Баян-Өлгий аймагт АТГ-ын зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлж байна

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа удирдамжийн дагуу тус аймагт хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцав. АТГ-аас 2017, 2018 онд орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх Зөвлөмжийг 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд Баян-Өлгий аймагт 2017 онд 12, 2018 онд 13 чиглэлээр Зөвлөмж хүргүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн хувьд хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал өмнөх онуудад илэрч байв. АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байна. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх явдал давтагдсаар байна. 2019 онд тус аймаг баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гарсаар байна. Тухайлбал, 13 сумын Засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлэдэггүй, иргэнд үндэслэл бүхий хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал таслан зогсоогдоогүй байна. Тухайлбал, төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэн Х-ийн 2019 оны 1 дүгээр сард гаргасан ажилд орох хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй, иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй байна. Уг асуудлыг Ажлын хэсэг нарийвчлан хянан шалгаж байна. Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, төсвийн мөнгөөр дайлж цайлах явдал үргэлжилсэн хэвээр байв. Харин хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах, бүртгэх, хянах, үндэслэлгүй дүрэм журмуудыг цэгцлэх ажлыг АТГ-аас өгсөн Зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа аж. АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтээр нэгдсэн тайлан, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ

Энэ хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол УИХ-дөргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий дэд хороо юм. Ж.Бат-Эрдэнэ нь 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 ондАшид-Эрдэнэ ХХК-ий захирал, 2000-2004 ондЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Ёслолд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 1600 орчим хүн оролцлоо. Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД И.В.МОРГУЛОВТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ны Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, түүний дотор ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга, хөтөлбөр болон байгуулах баримт бичгийн талаар санал солилцов. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар болон Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн ярьсан. ОХУ-ны Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов монгол, оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа тэмдэглэж, монголын талын санал, байр суурийг оросын тал нааштайгаар судалж, цаашдын хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.