Алжир улстай Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
2019-09-30 10:06:14 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн сайд Сабри Букадумтай уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд нар Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг байгуулснаар талууд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж буй. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд бэхжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Алжир Улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаагийн хувьд тус улсаас туршлага судлах, боловсон хүчнээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжийн талаар мөн ярилцав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Манай улс эдийн засгаа солонгоруулъя, аялал жуулчлалыг хөгжүүлье гэж олон жил ярьсан. Жуулчид хангалттай хэмжээнд ирэхгүй байгаа нь бидний санал болгодог үйлчилгээтэй холбоотой. Яг үнэндээ манай байгаль, тал нутаг, байшин барилга, рестораны үйлчилгээ тэдэнд тийм ч сонин биш. Энэ зэргийг өөр улсад очоод үзэж болно. Харин хөдөөгийн малчдын амьдрал гаднынханд сонирхолтой. Үйлдвэрийн архи, пиво биш айраг, шимийн архи. Стеак, барбикю биш тарвага, ямааны боодог, хонины чанасан толгой, шийр, гэдэс. Хиаман зууш биш борц сонирхлыг нь татна. Жинхэнэ монгол хүнсийг яаж бэлтгэж, яаж хүртдэгийг тэд гайхна. Үүх түүх, үлгэр домогтойгоо хольж тайлбарлавал чих нь сортойно. Үндэстэн ястны хувцас хэрэглэл, түүний зориулалтыг хэлж өгвөл талархана. Таван хошуу малын ашиг шимийг хүртэж ирсэн ахуйгаа харуулбал таална. Нутаг нутгийн хурим яаж болдгийг харуулбал баярлана. Монгол нүүдэлчдийн ахуй соёл, уламжлал, амьдралыг бүрэн цогцлоосон малчин айл ч өнөөдөр ховор. Орчин үежсэн малчныг биш жинхэнэ нүүдэлчин айлыг тэд зорьж ирнэ. Ийм учраас аялалын компаниудад жуулчдын сэтгэлийн татах орчин нөхцөл ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Бид Улаанбаатараас 50-иад км салхи татуулсаар Төв аймгийн Аргалант сумын нутагт орших Mongol nomadic цогцолборт өнжлөө. Сүүлийн хэдэн жил тус цогцолборыг гадаад, дотоодын жуулчид зорьж ирдэг болсон нь учиртай юм билээ. Эднийх 2011 онд Шийр хайрханы нөмөр түшиглэн жуулчны баазаа байгуулсан нь өдгөө монгол нүүдэлчдийн ахуй соёлыг дэлхийд сурталчлах цогцолбор болтлоо өргөжжээ. Уулын хормойд тансаг зэрэглэлийн болон энгийн 30-аад гэр барьсан байх бөгөөд гол хэсэгтээ ресторантай юм. Гэрийн хаалгаар хөндий тал үзэгдэж, энд л нүүдэлчин ахуй соёлыг гайхуулдаг ажээ. Биднийг өглөө 09.00 цагт ирж цайндаа ороод байтал хоёр автобус жуулчин ирлээ. 10.00 цагт зочдыг угтах хөтөлбөр эхэлнэ гэдгийг зохион байгуулагч бүсгүй хэлэв. Шар тосонд хайрсан боорцог өрмөнд дүрж сүүтэй цайгаар даруулаад, араас нь гурилтай шөл идээд байтал хөтөлбөр ч эхэллээ. Жуулчны баазаас 100-аад метрийн цаана байх хот айлаас тэмээ, сарлаг, морь хөлөглөж үндэсний хувцсаараа гоёсон харчууд гараа далласаар ирж явна. Тэд зочдыг тухлан саатахыг уриад, хөтөлбөр танилцуулж тэмээ, сарлаг, морь унуулав. Ирсэн зочид эмээлийн наран бүүрэгнээс тас атган хөтлүүлсээр хот айлд очих зуураа зураг даруулцгааж, бичлэг хийж байна лээ. Хот айлд очсон хойно эхний гэрийн эзэн эрчүүдийг баруун талаар, хүүхнүүдийг зүүн талаар суулгаж, ахмадуудыг хойморт залав. Эзэгтэй сүүтэй цай, айраг аягалж, цагаан идээ амсуулах бөгөөд нүүдэллэхэд хялбар монгол гэрийн тухай хамгийн эхэнд танилцуулсан. Ингээд найр хийж, уртын дуу, морин хуур хадаан гэрийн жавар үргээх нь зочдод сонин байсан нь лавтай. Хоёр залуу дэмбээдэж ирсэн зочдыг хөгжөөв. Гэрээс гараад зочдод үндэсний хувцас хэрэглэлийг танилцуулав. Тэд чонон дах өмсч гэрийн өмнө зургаа даруулах аж. Мөн гэрийн гадна тэргэн дээр тохсон борцыг яаж хийдэг, хэрхэн хэрэглэдэг тухай шалгаана. Бас ааруул, ээзгий, бяслаг тэргүүтэн хийхийг харж, амсч үзэцгээв. Монгол наадгай, оньсон тоглоомыг тайлбарлаж өгсний дараа дараагийн гэрт орлоо. Гэрийн эзэгтэй хөлчүүрэх ундааг монголчууд хэрхэн нэрдэг болохыг бодитоор харуулав. Зэс аяганд шимийн архи мэлтэлзүүлэн өгөхөд бүгд сонирхож амсав. Зарим нь зөөлөн байна гээд хоёр ч дүүргээд татаж байна лээ. Шимийн архины амт зөөлөн ч дорхноо дотор халаадгийг тэд мэдэж чадсан байх. Тэндээс гараад шагайн асраар зочдыг орууллаа. Шагайн харвааг тайлбарлан өгч, харвахыг зааж өгөв. Үүний дараа жуулчдад ноос зулж, савахыг зааж өгсөн. Дараа нь ноосоо услаад мориор чирч харуулав. Зочдыг ийн сонирхож байхад моринд гарамгай залуус тулам, уурга шүүрч харуулж шагшруулав. Морь цоройлгох үзүүлбэрийн наана зочид зургаа даруулж байна лээ. Mongol nomadic-ийн ажилтнууд малаа маллахын хажуугаар сүү, тараг, ааруулаа өөрсдөө бэлддэг юм байна. Үдээс өмнө жуулчдад монголчуудын нүүдэл суудлаа хэрхэн хийдэг талаар биетээр харуулав. Нүүдэлчид сарлаг, тэмээндээ авдар, гэрээ ачин, тэргээ хөллөөд хэрхэн нүүдэллэдэгийг зочид бичлэг хийж авч байв. Гэрийн эзэгтэй сүү өргөж, орчуулагчаар дамжуулж нүүдэллэх ёс уламжлалынхаа тухай ярив. Тэмээн тэрэг, морин тэргэнд сууж дурсамж болгон зургаа даруулж байна лээ. Эдний сарлаг, тэмээ, тэргүүдийг улсын баяр наадмын нээлтэд ашигладаг. Mongol nomadic цогцолбор монголчуудын уламжлалт амьдралын хэв маягийг жуулчдад мэдрүүлэхээс гадна нүүдэлчин соёл, эрийн гурван наадмыг үйл ажиллагаандаа багтааснаараа бусад жуулчны баазаас ялгардаг юм байна. Найман ханатай залгаа гурван гэр бүхий зоогийн газрын ард халуун усны газар, боловсон жорлон байдаг юм байна лээ. Зочид тохь алдахгүйгээс гадна тэднийг уйдаахгүй хөтөлбөртэй. Өнөөдрийн бидний үздэг хөтөлбөр 10.00-13.00 цагийн хооронд өдөр бүр өрнөдөг. Жуулчид зоогийн газрын дэргэдэх бэлэг дурсгалын дэлгүүрт орж босоо монгол бичгээр нэрээ бичүүлж, дурсгалын зүйлс худалдан авах боломжтой юм байна. Оройн галын наадам, өдрийн эрийн гурван наадам зэргийг үзээд буцахад жуулчдын сэтгэлд хоногших нь лавтай. Мөн караоке, Хорхог, хуушуур, боодог амталж, монгол ахуйг жинхэнэ утгаар нь мэдэрсэн жуулчид л бусдадаа дуулгаж, тэднийг урин дууддаг нь гарцаагүй юм.
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨНДӨР, ДЭЭД ТҮВШИНД БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ
2019-09-27 09:31:52 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэгдэлт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцов. Талууд захидалдаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсныг тэмдэглэж, Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш Европын Холбоотой хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлс, үзэл санаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглэж, Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, ирэх 30 жилд харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа нотлов.
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ БРЮССЕЛЬ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-09-27 09:27:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны төв байранд Монгол Улс, Европын холбооны хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Уг арга хэмжээг монголын талаас Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд нар тус тус ахалж, Европын Комисс, Европын Зөвлөл, Европын Парламент, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нар, ДТГ-уудын тэргүүн, Монгол Улсын Иргэний нийгмийн төлөөлөл тус тус оролцов. Элчин сайд О.Оч Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Европын Холбоо нь Монгол Улсын Гадаад бодлогын чухал ач холбогдолтой гуравдагч хөрш-ийн нэг болохыг тэмдэглэж, цаашид Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсан. Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо байгуулагдсан, мөн Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн зэрэг нь үүний тод илрэл юм. Эдүгээ Европын Холбоо нь Монгол Улсын гадаад худалдааны гурав дахь том түнш, хоёр дахь гол хөрөнгө оруулагч болжээ. Монгол Улсад Европын Холбооны гишүүн улсуудаас 1990 оноос хойш нийт 3.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 13 орчим хувийг эзэлж байна. Мөн Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээн дэх хөгжлийн санхүүжилтийн хэмжээ 163.6 сая еврод хүрсэн билээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцсон. Уг үзэсгэлэнд монголын уран бүтээлчид үндэсний ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын түүхэн харилцаа, Монгол Улсын онгон дагшин байгаль, ан амьтан, ёс заншил, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа зэрэг сэдвийн дор нийт 35 гэрэл зургийг толилуулж, ойн баярын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Уг гэрэл зургийн үзэсгэлэн нь энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Европын Холбооны Гадаад харилцааны албаны төв байранд нээлттэй байна.
НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав
2019-09-27 09:23:42 Нийтлэгдсэн: Улс төрГамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Беате Транкманныг Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан тэмдэгээр шагналаа. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв. Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэлтэй болгох, гамшгийн эрсдлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Шадар сайд тэмдэглэв. Мөн өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагуудыг манлайлан оролцож, их хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг дурдав. Монгол Улсад ажиллах хугацаандаа Засгийн газар, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Беате Транкманн илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон гэдэгт талууд санал нэгдэв. Хатагтай Беате Транкманн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар томилогджээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй