Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна. Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна. Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Товч мэдээ - Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай автозам болон Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай автозамын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаарМонгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын нөхцөлт тусламж буюу экспортын зээл-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар таницуулав. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна. БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон ч одоогоор хоёр төсөл хэрэгжиж эхлээд буй аж. Харин бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай болсон байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь хуулийн төслийг соёрхон батлахыг зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. ҮргэлжлүүлээдМонгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль төслийн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна. ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк бие даасан шинжээч томилон, төслийн хэрэгцээ шаардлагыг Монголын талын хамтрагч байгууллага (Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль (МГАМТИС) болон БСШУСЯ)-уудтай хамтран үнэлж, төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төслийг Сэргээн босголтын зээлийн банкны санхүүжилтээр хийхээр тохирсон аж. Энэ дагуу 2016 оны 12 дугаар сараас эхлэн Сэргээн босголтын зээлийн банкнаас үнэлгээний баг 3 удаа МГАМТИС дээр ирж ажилласан бөгөөд анхан шатны тооцооллыг хийгээд байгаа юм байна. Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотооддоо бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх аж. Дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. ТүүнчлэнБиологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгхэлэлцлээ. Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл-ийн зорилго нь монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тоггвортой амьжиргааг дэмжихэд оршиж байгаа хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгынхаа эхэнд дурдсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан аж. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд ...гэрээнүүдийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон ногдуулж болох Монгол Улсын шууд татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө. Дээр дурдсантай холбогдуулан ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад адил төрлийн шууд бус татвар, ногдуулсан онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газар хариуцна... гэж заасан нь онцгой албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй аж. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгох тусламжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг соёрхон батлуулах шаардлагагүй гэж заасан боловч онцгой албан татвараас чөлөөлөх тухай заалт бүхий гэрээний талаар заагаагүй байна. Иймд тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд ногдуулж болох онцгой албан татвараас чөлөөлөхийн тулд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулах шаардлага гарчээ. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасны дагуу хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ тул тус Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэж үзлээ. Эцэст нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад холбогдох албаны хүмүүс ургац хураалтын явц өвөлжилтийн бэлтгэл ажил, махны хангамжийн асуудал болон ЖДҮХСангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулж дууссан талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 285 дугаар тогтоолыг 07 дугаар сарын 03-ны өдөр гаргуулсан. Тогтоолд Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малын чанар, сүргийн бүтцийн зохистой харьцаанд тулгуурлан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөц мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А-275 дугаар тушаалаар ажлын 4 хэсэг байгуулж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байна. Яамны ажлын хэсэг өнөөдрийн байдлаар зун гантай, гандуу байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий аймгуудад томилотоор ажиллаж ХАА-н салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 285 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаад байна. Хадлан:Өнөөдрийн байдлаар 21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай явж байна. Тухайлбал Баян-Өлгий аймаг, хадлан тэжээлээ бүрэн, Ховд аймаг 98.7 хувьтай, Архангай 89 хувьтай, Хэнтий, 87.7 хувьтай, Хөвсгөл 85.6 хувьтай байна.Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүхэлд нь сайтар хангаж байгаа аймгуудыг дурдвал Баян-Өлгий 95 хувь, Хөвсгөл 90 хувь, Ховд 80 хувь, Дархан -Уул 80 хувьтай байна. Бусад аймгийн хувьд 50- 70 хувьтай бэлтгэлээ хангаж байна. Ихэнх аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна. Малын тоо толгой:Манай улсын хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын сүүлийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 нийт 84.2 сая мал бэлчээрлэж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн дээрх тоон мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж үзэхэд бэлчээрт байгаа 84.2 сая толгой малаас 16.5 саяыг хэрэгцээлж 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна. Бэлчээрийн даац:Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ. Энэ зун зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ. Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байгаад анхаарч яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаад байна. Отроор мал өвөлжүүлэх ажлын зохион байгуулалт:Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар авч нэгтгээд байна. Тухайлбал: Өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх, Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх, Хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх, Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал ирээд байна. Урьдчилсан байдлаар 8.3 сая толгой малыг өөр аймаг, улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас болон улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх санал нэгтгэгдээд байна. Харин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын Ачит нуур 27.6 мянга, Бага хайрхан 37.3 мянга, Баян нуруу 49.9 мянга, Бор аргалант 29.4 мянга, Малах 107.0 мянга, Чилэн 22.0 мянга, Чойбалсан 18.0 мянга, Хөх дэл 16.6 мянга, Хэрлэнбаян Улаан 284.3 мянга нийт 592.7 мянган хонин толгой малыг отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байна. Энэ жил 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын бэлтгэлийг 10 дугаар сарын сүүлч гэхэд бүрэн хангуулах зорилт тавьж ажиллаж байна. УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. 10 дугаар сарын 08-ний байдлаар55.9мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0мянган га-гаас 192.4мянган тонн үр тариа, үүнээс 187.1мянган тонн улаанбуудай,12.9мянган га-гаас158.6мянган тонн төмс,6.1мянган га-гаас 68.4мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт42.3хувь, хүнсний ногооны хураалт75.9хувь, төмсний хураалт 86.6хувийн явцтай байна. (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.) УРГАЦ ХУРААЛТЫНМЭДЭЭ Д/Д Таримлын төрөл Хураах талбай(га) Хураасан талбай(га) Хувь Нэгжийн ургац(цн) Нийт ургац (тн) 1 Үр тариа 350307 148035 42.3 13.0 192439 2 Төмс 14856 12916 86.6 122.8 158628 3 Хүнсний ногоо 8042 6106 75.9 112.1 68446 4 Тэжээл 45567 19911 43.6 22.3 44472 5 Тосны ургамал 78213 10790 13.8 6.1 6643 МАХНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААРХ АРГА ХЭМЖЭЭНИЙТАНИЛЦУУЛГА Махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах чиглэлээр Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 болон 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 12-ны хооронд 22 аж ахуйн нэгжийн нийт 8752 тн буюу 10 хувь /875.0/ тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр гэрээний нөхцөлийг талуудын оролцоотойгоор тохиролцож, 2019-2020 оны өвөл, хаврын улиралд Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаанд гаргахаар гэрээг байгуулсан байна. Нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах үүднээс мал, мах бэлтгэн нөөцлөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/889 дугаар Захирамжаар байгууллаа. Тухайн ажлын хэсэг дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Арилжааны банкны эх үүсвэрээр нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх, нийлүүлэх, худалдан борлуулах арга хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019 үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны хооронд нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоогоор хангаж, зах зээл дэх үнээс 9.5-22.3 хувийн хямд үнээр худалдан борлуулсан байна. Уг үзэсгэлэнд худалдаанд Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас ирсэн 22 хоршоо, 21 малчид, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцсон. Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн хугацаанд нийт 50.0 тн шинэ махыг, үхрийн ястай мах 8500₮, үхрийн цул мах 9000-9500₮, хонины мах /гулууз/ 6500₮, жижиглэнгээр 7500₮, адууны мах 7000-7500₮, ямааны мах 6500-7500₮- өөр тус тус худалдан борлуулсан байна. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санжүүжилтээр Мал эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүлж байна. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, баталгаат байдалтай танилцаж болох энэхүү системийг 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй үнээр буюу хонины мах 6000-6500₮, үхрийн мах, ястай 8500₮, үхрийн мах, цул 9500₮, адууны мах 7100₮, адууны мах, цул 7600 төгрөгөөр Хан-Уул дүүрэгт байрлах Лавай худалдааны төв дээр 2019 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Махны экспортын талаар: Гаалийн мэдээнээс үзвэл, 2019 оны 9 сарын экспортын гүйцэтгэлээр 13.5 мянган тн адууны мах, 1045 тн хонь, ямааны мах, 855 тн дайвар бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн 11.8 мянган тн, нийт 27.2 мянган тн экспортолсон байна. Мөн дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны эзлэх хувийг авч үзвэл: 2018 онд 34% буюу 10.0 мянган тн, 2019 онд 51% буюу 5957.6 тн үхрийн мах, 5800.0 тн хонь, ямааны мах байна. Гэтэл дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдэж, экспортод чиглэсэн махны нөөц бэлтгэхтэй холбоотой төв, суурин газарт нийлүүлэлтийн хомсдол, үнийн хэлбэлзэл үүсэхээр байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд төрөлжсөн томоохон аянуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд: Стратегийн хүнсний улирлын хамаарлыг бууруулах, нийлүүлэлтийг тогтвортой хангах ажлын төлөвлөгөө, комиссын бүрэлдэхүүнийг батлуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалын төсөл, төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад бэлтгэн болгосон байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, биелэлтийг хангаж ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг 2018 онд экспортлогдсон тоо хэмжээнээс бууруулахгүй байх бодлогын баримтлаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас Малын их эмч нарын анхдугаар чуулган-ийг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн дүүрэг тус бүрт дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан махыг худалдаалах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019, 2020 үзэсгэлэн худалдаа, Өвлийн идэш, Хонины ууц, Үхрийн өвчүү, Борц, үүц зэрэг арга хэмжээ зохион байгуулах. Аймгийн төвүүдэд сар бүр махны яармаг худалдааг зохион байгуулах, Махны үнийн судалгаа 2019.10.08-ны өдрийн өглөөний 7.40 минутын байдлаар № Хүнсний зах Бөөний үнэ Жижиглэнгийн үнэ Хонины мах Адууны мах Үхрийн мах Ямааны мах Хонины мах Адууны мах Үхрийн мах Ямааны мах 1 Хүчит шонхор зах 4500-5300 5500 5800-6800 5800-6000 6400-7800 8000 8000-10000 /Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/ 2019.10.08-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр махны нийлүүлэлт хэвийн байна. Үнийн хувьд 10 дугаар сарын 07-ны өдрийн ханштай адил байна. Өнгөрсөн 7 хоногийн үнэтэй харьцуулахад 600-1000 төгрөгөөр буурсан байдал ажиглагдаж байна./Хүчит шонхор зах/ ЖДҮ-ЗЭЭЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА ЖДҮ зээл олгох төсөл сонгон шалгаруулалт шилэн болж, шинэ тогтолцоог бүрдүүллээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтанд улсын хэмжээнд 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 зээлийн багцад 467 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хүсэлт ирүүлсэн иргэдийн 17 хувь хамрагдах бүрэн боломжтой боллоо. Мөн эдгээр төслүүдийн санхүүжилтэнд нийтдээ 219 төсөлд 14,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮХСангаас гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 30 хувьтай байна.

“Таван толгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв

Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит Таван Толгой Түлш ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Дотоодын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжилгээнд хамруулснаас гадна БНХАУ, Солонгос улсад дээжийг хүргүүлсэн. Цаашид ОХУ, Япон зэрэг улсуудад шинжлүүлэхээр болсон гэлээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна гэв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Шахмал түлш, барьцалдуулагч бодисноос шинжилгээ авч лабораториудад шахмал түлшний техникийн үзүүлэлтүүдийг шинжлүүлэхэд Ашигт малтмалын төв лабораторид 12 дээж, Геологийн төв лабораторид 9 дээж өгсөн. Эдгээр дээжүүд Улсын чанар стандартыг хангасан гэж гарсан. Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн Хими технологийн хүрээлэнд шахмал түлш, барьцалдуулагч хоёрын химийн бүтцийг шинжлүүлэхээр өгсөн байгаа хэмээн мэдээлэл хийлээ. Хуралдааны үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлуудаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, нийслэлийн Агаарын бохирдолт тэмцэх газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөллүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа. Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-г Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар дэмжсэн. Лабораториудын дүгнэлтийг үндэслэж шахмал түлшний норм стандартад нийцэж байгаа учраас үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга хэлэхдээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийгдэж ирсэн одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд энэ үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, Тавантолгой түлш ХХК хаана харъяалагддаг талаар болон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон уу гэх асуулт асууж, холбогдох албан тушаалтнаас хариулт авлаа. Тавантолгой түлш ХХК-ний ахлах зөвлөх н.Бадамхатан үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өдөр бүр манайд үлйдвэрлэгдэж байгаа түлшнээс дээж авч шинжилдэг. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна гэв. Мөн Тавантолгой түлш компани нь Нийслэлийн харьяа компани юмуу, Эрчим хүчний яамны харъяа компани юм уу гэсэн сэтгүүлчийн асууллт Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг Тавантолгой түлш компани Эрчим хүчний яаманд харьяалагддаг төрийн өмчит компани гэв. Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье гэлээ. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, УБТЗ ХНН, МТЗ компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.