Барилгын материалын олборлолт, тээвэрлэлтийн талаар оролцогч талуудын уулзалт болов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоон, тодорхой асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн. Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны, жолооч нарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд болон барилгын материал олборлогч, үйлдвэрлэгч, тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбоодыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг хангах ажлыг явцын мэдээллийг сонслоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 1857,18 га талбай бүхий 45 тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр, 53,16 га талбай бүхий 1 тусгай зөвшөөрлийг 2019 оны А/540 дүгээр захирамжаар тус тус хүчингүй болгосны үр дүнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай нийслэлийн нутаг дэвсгэрт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болсныг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тухайн жилд уулын ажлын болон байгаль хамгаалах төлөвлөгөө батлуулан хуулийн дагуу ажиллах аж ахуйн нэгжүүдийн байршил, мэдээллийг орон нутгийн иргэд, мэргэжлийн холбоодод жил бүрийн 5 дугаар сард хүргүүлж байх, иргэн, аж ахуйн нэгжид идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгох, дээр дурдсан судалгаанд үндэслэн хууль бус олборлолтын талаарх мэдээллийг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж байхаар талууд харилцан тохиролцлоо. Нийслэлийн нутаг дэвсгэрт уулын дайрганаас хайрга гарган авах боломжийг судалж шийдвэрлэх асуудлаар Бетон зуурмагт ордог элс дайрганы химийн стандарт сэдвээр Карьер компанийн захирал, барилгын инженер Ж.Баяраа, Хайрга, дайрга олборлогчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Батжаргал мэдээлэл хийж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч доктор профессор С.Чулуунхуяг, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Улаанхүүхэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, Бетон зуурмагийн холбооны тэргүүн Даваадорж нар байр сууриа илэрхийлж уулын дайрганаас хайрга гаргах боломж, өнөөдрийн ашиглаж буй барилгын материалын чанар стандартын шаардлага хангаж буй эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгийг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Түүнчлэн нийслэл хотын бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал түүний дотор цахиурын агууламж өндөртэй элсний нөөцийг тодорхойлж, нөөц бүхий газруудыг дуудлага худалдаагаар ашиглуулах, Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга. Ширхэглэлийн химийн найрлага MNS6713:2018 зөвлөмж стандартыг хэрэгжүүлэх, уулын дайргаас хайрга гаргах төхөөрөмжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах зэрэг тодорхой саналууд гарсныг шинээр байгуулагдсан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт уламжилж шийдвэрлүүлэхээр тогтов. ХУД-ын 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй олборлолт, тээвэрлэлт болон Төв аймгийн Алтанбулаг сумаас түгээмэл тархацтай ашигт олборлон тээвэрлэж буй үйл ажиллагаанаас дуу чимээ, шороо тоос ихээр үүсэж тухайн хорооны оршин суугчдын аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа гомдол байнга гарч байгааг шийдвэрлэх зорилгоор тээвэрлэлтийн хугацаа, маршрутыг тогтоож өгөх санал гарлаа. Дүүргийн зүгээс өөрсдийн барьсан технологийн замаас хураамж авч, засвар үйлчилгээг нь сайжруулах боломж мэргэжлийн холбоодод байгаа болохыг, холбоодын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн дагуу автозамд ачааны машины бүх жинг 10 тонноор хязгаарлаж байгаагаас барилгын материал тээвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн өндөр өртгөөр барьсан Нисэхийн тойргоос Био, Шувуу чиглэлийн замыг ашиглуулахгүй, үүнээс үүдэн тоосжилт, шөнийн тээвэрлэлт ихээр явагдаж байгаа болохыг дурдлаа. Нийслэлийн Автозамын газраас тодруулга авсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн ... 10 тонноор хязгаарлах ... гэснийг өөрчлөх санал боловсруулж өргөн мэдүүлэх, тээвэрлэлтийг засмал замаар гүйцэтгэхээр тогтлоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS:4598-2003 стандартыг чанд мөрдөх, хашлага давуулж ачилт хийснээс дайрга шороо зам дээр асгарч, замын эвдрэл үүсгэж байгаа болохыг мэргэжлийн холбоодод анхааруулж, уг байдлыг таслан зогсооход хамтран ажиллахыг хүслээ. Оролцогч талуудын харилцан зөвшөөрснөөр суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлт хийх хугацааг 08.00-22.00 цаг байхаар шийдвэрлэв. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 оны жилийн эцсийн байдлаар 1652,6 га талбай олборлолтын улмаас ухагдаж эвдэрсэн бөгөөд 2014-2018 онуудад 438,1 га талбайг орон нутгийн төсвийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн байна. Нөхөн сэргээлтийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 2018 онд 4 дахин нэмэгдсэн боловч хуулийн дагуу тогтоогдсон нөөцөө бүрэн авсны дараа нөхөн сэргээлт хийх, нөөцийг сорчилж авахгүй байх зохицуулалт нь байгаль орчны холбоод, иргэдийн зүгээс ашигласан талбайдаа жил бүр нөхөн сэргээлт хийх шаардлагатай зөрчилддөг болохыг мэргэжлийн холбоодын зүгээс танилцуулж байлаа. Үүнтэй холбоотойгоор 2019 оноос эхлэн дүүргүүдийн саналын дагуу дүйцүүлэн хамгаалал хийх боломжуудыг бий болгосон талаараа зохион байгуулагчид танилцууллаагэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессорД.Бадарч өнөөдөр (2019.07.16) ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Фредерик Рассел Ривоаллан нарыг хүлээн авч уулзав. Төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь:Мэдлэгээс төрийн бодлогод сэдэвт семинарт оролцохоор иржээ. Уг семинарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм. Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал, Институцууд, хүний эрх, тэгш бус байдал, Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх,доктор, профессорД.Бадарч урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд УИХ-ын даргын голлон анхаарч буй хэд хэдэн асуудлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, УИХ-ын дарга сонгогдсон өдрөөсөө эхлэн парламентын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулсан. Өмнө нь УИХ-ын Тамгын газарт судалгаа, шинжилгээний 54 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан ч үе үеийн сонгуулийн дараа тухайн нэгжийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилдөг байсан. УИХ-ын даргын зүгээс чадварлаг, тогтвортой, хараат бусаар ажилладаг судалгаа, шинжилгээний нэгжтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа гэв. Мөн УИХ-аар сүүлийн арав гаруй жил ярьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ард иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улстөрийн намууд, мэргэжлийн холбоод болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан. Хэлэлцүүлгийн үе шат өрнөж байгаа талаар танилцууллаа. Нийгмийн бүхий л салбарт байгаа тэгш бус байдлыг арилгах, ялангуяа эрх нь зөрчигдөж, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах тал чиглэлд өнгөрсөн хугацаанд анхаарч ажилласан. Тодруулбал, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, хэд хэдэн удаагийн томоохон хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажилласан. Улс орны хөгжлийг түүчээлэх шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шинжлэх ухааны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Бидэнд хамгийн чухал нь инновацын эко системийг бүрдүүлэх шаардлагатай байгаа.Олон улсад өрсөлдөх чадвар бүхий инновацын төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, инновацын төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоорИнновац ба хөрөнгө оруулалт форумыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан зохион байгуулсан.Энэ форумд Стэнфордын их сургуулийн профессорууд, олон улсын мэргэжилтнүүд оролцсоноороо ач холбогдолтой болсон талаар танилцуулсан юм. ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү уулзалт цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Энэ гурван өдрийн семинарын үр дүнгээс бидний цаашдын хамтын ажиллагааны чиглэл илүү тодорхой харагдана гэж найдаж байна. Олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд болон байгууллага хооронд хэрхэн ажиллах болон тусламж, дэмжлэг шаардлагатай салбарын талаар бодит мэдээллийг авна гэж бодож байна гэв. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт байлцав гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.35 цагт эхэлж,Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд доорх дүгнэлтийг гаргажээ. Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, холбогдох хэсгийг Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. хэмээн өөрчлөн найруулсан байна. Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь Төр нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна., Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна гэж Цэц дүгнэжээ. Мөн уг заалтаас үүдэлтэй 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ гэж Цэц үзсэн байна. Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой болохыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан байна. Үндсэн хуулийн дээрх дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хүлээн авах боломжгүй гэж үзлээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа танилцууллаа

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсангүй Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.07.16) нэгдсэн хуралдаан 15 цаг 21 минутад гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнН.Чинбат, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар тус тустанилцууллаа. Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон аж. Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна., Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ. УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа цэцийн 03 дугаар дүгнэлтийг тус тус хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Цэцийн дүгнэлт болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Н.Амарзаяа, Я.Содбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хороодын саналын томьёоллын дагууҮндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа танилцууллаа Хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналынтанилцуулгаар үргэлжлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа,Улсын Их Хурлын ээлжит бус чуулган онцгой хариуцлагатай цаг үед хуралдаж, онцгой чухал хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна. Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад баярлалаа гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг сануулан уриалж байсан билээ. Тэр цаг нэгэнт тулж ирлээ. Монголын ард түмэн, улс төрийн намуудын олонх нь Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн намрын чуулган дээр хэлсэн үгэндээ миний бие Үндсэн хуульд өөрчлөлт, нэмэлт хийхдээ юуг анхаарах, ямар зарчим, үндэслэл баримтлах талаар хэлж байсан тэр л байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр, Наадмын өмнө удаа дараа ард иргэдээс гаргасан саналыг УИХ-ын Тамгын газраас нэгтгэн наадмын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхээ хувьд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон, зайлшгүй сайжруулах шаардлагатай асуудлуудаарх иргэдийн саналыг тусгасан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн санал төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэмэлт, өөрчлөлтийн санал төсөл нь нэг өдөр бодож олсон зүйл биш. Өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жил хэлцэгдсэн, иргэдийн бодол, шүүлтүүрээр орж сайтар шигшигдсэн баримт бичиг хэмээн үзвэл зохино. Санал болгон түүхэн сургамжтай. Алдаан дээр суралцаж, цаашид гарч болзошгүй алдаануудыг хааж байгаа юм гэж байлаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтаван багц асуудлаар Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн28.5 хувийгэзэлж байна гэсэн юм.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчий зүгээс дараах саналуудыг оруулахаар тусгажээ. Нэг. Өнөөгийн байдлаар манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх хандлага бүхий маргаан дэлхий нийтэд байхгүй. Хэдий ийм ч тодорхой нөхцөлд улсынхаа тусгаар тогтнолыг улам бүр бэхжүүлж, үеэс үед сахиулан хамгаалахад чиглэсэн хуулийн хамгаалалтыг хийх нь зөв гэдгийг зарим улсад өрнөсөн үйл явдал, гашуун туршлага харуулсан тул Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгах шаардлагатай байгаа юм. Үүнийг нэмэлт өөрчлөлтийн санал төсөлд:1.3 Монгол улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоногэсэн заалтаар илэрхийлж байна. Хоёр.Манай улс 1992 оноос хойш парламентын 7 удаагийн, Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг, мөн тооны давтамжтайгаар орон нутгийн хурлын сонгуулиудыг явуулаад байна. Зохион байгуулалттай хууль бус, бусармаг үйл ажиллагаа бодитоор явагдсан, цаашид ч явагдах магадлал их тул үүнийг таслан зогсоохын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгаж, салбар хуулийн хүрээнд гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Тийм учраас,3.3 Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэхэмээн томъёолсон заалтыг орууллаа. Гурав.Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэг бүхий Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг улам тодотгон бэхжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг дархлаажуулахын тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалтууд тусгах шаардлага бий. Эдгээр зохицуулалт нь салбарын хуулиар хангагдсан ч Үндсэн хуульд тусгагдаагүй учраас Монгол банкнаас ирүүлсэн саналыг уламжлан оруулж байна. Дөрөв.Нэгдмэл улс гэдгээ бататгах, засаг захиргааны удирдлагын эрх хэмжээ, удирдах, удирдуулах ёсыг бэхжүүлэх нь нэн чухал болж байна. Тархай бутархай нэгжүүдийн эрх мэдлийн хийдэл, зөрчил, давхардал нь өнгөрсөн он жилүүдэд улс орны хөгжлийг туйлын ихээр тушлаа. Тиймээс газартай холбоотой аливаа эрхийг Засгийн газар болон засаг, захиргааны томоохон нэгжийн удирдлагад шилжүүлж, хөгжлийн бодлого зорилтдоо нийцүүлэн ашиглах нь нэн чухал байна. Үүнтэй холбоотойгоор:6.6 Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нйислэлийн Засаг дарга гарганагэсэн заалт оруулж байна. Тав. Ард түмний мэдэлд байх, нийтийн өмчид хамаарах байгалийн баялгаа зохистой, үр ашигтай, хүртээмжтэй ашиглах зарчим, журмыг Үндсэн хуулиар тогтоож, өнөөгийн болон ирээдүйн ард түмнийхээ эрхийг хамгаалан хангах шаардлагатай гэж үзэж байна.6.2 Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Зургаа.Улс төрийн намуудыг шинэчлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийгээгүй тохиолдолд улс орны хөгжил хийгээд иргэдийн ахуй амьдралд хүндрэл учруулж болзошгүй тул Үндсэн хуульд суурь зохицуулалтуудыг тусгах шаардлагатай байна. Тийм учраас намуудын гарааг жигд, санхүүг ил тод болгох заалтууд оруулахаар санал болгож байгаа юм. Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын 5 хувь буюу 100 мянга хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ тавин мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгууллага бүртгэхээр зааж өглөө. Ирэх сонгуульд өрсөлдөх бүх намууд нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн бүртгүүлэх ёстой болно. Улс төрийн намуудын хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орох энэ заалтуудыг суурь үндэслэл болгох хэрэгтэй. Долоо.Аливаа улсын парламент хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг108болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэж үзлээ. Найм.1992 оноос хойшхи парламентын 7 удаагийн сонгуулиас хойш 2012 оны сонгуулийг л холимог тогтолцоогоор явуулжээ. 2012 оны сонгуульд холимог тогтолцоог ашигласнаар парламентад олон намын төлөөлөл орсноос гадна иргэдийн саналыг гээгээгүйгээрээ чухал ач холбогдолтой байсан гэж судлаачид үздэг. Олон намын төлөөлөл бүхий парламент нь аливаа асуудлыг зөвшилцлийн мэтгэлцээний замаар шийдвэрлэх, шийдвэр гаргах явц дахь нэг намын хэт давамгайллыг бууруулах давуу талтай гэж үзлээ. Түүнчлэн Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлэх эсхүл сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгайлан зааж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа юм. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой тусган, зааж өгөх нь зүйтэй. Ес.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жилээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засгийн уналт, бууралтын мөчлөг 5 жилийн давтамжтай явагддаг гэсэн судалгаа бас бий. Сонгуулийн 4 жил нь эдийн засгийн мөчлөгтэйгөө зөрөх нь олонтаа тохиолдож байна. Дэлхий дээр парламентын бүрэн эрхийн хугацааг 4, 5, 6 гэсэн жилүүдээр тогтоодог жишиг байгаагаас дундаж хувилбарыг сонгож байгаа юм. Арав.Дэлхийн улс орнуудын жишигт нийцүүлэн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр төсвийн, татварын гэх зэрэг Засгийн газрын боловсруулвал зохих хууль, тогтоомжийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүн санаачлахад хязгаарлалт хийнэ. Санал төсөлд тусгаснаар бол:26.1 Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооногэж заасан. Арван нэг.Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан институцийн эрх зүйн үндсийг тогтоох, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааных нь чанарыг сайжруулах, шаардлага бодитоор тулгарч байна. Түүнчлэн Засгийн газар нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хоёр баримт бичгийг үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тулгуур зарчим болгож, заавал тусгах заалт орууллаа. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоож, хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах нь зүйтэй юм. Энэ бол нийгмийн шаардлага, олон жил яригдсан асуудал тул тайлбар илүүц биз. Арван хоёр.Төрийн бодлогыг боловсруулах үндсэн нэгж болох яамны аппаратыг удирдаж, төрийн бодлого шийдвэрийг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлэх, сайдыг үйл ажиллагаагаа шуурхай явуулахад туслах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Төрийн нарийн бичгийн даргын томилгоо болон төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших нөхцөл, баталгаа, эрхийг Үндсэн хуульд тусган хамгаалах шаардлага байна. Арван гурав.Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулж, сахилгын хорооны магадлалыг аль нэг тал эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг салбар хуулийн хүрээнд улам боловсронгуй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас ялгамжтай байдлаар тогтоох шаардлагатай байна. Мөн мэдлэг, чадвартай, ёс зүйтэй мэргэжилтнийг шүүгчээр ажиллуулахын тулд төрийн албанд хэрэгждэг зарчмын дагуу шүүгчийг туршилтын хугацаагаар томилж ажиллуулах шинэ жишиг тогтоох нь зөв гэж үзэж байна. Арван дөрөв.Нийслэлийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн бусад нэгжээс онцлог ялгаатайгаар хөгжих боломжийг бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, дэд бүтцийн тулгамдсан байдлыг оновчтой шийдвэрлэх үүднээс нийслэл нь дүүрэгт бус хотуудад хуваагдахаар тусгах нь оновчтой гэж үзлээ. Ингэснээр дүүрэг нь хотын статусаар үйл ажиллагаа явуулж тулгамдсан асуудлаа бие даан оновчтой шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрэлдэнэ. Түүнчлэн Монгол Улсад олон жил шийдэл хүлээж буй бусад хотын асуудлыг нэг мөр болгох, хотыг засаг захиргааны нэгж гэж тооцох, ангиллыг оновчтой болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж, уялдсан нэмэлт, өөрчлөлтийг хамаарах зүйл, хэсэг тус бүрт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байна. Иймд:57.3 Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэгэсэн заалтыг оруулахаар тус тус тусгажээ гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Түймрийн улмаас 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар байдлаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч,нийт 24.2 тэрбумтөгрөгийн хохирол учирсан байна. Урьдчилсан байдлаар 49.5 мянган га ой, 250 мянган га хээрийн талбай, нийт 300 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатсан. Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 9 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг, нийт зургаан түймэр асч байна. Баяр амралтын өдрүүдээр тус аймагт нийтдээ долоон түймэр гарснаас нэгийг бүрэн унтраасан бөгөөд дээрх зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 101 алба хаагч, 8 автомашин, орон нутгаас 56 иргэн, 4 автомашин, нийт 157 хүн, 12 техник хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.