Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудаар санал хураалт явууллаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан шаардлагатай бол саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ гэж заасан байдгийг дурдаад үдээс өмнөх хуралдаанаар санал хураалт явуулах үед олонхын дэмжлэг аваагүй төрийн албатай холбоотой заалтаар дахин санал хураалт явуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Уг санал нь Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно гэж өөрчлөх байсан бөгөөд гишүүд саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн үйл ажиллагаа зөв байх гол үндэс нь төрийн албан хаагчид тогтвортой, мэргэшсэн байх. Тэд мэргэшсэн, ёс зүйтэй, чадварлаг байх нь төрийн үндэс суурь юм. Тиймээс энэ заалтыг бид нухацтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Энэ маш чухал заалт. Төрийн албаны тогтворгүй байдлаас болоод улсад их хэмжээний хохирол учирдаг. Нэг нам гарч ирээд хэдэн мянгаар нь ажлаас халж, өчнөөн их хэмжээний нөхөн төлбөр олгодог. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуусыг төрд ажиллуулах нь зөв хэдий ч шууд өндөр албан тушаалд тавих нь буруу. Монгол ёс зүй, төрийн бичиг баримт боловсруулах чадварыг нь харгалзан анхан шатнаас ажиллуулах нь зүйтэй. Чадварлаг хүмүүс богино хугацаанд өсөөд явчихдаг гэлээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Төрийн албанд улстөрчдийг дагаж явсан хүн орж ирэхийг хаах ёстой. Улстөрчид оролцохоо больчихвол төрийн алба мэргэшсэн, тогтвортой болж чамбайрна. Төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж чадахгүй, айдастай байдаг. Үүнийг халахын тулд Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой гэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Улс төрийн сонгууль болгоны дараа төрийн алба тогтворгүй болж, олноор нь халдаг байдал газар авсан. Тэр нь дараагийн сонгуулиар үргэлжилсээр энэ байдал үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрчээ гэсэн судалгаа гарсан байна. Энэ тогтворгүй байдлаас үүдээд хүнд суртал, авлига, хээл хахууль тасрахгүй, улам цэцэглэж байгаа. Төрийн албанд бий болоод буй энэ мэт зүйлийг зүйлийг засах гэж энэ заалтыг оруулж ирж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол амин сүнс нь энэ заалт юм. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Хариуцлагатай, ёс зүйтэй байх гэдэг заалтыг оруулж өгч байгаа нь хариуцлага алдаж, ёс зүйгүй байвал ажлаас халагдана гэдгийг тодруулж өгч байгаа юм. Төрийн албан хаагчдыг дархлаажуулж байгаа биш хариуцлагажуулж байгаа гэдгийг ойлгоосой хэмээсэн. Харин санал хураалтаар энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй. Үргэлжлүүлээд гүйцэтгэх эрх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангахтай холбоотой заалтуудаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалт олонхын дэмжлэг авсан бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй юм. Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн механизм сонгодог утгаараа хэрэгжиж, Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах ач холбогдолтой юм. Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Мөн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө. гэж өөрчлөн найруулах санал олонхын дэмжлэг авсангүй. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно. гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацааг тодорхой тогтоох боломжтой болж байгаа юм. Дараа нь шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. гэж өөрлөн найруулах санал дэмжигдсэн. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно гэж гишүүд үзэж буй юм. Түүнчлэн Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. гэж бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдлээ. Мөн Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно. гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олонх дэмжсэн юм. Энэ өдрийн хуралдаан шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар өндөрлөлөөхэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад гишүүдийн 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь гэснийг Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд 1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 3 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдэв. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн. Харин төслийн 3 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ. Дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангатай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хойшлуулсан саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. гэсэн хэсэг нэмэх саналын талаар гишүүд лхагва гарагийн чуулганы хуралдаанаар байр сууриа илэрхийлсэн. Иймд үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ажлын хэсгийн уг заалтад УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, Г.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар нарын саналыг тусгаж өөрчлөн найруулж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар бүлгийн хуралдаанаас шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг гишүүдэд сонордуулсан. Ингээд дээрх саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 42 гишүүн дэмжсэн ч, 57 гишүүний дэмжлэгийг авч чадсангүй. Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. гэж өөрчлөн найруулах саналыг хэлэлцлэж, гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгохгүй бол буруу тийшээ болж байгааг гишүүдэд анхааруулав. АН-ын төсөлд тусгагдсан зарчмын хэд хэдэн байр суурь дэмжигдээгүй тул УИХ-ын дахь АН-ын зөвлөл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ уг төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатайг тодотголоо. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундаас, давхар дээл тайлах асуудлыг шийдвэрлэх гэж байхад АН хэлэлцүүлгээс гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, давхар дээл тайлах нь нэг намын асуудал биш. Олон нийт хүсч хүлээж, ямар нэг шийдэл байх хэрэгтэй гэж үзэж байхад төрийн эрх барьж байсан нам энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүйг анхааруулан, хэлэлцүүлэгт оролцохыг уриалав. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн 29, 39 дүгээр заалт хоорондоо уялдаатай тул энэ хоёр асуудлаар бүлэг хуралдаж, дахин ярилцах шаардлагатай тул 15 цаг хүртэл завсарлага авахаа мэдэгдснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаагэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилсан бөгөөд айлчлалын хүрээнд Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 9 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад харилцааны дэд сайд А.В.Дапкюнас нар хоёр талаас тэргүүлэн оролцов. Монгол Улс БНБУ-ыг уламжлалт найрсаг харилцаатай, чухал түнш орон хэмээн үздэг бөгөөд уг харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзэж байгааг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд цаашид хоёр тал хамтын ажиллагааг илүү бодитой болгох талаар санал солилцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжуудын талаар ярилцав. Мөн талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нийлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад харилцан бие биенээ дэмжиж ирсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Хууль бусаар хайлуур жонш олборлож байв

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран тус аймгийн Өлзийт сумын нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ. Тус сумын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад комисс гарган нөхөн сэргээсэн талбайг хүлээж авах, цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүйгээр байнгын хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан /2019.09.05/ Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна гээд сүмо бөхөд монгол бөхчүүд амжилт гаргаж байгаа тухай болон 2020 онд болох Токиогийн олимпд Монголын тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв. Тэрбээр мөн, Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа нь маш том асуудал хэмээн тэмдэглэсэн. Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан, Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Таны айлчлал хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гээд тавтай зочлохыг хүслээ. Тэрбээр, Монгол Улс нь Япон Улсыг гуравдагч хөрш гэж үздэг, Япон Улс Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын төр, УИХ, Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо. Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засаг богино хугацаанд сэргэж, нааштай үзүүлэлтүүд гарсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч нь Япон Улс байсан, Япон Улсын Засгийн газраас олгож байгаа урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна гэв. Түүнчлэн,Улаанбаатар хотын олон улсыннисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурсанд болон Япон Улсын Засгийн газартай хамтарсан монгол инженерүүдийг бэлтгэх 1000 инженер хөтөлбөр, Монгол-Японы сургалтын эмнэлэг төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Талууд энэхүү уулзалтаар, хоёр улсын хоорондын соёлын харилцааны 45 жилийн ойн хүрээнд урлаг соёл, олон нийт, биеийн тамир спортын олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар харилцан санал солилцсон төдийгүй хоёр улсын парламент, Засгийн газрын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна хоёр улсын муж, аймаг хоорондын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хөгжүүлэх нь чухал талаар ярилцав. УулзалтадЯпон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато байлцлаа. Ноён Айзава Ичиро нь Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр Окаяма мужаас 11 дэх удаагаа сонгогдон ажиллаж буй юм байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.