ТҮЦ-д худалдаалж байсан хавчуургатай талхнаас хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна
2019-07-23 10:01:15 Нийтлэгдсэн: Халуун сэдэв2019 оны 07 дугаар сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогийн байдлаар 3 хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т,Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоолоо. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
2019-07-23 08:54:26 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов. Тус төвийнхөн нийслэлчүүдэд зориулан ногоон технологийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд дэлгэн үзүүлж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Бээжин хот нь гудамжны болон байгууллага, өрхийн гэрэлтүүлгийн шийдэлд онцгой анхаарч, гар утсаар удирдах боломжтой, орчноо мэдэрч хэрэглээгээ өөрөө тохируулдаг ухаалаг гэрэлтүүлгийг нэвтрүүлэхийн хамт гэрлээр мэдээлэл дамжуулах, удирдах боломжтой li-fi төхөөрөмжийг нийтийн авто зогсоол, сургууль, худалдааны төвүүдэд туршиж эхлээд байгаа юм байна. Мөн хотын агаарын бохирдлоос шалтгаалан иргэд ихээр хэрэглэх болсон агааржуулагч төхөөрөмжүүдэд өвлийн улиралд 26 хэм, зуны улиралд 20 хэмийн ашиглалтын хязгаар тавьснаар эрчим хүчний хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэж чаджээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлт зонхилох үр нөлөөтэй тул иргэдээ боломжит арга замуудаар эрчим хүчээ хэмнэхийг дэлхийн улс, хотууд уриалж байна. Зөвлөмжөөс гадна захиргааны аргаар зохистой хэрэглээнд шилжүүлэх алхмыг ч авч эхлээд байгаа. Тухайлбал, Европын холбоо 2018 оны есдүгээр сарын 01-нээс улайсдаг гэрлийн чийдэн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Айл өрхийн хувьд таван ширхэг улайсдаг чийдэнг 50.000 цаг ашиглахад 1.726.500 төгрөгийн зардал гардаг бол өдрийн гэрэл 529.350, LED гэрэл 485.250 төгрөгийн зардал гардаг байна. Улайсдаг гэрэл нь ашиглалтын цаг (1200 цаг)-ийн хувьд бидний нэрлэж заншсан өдрийн гэрэл буюу CFL (10.000 цаг), сүүлийн үед хэрэглээнд түлхүү нэвтэрсэн LED (50.000 цаг) чийдэнгээс олон дахин бага хир нь зардал өндөртэй тул хэрэглэхээс татгалзахыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Бизнес, санхүүгийн цахим мэдээллийн хэрэгсэл болох BTCN.asia-гийн улс орныг бизнес, технологи, улс төр зэрэг олон талаас нь танилцуулах зорилготой Country Report буланд Монгол Улс анхны зочноор оролцов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдал ба ирээдүйн нөөц боломжийн талаар ярилцав. Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын 3 талт яриа хэлэлцээ, эдийн засгийн коридор болон дэд бүтэц, ложистикийн төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай болон Монгол Улсын цаашдын хөгжлийг зөвхөн уул уурхайн салбарт түшиглэсэн бус хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн органик бараа бүтээгдэхүүнийг гадны дэвшилтэт технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэж, гадны зах зээлд худалдаалах зорилтын талаар танилцуулав. Ярилцлагыгhttps://www.youtube.com/watch?v=QyMjHOxbiGQt=10sээс бүрэн эхээр нь үзнэ үү.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ПРИЯА ХЕМПОН БОЛОН ТАЙЛАНДЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-07-22 10:51:34 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд Тайландын соёлын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа тул цаашид эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгааг талууд харилцан тэмдэглэв. АХБ-ны санхүүжилтээр Хөшигийн хөндийд Монгол, Тайландын хамтарсан нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг дурдаж, улс орны хөгжилд өндөр үр өгөөжтэй төслүүдийг цаашид хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Тайландын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд энэ зорилгоор тус улсын Экспорт, импортын банкны төлөөлөгчдийн хамтаар ирж, төрийн болон хувийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж буйгаа мэдээлэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын соёлын өдөрлөгт оролцлоо. Энэхүү өдөрлөгийг Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Прияа Хемпон нар үг хэллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энд хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Манай хоёр улсын улс төр, дипломатын нягт харилцааны үндсэн дээр цаашид хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн онцлов. Өдөрлөгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын төлөөлөл, дипломат байгууллагын тэргүүн нар оролцлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй