В.В.Путин: Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж, энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна гэж уулзалтын эхэнд хэллээ. Ноён В.В.Путин УИХ-ын даргад талархал илэрхийлээд, Халх голын ялалт бол бидний хамтын нөхөрлөл, найрамдлын түүхийн нэгэн илэрхийлэл юм. Энэ ялалтын ач холбогдол манай хоёр ард түмэнд үнэ цэнэтэй байсаар байх болно гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар Чин сэтгэлийн хандлага, илэн далангүй бодит харилцаа бол найрамдал юм гэсэн Оросын суут жанжин А.В.Суворовын хэлсэн үгийг дурдаад, Таны Халх голын ялалтын ойд биечлэн оролцож, албан ёсоор айлчилж буй нь ОХУ-ын удирдлага, Оросын ард түмэн хоёр орон, ард түмний найрамдал нөхөрлөлийн үнэ цэнийг дурсан хүндэтгэсээр байгааг дахин нотолж байна гэлээ. Тэрбээр Таны айлчлалын хүрээнд хоёр талын харилцааны түвшинг ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр хэлэлцэн тохиролцож буйд баяртай байна хэмээн онцлон тэмдэглэв. УИХ-ын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын нягт хэлхээ холбоо нь худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэв. Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярих үеэрээ 2018 онд хоёр улсын хоорондох худалдааны хэмжээ 27 хувь өсөж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдааны хэмжээ ийнхүү өсөж байгаа нь биднийг баярлуулж байгаа хэдий ч Оросын талд дийлэнх хэсэг нь ногддог байдал үргэлжилсээр байна. Монголын экспортын хэмжээ нийт бараа эргэлтийн дүнд ердөө 5 хувийг л эзэлж байгаа юм. Ийм дүр зураг олон жилийн турш үргэлжилсээр байна гэлээ. Түүнчлэн харилцан ашигтай томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх, тухайлбал Путиний Талын зам төслийг үр дүнд хүргэхийн тулд хамтарсан ажлын хэсэг буюу Зөвлөл байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн хөрөнгө оруулалтын хамтарсан том төсөл огт хэрэгжүүлэлгүй хэдэн арван жил өнгөрөөд байгааг дурдаж, боломжит төслүүдийг, тухайлбал УБТЗ-ын дэд бүтцийг хөгжүүлэх, техникийн шинэчлэл хийх төслийг эхлүүлэх сонирхолтой байгаагаа дуулгаад, энэ төслийг гүйцэтгэхэд шаардлагатай 100 тэрбум рублийн хөнгөлөттэй зээлийг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг В.В.Путинээс хүслээ. Монгол, Оросын хувь нийлүүлсэн хувьцаат нийгэмлэг УБТЗ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тус байгууллагын дизелийн түлшний татвартай холбоотой асуудлыг Улсын Их Хурлаас бүрэн шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр 2018 онд Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай хамтарсан Орос, Монголын хамтын ажиллагааны төв байгуулагдаж, залуучуудын талаарх бодлого болон экологи, боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн олон арга хэмжээ зохион байгуулсан, ирэх есдүгээр сард болох Форумаар Монголын оёдлын болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, Оросын армийнхан, Сибирь, Алс Дорнодын бүс нутгийнхын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар танилцуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар ярианыхаа төгсгөлд Роснефть компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Халх гол сумыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжсэнийг дуулгаад, энэхүү төслийг шууд дэмжиж ажилласанд нь ноён В.В.Путинд, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд нь Роснефть-ийн ерөнхийлөгч И.И.Сечинд талархал илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь бидний цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Халх голын хамтын ялалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, ойг угтан олон сайхан арга хэмжээ зохион байгуулсанд монгол нөхдөдөө талархаж байгаагаа илэрхийлэв. Ноён В.В.Путин олон жилийн түүхтэй, найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой гэв. Бидний харилцааны гол чиглэл эдийн засаг юм гэж тэрбээр онцлоод, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгийн үр ашиг, өгөөжийг урьдчилан сайн тооцох нь чухал гэж тэмдэглэлээ. Тэрбээр хоёр орны хоорондох худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа нь сайн хэрэг, харин тэнцвэргүй байгаа талаар Таны дурдсан асуудлын тухайд гэвэл энэ байдлыг өөрчлөх арга замыг Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгаагаа онцоллоо. Түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн болон уул уурхайн түүхий эдийн экспортыг дэмжих, УБТЗ-ыг өөрчлөн шинэчлэх асуудлыг онцгой анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Мөн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, цаашид илүү өргөн хүрээнд, үр өгөөжтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах манай талын саналыг ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, Монголоор дамжуулан тавих асуудлыг хариуцсан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах санал тавьсан. Энэ асуудлаар шийдвэр гаргаж, тооцоо судалгаа хийж ажиллахыг уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүст Ерөнхийлөгч В.В.Путин даалгав. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын найрамдлын бүлгийн дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар айлчлалыг дүгнэн мэдээлэл хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нарбаримт, бичигт гарын үсэг зурсныхаадараа айлчлалыг сурвалжилж буй хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Эрхэм хүндэт Владимир Владимирович, Хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Өнөөдөр манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид бүхэн талархаж байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм. Манай хоёр ард түмэн бол энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхдүүд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн монгол, зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяа үүрд дурсагдах болно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахин, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, бид сая гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлэлийг бататгасан, хамтын ажиллагааг харилцааны шинэ эрин үед гаргаснаар улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг мөн шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. Ирэх онд болох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ялалтын ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар мөн хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг УБТЗ ХНН-ийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхолоо мөн илэрхийллээ. ОХУ нь өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломж гаргаж, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2018 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ энэ боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубино боомтыг эзэмшдэг ОХУ-ын ФЕСКО компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ хийж дуусгаад байна. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг мөн дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Оросын Засгийн газар Худалдааны Төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотноо нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж бодож байна. Цаашид бид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулж өргөн хүрээнд судалгаа хийх саналтай байна. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд Рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлын эхний үе шат болон УБТЗ ХНН-тэй холбоотой онцгой албан татварын асуудал шийдвэрлэгдсэн болохыг мэдэгдэж байна. ОХУ-ын Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцааг иж бүрэн стратегийн түвшинд хүргэснээр хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг дахин онцлон тэмдэглье. Миний урилгыг хүлээн авч, цаг зав гарган Монгол Улсад айлчлал хийсэн Ерөнхийлөгч Владимир Владимирович Танд дахин талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа гэв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь болсон гээд энэ удаагийн яриа хэлэлцээр баялаг агуулгатай, халуун дотно, өргөн цар хүрээний асуудлыг хөндсөн хэмээн дүгнэсэн юм. Улмаар Монгол-ОХУ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гарсан нь цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт ахиулах боломж хэмээн харж буйгаа илэрхийллээ.Мөн хоёр улсын худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, энэ оны долдугаар сарын байдлаар гэхэд 12 хувиар нэмэгдсэн амжилтыг дурдаад, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслолоор эхэлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Угтах ёслолын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын түвшинд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрэв. Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тус тус бараалхаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахин, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандаж айлчлалын дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог бөгөөд уг ойг хамтран тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өгөх ёслолд оролцов. Айлчлалын үеэр байгуулсан баримт бичгийн жагсаалт: Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол Монгол Улсын Гаалийн ерөнхий газар,ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-оос 2024 оны төлөвлөгөө Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар, Оросын Холбооны Улсын Росгеологи хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр Монгол Шуудан хувьцаат компани, Оросын Холбооны Улсын Орос шуудан холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр Эрдэнэс Монгол компани, Оросын Холбооны Улсын Россети олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Ди Би Эм ассет менежмент үнэт цаасны компани болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын санхоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.