942 ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, 22 ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЭЛ АВЧ БАЙСАН

МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой ярилцлаа. -Монгол наадам айсуй. Жил бүрийн наадмын үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна? -Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдаан наадмын өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Энэ нь зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын чухал үүрэг. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр. Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна. Энэ наадмын тухайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмжийг хүргүүлээд байна. -Хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу байна вэ. Унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бас цөөнгүй гарсан байдаг? -2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд нийтдээ 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, 1 хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай тоон мэдээ байна. 2018 он буюу өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн 07 нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон. 2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй, мориноос унасан хүүхдийн тоо 282-аар, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв бүрэн өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй сайхан наадахыг хүсье. -Одоо манай улсад унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ. Тэр стандартад юу гэж заасан байдаг юм? -Үндэсний их баяр наадмын тухай хууль болон орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур зэрэг орж байгаа. Эдгээр нь дээрх стандартын шаардлагыг хангасан байх ёстой юм. -Унаач хүүхдүүдээс гадна тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа өөр бусад нь ч бий. Жишээ нь уул уурхай, барилгын салбарт хүүхдүүд ажиллаж байна. Энэ талаар? -Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхай, барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогчдод Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ЗӨВЛӨМЖИЙГ манай байгууллагаас орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаараа дамжуулан хүргүүлээд байгаа. Уул уурхайн салбарт сүүлийн 3 жилд 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн байна. Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарт насанд хүрээгүй хүүхэд үйлдвэрлэлийн осолд өртөөгүй боловч уул уурхайн салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа бүрэн мөрддөггүй, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэггүй, ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг баримталж ажилладаггүй, сургалтад хамрагдаагүй мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсаар байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ЖОН БОЛТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчдийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 30-нд Зэвсэггүй бүсэд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын нарын уулзалтыг сайшаан тэмдэглэж, энэ нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, яриа хэлцээг дараагийн шатанд гаргахад чухал алхам боллоо гэдгийг онцолж, Монгол Улс энэхүү санаачилгыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр нийтлэг үнэт зүйлс, харилцан ойлголцолд тулгуурласан Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, АНУ нь Монголын ардчилал, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав. Элчин сайд Ж.Болтон АНУ нь Монгол Улсыг бүс нутаг дахь чухал түнш хэмээн үздэгийг онцолж, улмаар Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгааг, Монголыг цаашид ч дэмжихийг илэрхийлэв. Талууд хоёр талын өндөр, дээд түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт, энхийг сахиулах хамтын ажиллагаа зэрэг хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хоёр тал 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцож, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг байгуулсан бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна. Тухайлбал, Ж.Болтоны айлчлалын бүрэлдэхүүнд Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн төлөөлөл оролцож ажилласан нь үүний илрэл юм. Мөн АНУ-ын зүгээс манай улсад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Конгресст Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ЖОН БОЛТОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

МонголУлсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд M.Клечески нарын албаны хүмүүс оролцлоо. Соёмбо сонин

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүст уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо. Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт болон АНУ-БНАСАУ-БНСУ-ын анхдугаар гурван талт уулзалт нь холбогдох талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, ЗХА-ийн бүс нутагт хөгжил цэцэглэл, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна.

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ IV ХУРАЛДААН СӨҮЛ ХОТНОО БОЛЖ ӨНГӨРӨВ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан энэ оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахлав. SAMSUNG CSC Засгийн газар хоорондын Хамтарсан хороо нь 2015 онд байгуулагдаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, иргэд консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал механизм болж өргөжин хөгжиж байна. Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэл-ийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэл-ийн түвшинд хүргэх бэлтгэл ажлыг хангах, 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ирэх оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгон зарлах, тусгай төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг 30 арга хэмжээг зохион байгуулахаар ярилцав. Талууд улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах талаар санал нэгдэв. Тухайлбал, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэд сайд нарын түвшинд зохион байгуулах, Сангийн яам хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт, Байгаль орчны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг шинээр бий болгох, төмөр замын асуудлаарх хоёр талын холбогдох байгууллагуудын уулзалтыг энэ онд зохион байгуулахаар болов. Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн цаашид яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар ажил хэргийн түвшинд хэлэлцэж эхлэхийг санал болгов. Талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар болов. Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой санал солилцов. Солонгосын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар нааштай судалж буйг мэдэгдэв. Монголын тал хоёр улсын иргэд зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж буйг онцолж, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчиход чиглэсэн замын зураглал гаргахад хоёр талын холбогдох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв. Сайд Н.Цэрэнбат манай иргэд солонгосын виз мэдүүлж авахад урт хугацаа зарцуулж байгааг богиносгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг солонгосын талд хүсэлт болгов. Талууд олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар үр ашигтай санал солилцов. Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.