Илгээлт: Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах шаардлагатай

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр Корпорайт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм. Улмаар шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авах зорилгоор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа хэмээн Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо ТББ-аас форумын эхэнд онцлон хэллээ. Засгийн газар, УИХ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, тэдэнтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа форумд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ: Монголын нийт баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд болон форумд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт хүсэн мэндчилж байна. 2018 он бол Монгол Улсын хувьд шударга ёс, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн цаг хугацаа байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсыг эрэлхийлж, хуулийн засаглал хүчгүйдсэнийг засах гэсэн иргэдийн идэвх, тэмцэл сэргэсэн он байв. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2018 оны 6 дугаар сард Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018-ыг зохион байгуулсан нь үүнд зохих үр нөлөөгөө үзүүлсэн юм. Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн 3%-ийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт идэвхийлэн зүтгэсний хүчинд хууль бус үйлдлүүд илэрч, одоо хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Улс төрчдийн амин хувиа хичээсэн, авлигажсан хариуцлагагүй үйлдлийн улмаас эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, амар тайван аж төрөх ард түмний итгэл найдвар алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирсныг таслан зогсооход өмнөх жилийн форум ийнхүү онцгой түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэл, Та бүхний үйл ажиллагааны нэгээхэн үр дүн мөн. Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, ЖДҮ-ийн гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг Иргэний танхимд хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна. Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллах болно. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөнх тэнгэрийн ивээл, хөдөлмөрч хичээнгүй иргэдийнхээ хичээл зүтгэлээр Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай гэлээ.

БНХАУ байгуулагдсаны  70 жилийн ой тохиож байна

Э. Анударь, Бээжин хот 2019-09-26 БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимэж, тусгайлан бэлтгэсэн байна. Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний өдөр ихэнх замуудыг хааж, баярын нээлтийг төв талбайд хийсний дараа хотын төвийн томоохон замуудаар цэргийн хүнд даацын машин болон хамгийн сүүлийн үеийн цэргийн машины парад болох юм байна. Энэхүү баярт Хятад улс нэг жил бэлтгэж байгаа бөгөөд улсын байгууллага, хувийн байгууллагууд болон энгийн иргэд бүгд хамтран ажиллаж байна. Баярын бэлтгэлтэй холбоотой нэг сарын хугацаанд долоо хоног бүр зам, метро, томоохон цэнгээний газарууд болон үзвэрийн газруудыг хаасан хэдий ч улсын хамгийн том арга хэмжээний төлөө сэтгэл нэгдсэн иргэд огт төвөгшөөгөөгүй байгаа нь тус баяр иргэн бүрийн хувьд чухал байр суурийг эзэлдэг болохыг харж болохоор байна. 1949 оноос -2019 оны хоорон дахь 70 жилийн хугацаанд Хятад улс ард иргэдээ ядуурлаас гаргаж, Дэлхийд алдартай дэвшилтэт технологийг зохион бүтээж, Дэлхийн соёлыг нэвтрүүлж, нээлттэй болон Дэлхийн 2-дахь хамгийн том, хүчирхэг эдийн засагт гүрэн болж чаджээ. Хятад хүн бүр улс орныхоо өнгөрсөн амжилтаар бахархахаас гадна ирээдүйд улам ихийг хийж бүтээн, бусад улсыг дагуулан хөгжихөөр сэтгэл шулуудсан байна. Мөн баяртай холбогдуулан 9 сарын 23-наас эхлэн 10 сарын 1-ний өдрийг дуустал Хятад оронд сүүлийн 70 жилд гарсан дэвшилт, өөрчлөлтийг хамгийн сайн харуулж чадах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад хүмүүс төдийгүй гадны зочид улсын хөгжлийн өөрчлөлттэй танилцаж байна. Хятад улс төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар улс даяар 10 сарын 1-нээс 7-ны өдрийг хүртэл амрах юм байна. Тиймээс, иргэдийн хувьд 10 сар энэ оны хамгийн сайхан сар байх нь тодорхой байна.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 23-нд Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх нь сэдвээрх өндөр түвшний анхдугаар уулзалт болов. Өндөр түвшний уулзалтад гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Байнгын төлөөлөгч, мөн олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов. Уулзалтын эхэнд Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав. Өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтууд талаар мэдээлэв.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗОХИСТОЙ ДАДАЛ НЭВТРҮҮЛЖ АЖИЛЛААГҮЙ ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ХЧСХУБ, ЭАХХХУБ нар тус дүүргийн 8 дугаар хороонд байрлах Таванбогдвашёкү ХХК-ийн Нагоми-2 рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй,холбогдох дүрэм журам дагаж мөрдөөгүй зөрчлийг илрүүлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

20 гаруй хүнд хордлогын шинж илэрчээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат УТҮГ-ын ажилчид химийн бодисийн хордлогод өртсөн гэх мэдээллийн дагуу МХЕГ-аас газар дээр нь шуурхай ажиллалаа. Үйлдвэрлэлийн жилийн ажил эхлэхтэй холбогдуулан тус үйлдвэрийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 20-ны өдөр хийжээ. Улмаар 09.23-24-ний өдрүүдэд үйлдвэрийн ажиллагсадаас дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг зовиуртайгаар 20 хүн үйлдвэрийн эмчид хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэж, 60 орчим хүн тандалтад хамрагдсан байна. Иймд МХЕГ-аас хордлогод өртсөн байж болзошгүй ажилтнуудыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд яаралтай үзүүлэх, ажлын байруудад агааржуулалт хийх, байгууллагын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг яаралтай хуралдуулж, хордлогын мөрөөр арга хэмжээ авах талаар үүрэг өглөө. Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь зөвшөөрөгдсөн бодис байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.