“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл НҮТББ-тай хамтран Сарлаг-Үндэсний нөөц баялаг сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд зохион байгуулж байна. Сарлаг-Үндэсний нөөц баялаг сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнөөр тоо толгой нь цөөрч устаж үгүй болох түвшинд хүрээд байгаа сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн ярилцаж байна. Зөвлөгөөнөөр сарлагийн сүү, мах, хөөвөр, хялгасыг бэлтгэх технологи, удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах талаар хэлэлцүүлэг явуулж, санал бодлоо солилцоно. Өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл бол сарлаг юм. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь Монгол сарлагийн давуу тал юм. Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876,6 мянган толгой сарлагийг үржүүлж байна. Бэлчээрийн даацад нөлөөлдөггүй өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарах боломж ихтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Тухайлбал тослог өндөртэй \7,2-12\ сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгааг хэлж байна. Тиймээс сарлаг үржүүлэгчид үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ийнхүү зөвшилдөж байна. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй салбар яамны холбогдох албаны хүмүүс, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн ХХААГ болон зарим сумдын мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид, саальчид, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн саальчдын холбоо, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын төлөөлөл оролцож байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг технологийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарлаа хандуулж байгааг онцоллоо. Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын технологит хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын түвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

24 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2019 онд Өмнөговь аймаг болон ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Ханбогд сумын Хайрхан багт барих ажил эхэлж байна. Мөн санамж бичгийн хүрээнд энэ жил Цагаан хадны суурьшлын бүсийг цахилгаанд холбох ажил хийгдэх юм.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр болов. Өргөтгөсөн хурлыг 2019 оны наймдугаар сарын 19-ний Даваа гарагт товлов. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019 оны8дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талуудхоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудал, тухайлбал ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй харилцанайлчлалуудын бэлтгэл ажлын явц,Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэнөнгөрүүлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилт зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах тухай асуудлаар тусгайлан ярилцав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.