасан тарифын саналаа ирүүлээгүй байгааг жагсаал, цуглаан хийж байгаа уурхайчид нь даанч мэдэхгүй явцгааж байна. Тус уурхайн Үйлдвэрчний хороо уг нь Эрчим хүчний сайд болон Зохицуулах хорооны дарга нар руу дайрч, жагсаал цуглаан маягтай зүйл хийхийнхээ оронд ажлаа мэддэггүй, мэдсэн ч хийхийг хүсдэггүй удирдлагуудтайгаа хариуцлага тооцох, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцэх учиртай баймаар Үйлдвэрчний эвлэл гэдэг улс төрчдийн бие биендээ гаргаж барьдаг мод биш гэдгийг эрхбиш ойлгох байлгүй дээ. Эрчим хүчний үнэ тариф гэдэг эдийн засгийн суурь үнийн нэг. Иймдээ ч Эрчим хүчний зохицуулах хорооноос бусад эрчим хүчний үйлдвэр, компаниудын цахилгаан, дулааны үнийг холбогдох аргачлал, журмын дагуу бодит мэдээлэл, баримтад тулгуурлан хянаж тогтоох замаар үйлдвэрлэгч, компани, хэрэглэгчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангадаг юм байна. Тиймээс ажлаа мэддэггүй, хууль дүрэм журмаа судлаагүй, үл ойшоодог, холбогдох дүрэм журмын дагуу асуудлаа гарган тавьж чаддаггүй Шарын голын нүүрсний уурхайн удирдлагуудаас болж эрчим хүч хэрэглэгчид болон уурхайчид хохирох учиргүй. Б.Чулуун
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал-д оролцоод ирлээ. Энэ удаагийн дэлхийн өвлийн хотуудын бага хурал олон улсын цас мөсний баярын хүрээнд зохион байгуулагдсан. Бага хуралд Харбин хотын дарга Сүнь Жө болон ОХУ, БНСУ, Монгол, Герман, Япон зэрэг 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцож, өвлийн хотуудын ухаалаг бүтээн байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм. Оролцогчдын нэгдсэн санал хураалтаар нүүрстөрөгч багатай эрүүл хотыг бүтээн байгуулах, дижитал технологийг хотын менежментэд нэвтрүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн хотуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгож, хотуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, технологи, боловсрол, соёл, ухаалаг хотын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг урагшлуулах уриалга бүхий Харбин хотын санаачилга-ыг батлав. Бага хурлын үеэр Харбин хотын шинэ чөлөөт бүсийн танилцуулга хийгдсэн юм. Шинэ чөлөөт бүс нь нийт 493 ам км талбайг хамрах бөгөөд мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж, соёл аялал жуулчлал, эко хүнсний үйлдвэрлэл, эм тариан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөгджээ. Мөн хурлын үеэр ЭтиопУлсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Итали Улсын Калабрия бүсийн Бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан илтгэл тавилаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх ноён Цүй Юйпинтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Гадаад харилцааны газрын удирдлагуудад Улаанбаатар хотын тухай товч танилцуулж, уур амьсгалын хувьд ижил төстэй байдгийн хувьд хоёр хот цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв. Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх Цүй Юйпин нь урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой найрамдалт хотын харилцаа тогтоох саналыг дэвшүүлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Элчин сайд Р.Болд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай уулзав
2020-01-16 11:35:34 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай уулзаж хоёр талын харилцааны түвшинг ахиулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, энэхүү чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү зорилгоор Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Турк улсад ойрын хугацаанд айлчлахыг урьж буйгаа Элчин сайдад илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд үг хэлж, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа
2020-01-16 10:56:50 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Мөн чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав. УИХ-ын даргын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг товчлон толилуулж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатарынАзи, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд хэлсэн үг Нэгдсэн хуралдаан: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь (2020.01.15 Канберра хот) Эрхэм парламентчид аа, Хүндэт төлөөлөгчид өө, Юуны түрүүнд, бид бүхний санаа зовних нийтлэг асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэлэлцүүлэхээр дэлхийн парламентчдыг хамтад нь хуран цуглуулдаг чухал уулзалт болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын 28 дугаар чуулганыг зохион байгуулж буй Австралийн парламентад төлөөлөгчдийнхөө гүн талархлыг илэрхийлье. Миний бие 2011 онд Гадаад харилцааны сайд байх үеэсээ хойш буюу АНДОП-ын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаас хойш Чуулганы талаар ийм дүгнэлттэй болсон юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг үндэслэгч, Япон Улсын Ерөнхий сайд асан, ноён Ясухиро Накасонэ таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын болон өөрийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Элэгсгээр хүлээн авч буй зохион байгуулагч улсад талархал илэрхийлэхийн сацуу хүний амь эрсдэж, хүрээлэн буй орчныг сүйрүүлсэн энэ хүнд үетэй тулгарсанд нь Австралийн Холбооны Улсад гүн эмгэнэл илэрхийлье. Монголчуудын залбирал, харуусал амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гашуудлыг хуваалцаж байгаа болно. Хүндэт парламентчид аа, Олон янзын бэрхшээл дагуулдаг бүх төрлийн гамшгийн өмнө бид бүгдээрээ хүчин мөхөс. Харамсалтай нь тэдгээрийн зарим нь биднээс, хүмүүсээс болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлд бүс нутаг, улс орон бүр тодорхой хэмжээнд автаж байгаа ба зарим нь үүнд бусдаасаа илүү нэрвэгдэж байна. Монгол Улс ч өөрийн оршиж буй газарзүйн тодорхой байршил, эх газрын эрс тэс уур амьсгал, мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг өрөөсгөл эдийн засагтайгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд мөн өртөмтгий. Цөлжилт, бэлчээрийн талхлагдал, ган, зуд, усны болон ойн нөөцийн хомсдол, агаарын бохирдол зэрэг нь Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсыг тогтвортой хөгжлөөр хангах гол тулгуур бодлогын нэг хэмээн 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Их Хурал дотоодын төдийгүй дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох аргуудын нэгийг ашиглан хоёрхон сарын өмнө Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын арга байсан бөгөөд бид өөрсдийн туршлагаа хуваалцахдаа баяртай байх болно. Парламентчид туршлагаа хуваалцах, солилцох замаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэдэг. Парисын хэлэлцээрт нэгдсэний хувьд Монгол Улс салбарын хэмжээнд илүү санаачилгатай хийгээд эдийн засгийн өргөн цар хүрээтэй зорилтыг тодорхойлох замаар Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн баримт бичгийг боловсруулсан. Тус баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Дасан зохицох төлөвлөгөө, Ойн салбар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах Үндэсний төлөвлөгөө, нийслэл хотын түвшинд ҮТХН-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг чухал бодлогыг боловсруулж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх гол салбаруудыг хамарсан 2050 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан. Энэ зууны дунд үе гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулсан байдалд хүрч чадах, урт хугацааны энэхүү стратегитай ҮТХН-ийн зорилт нь бүрэн нийцэж байна. Бодлогыг дэмжих хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улс ҮТХН-ийн Түншлэлтэй идэвхтэй хамтран ажиллаж, COP25-ын даргалагчийн санаачилсан Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах эвсэл-д саяхан нэгдсэн. Эрхэм төлөөлөгчид өө, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлт ба түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд хөгжингүй орнууд тэргүүлэх байр суурь эзлэх нь зүйтэй. Гэхдээ хөгжиж буй орнууд ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтийн тухай үндэсний бодлогоо баталж, НҮБ-ын холбогдох олон улсын гэрээ, түүний дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийг хэрэгжүүлэх замаар өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ялангуяа цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий хөгжиж буй орнуудад ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ боломжийг ашиглан Ази, Номхон далайн гишүүн орнуудыг нийтлэг зорилгодоо хүрэхэд шаардагдах төсвийг хамтран бүрдүүлэхийг уриалж байна. Төгсгөлд нь хэлэхэд, дэлхий ертөнцийг хойч үедээ өвлүүлэн, амьд ертөнцийн аюулгүй байдлыг хангах илүү дорвитой зорилт бүхий уур амьсгалын чиглэлээрх тодорхой арга хэмжээ авахыг Ази, Номхон далайн бүх парламентчдаас хүсэж байна. Энэ он олон улсын хурцадмал байдал, хүмүүнлэгийн болон экологийн гамшгаар эхэлж байгаа хэдий ч парламентын гишүүд бидний хүчин чармайлтаар хөгжил дэвшилд хүрсэн 2020 он байхын төлөө зорьж ажиллацгаая. Учир нь парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл юм. Анхаарал тавьсанд баярлалаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй