ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2021-12-17 13:28:33 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг болох Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр-ийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллаа. Тус баримт бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нар гарын үсэг зурав.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛААР НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2021-12-17 13:27:20 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол-ыг байгуулав. Протоколд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн дэд сайд Токарев Владимир Александрович нар гарын үсэг зурлаа. Энэхүү Протоколыг байгуулснаар талууд Монгол, Оросын хилийн Боршоо-Хандгайт, Ханх-Монд хоёр талын боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв. Мөн Протоколын дагуу нийт боомтын жагсаалтаас 13 хилийн боомтыг хасах, 16 хилийн боомтыг үлдээхээр тохиролцсон. Жагсаалтаас хасах 13 хилийн боомтын хувьд түр буюу улирлын ажиллагаатай, хилийн хяналт шалгалт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн барилга, байгууламж байхгүй, дэд бүтцийн шийдэлгүй, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, сүүлийн жилүүдэд зорчих хөдөлгөөн огт хийгдээгүй нөхцөлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлийг эхлүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Алтанбулаг, Боршоо, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, Ханх, Цагааннуур, Ульхан боомтуудыг Хилийн зарим боомтуудыг хөгжүүлэх төлөвлөгөө-нд багтаасан.
ОЮУНЫ ӨМЧИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2021-12-17 13:26:09 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Холбооны Оюуны өмчийн албаны дарга Григорий Петрович Ивлиев нар Монгол Улсын оюуны өмчийн газар, Оросын Холбооны Улсын Холбооны оюуны өмчийн алба хоорондын Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурав. Энэхүү баримт бичиг нь талуудын улсын оюуны өмчийн тогтолцоо болон оюуны өмчийн хууль тогтоомжийн талаарх мэдээлэл солилцох, цахим мэдүүлэг, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг талуудын цахимжуулах зорилтын хүрээнд шилдэг туршлага солилцох асуудлыг зохицуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв
2021-12-17 13:15:08 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын төвд байрлах Метрополь зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв. Самбарт Энэ байранд 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Монгол Улс хооронд найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээ болсон бөгөөд уг хэлэлцээнд МАХН болон Монгол Ард Улсыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар оролцсон юм гэж бичин, БНМАУ, ЗСБНХУ-ын Төрийн сүлдийг сийлсэн байдаг юм. С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Метрополь зочид буудалд Монгол-Оросын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол Улс, Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хоорондын гэрээ-г байгуулах хэлэлцээ хийсэн түүхтэй. Гэрээг байгуулсны 50 жилийн ойгоор буюу 1971 онд зочид буудлын хананд дурсгалын самбарыг байрлуулсан байна. Дурсгалын самбарыг ЗХУ-ын уран барималч Г.А.Огнев, зураг төслийн инженер Г.А.Мурадов нар бүтээжээ. Монгол Улсын дээд, өндөр түвшний төлөөлөгчид Москва хотод зочлох үеэрээ дурсгалын самбарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
2021-12-17 13:11:29 Нийтлэгдсэн: Улс төр
Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан Ялалтад тэмүүлсэн морьд хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Зам харгуйгүй, бартаа ихтэй газраар их буу чирэн явж байгаа монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд ЗХУ-д дулаан хувцас, хүнс нийлүүлж, хагас сая агт морио илгээн, Хувьсгалт Монгол танкийн цуваа, Монгол ард нисэх онгоцны эскадриль хүлээлгэн өгч байсан зэргийг бэлгэдсэн хүндэтгэлийн дурсгал юм. Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тавьж, 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр буюу Ялалтын баярын өмнө Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Г.Ганбаяр энэ хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээсэн байна. 2.5 тн жинтэй хөшөөний суурийг архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу босгожээ. Хүндэтгэлийн дэнж нь Аугаа их Эх орны дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхөлсөн Москвагийн гол үзмэрүүдийн нэг юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй