Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ 2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа гэлээ. Тэрбээр Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөовөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө гэв. Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг байна. 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна гэлээ. Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гармагц тухай бүрд нь олон нийтэд дараагийн мэдээллийг хүргэхээ илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа монголчууд ашиглаж эхэлнэ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссанE-Mongolia буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан. Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, цахим болгоход энэхүүЦахим засаглал-ийн гол зорилго чиглэгдэж буй бөгөөд ирэх 11 дүгээр сараас орон даяар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн бас нэг үр дүн ньтөрийн үйлчилгээтэй холбоотой авлигын асуудлыг нэг мөрцэгцлэх явдал хэмээн Засгийн газар тодорхойлж байгаа юм. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шат дамжлагыг халж, бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг бол Эстони. Ялангуяа цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах тал дээр эдүгээ дэлхийд тэргүүлж байгаа улс юм. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Цахим засаглал-ын ажлын хэсгийнхэн2019 оны 9 дүгээр сарын 25-30-ныөдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийлээ. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд багтсан юм. Айлчлалын хүрээндажлын хэсгийнхэн Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, Цахим- Эстони мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Үүнээс гадна манай үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болсон. 1,3-хан сая буюу Улаанбаатарчуудтай адил тооны хүн амтай, 1990 онд ЗХУ задрахад бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан Эстони улс IT буюу интернэт технологийг хөгжүүлэх Дижитал Эстони-2020 хөтөлбөрийг анх зарласан 1997 оноос хойшхи 20-иодхон жилийн дотор Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хот саяхнаас автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Эстонид аль 10 жилийн өмнө л нийтийн тээврийн тасалбар, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байж. Одоо бүр сайхан болсон. Автомашины зогсоол, авто замын хяналт, байрны төлбөр гээд бараг бүх үйлчилгээг цахимжуулжээ. Газар доороо баялаггүй, уул уурхайгүй ч гэсэн IT-цахим хөгжил, интернэт, программ хангамж зэрэгт тулгуурлан хэрхэн богино хугацаанд хөгжиж болдогийн тод томруун жишээ нь Эстони Улс гэж дүгнэхэд болно. Эстоничуудын хүртдэг төрийн бүх үйлчилгээ урдаа е үсэгтэй. Энэ нь тэдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг цахимаар авч болно гэсэн утгатай. Өдөртөө бараг 2000 төрлийн е-үйлчилгээг эстоничууд тогтмол хэрэглэдэг байна. Засгийн газарньE-Cabinetболж, цаасгүй хуралдаж, сайдууд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээж болдог.E-Tax Boardсистемийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо тус улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүрID Cardбуюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн албан ёсны имэйлтэй болжээ. Энэ имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2005 онд л гэхэд иргэд нь сонгуулиа цахимаар өгсөн дэлхийн анхны орон болсон. Энэ нь манайд хэрэглэдэг хар машин-тай харьцуулахааргүй бөгөөд технологийн дэвшил төдийгүй төсөв хэмнэсэн, системийн хувьд дээд зэргээр хамгаалагдсан, тус улсын иргэд дэлхийн хаанаас ч саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Дэлхий нийт мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа нь Эстони Улсад улам их боломж олгож байгаа төдийгүй иргэд нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй хүртэж хэвшсэн нь хамгийн чухал юм. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэуурхай шавхагдашгүйаж. Тиймээс Эстони Улсын энэхүү Цахим засаглал буюу шавхагдашгүй баялаг-ийн төлөвлөлтийг нарийн судалж, Монголд нутагшуулан төрийн бодлого болгох хойшлуулшгүй шаардлага байна. Ингэвэл уул уурхай, байгалийн баялгаас илүү оюуны шавхагдашгүй уурхай-гаа ашиглах бас нэг боломж буюу хөгжлийн өөр нэгэн гарц ирээдүйн 25 жилд Монголд бий болно гэсэн үг юм.

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон голоо хамгаалъя хөдөлгөөний тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Засгийн газар тогтоол гарган Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд 22 жил талхлагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нутаг орон нь өнгөө засч, Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд Ерөнхий сайдад илэрхийлэв.Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га-д техникийн, 300 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хариуцлагагүй уул уурхай эрхлэх нь иргэдийн амьд явах эрхэнд халдаж байгаа хэрэг. Иймээс үүнийг таслан зогсооно. Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулахаар төсвийн төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.Иргэд ч орон нутагтаа байнгын хяналт тавьж, хууль зөрчдөг, байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй бол төр, засагтайгаа хамтран тэмцэх ёстой гэв хэмээнЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

У.Хүрэлсүх : Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнөөр энэ салбар болон багштай холбоотой асуудлыг өргөн хүрээнд, эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэн, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилт зэргээ ярилцаж, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг хэлэв. Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэв. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлээс үзвэл мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна. Засгийн газар мэргэжлийн боловсролын багшийн цалинг сүүлийн хоёр жилд 40 орчим хувиар нэмж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хоёр шат ахиулан, олгодогггүй байсанүр дүнгийн урамшууллыг сэргээн 10 хувьд хүргэсэн. Мөн багш, ажиллагсадыг тэтгэвэрт гарахад нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм.Цаашид ч ажиллах нөхцөлийг нь сайжруулж, цалинг нь нэмэн, орон сууцаар хангах, түрээсийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахаар ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэл, политехник коллежийн оюутнуудад энэ оноос сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгааг ирэх жил 200 мянга болгон нэмнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар энэ сарын 02-ны өдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм. Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.