Дуу цахилгаантай бороо орно

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно. 2019 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 28-30 хэм дулаан байна. 2019 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 10-нд зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 11-13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

АВТО ТЭЭВРИЙН ТОВЧООДООР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН 377 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ БУЦААЛАА

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо болон хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн буцаах арга хэмжээ авлаа. Мөн Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван толгой ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгсэлээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажиллалаа. Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Энержи ресурс ХХК-иас Улаанбаатар хотруу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүллээ.

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ХАРААТ БУС КОМИСС ЖЕНЕВ ХОТНОО ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр 7 дугаар сарын 2-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет нээлтийн үг хэлж оролцсон ба тус комиссын Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Дэд ерөнхийлөгч, ШХУ-ын Ерөнхийлөгч асан Р.Дрэйфус, комиссарууд болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг төсөлсөн проф. М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын хэсгийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо. Уг арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд нэгдээгүй орнуудыг нэгдэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад уриалах зорилготой болно. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалж буй гэдэг утгаараа гэрээнээс гарах тухай заалт анхнаасаа тусгагдаагүй болно. Иймд гэрээнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Өдгөө Нэмэлт II протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг хуульчлан халж эсхүл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ. Манай улсЦаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комиссыг Дэмжих бүлгийн гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд цаазаар авах ялыг халахад уриалах зорилготой тогтоолыг Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар Улстай хамтран санаачлан авч явдаг улсын хувьд уг арга хэмжээнд хамтран зохиогчоор оролцлоо.

Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ

ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын сүүлийн өдрүүдэд, хүчтэй аадар бороо үргэлжилсний улмаас тус мужийн 55 тосгон, суурингууд үерт автаж 10,000 гаруй айл өрхийн 32,800 иргэн үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан бөгөөд одоогийн байдлаар үерийн бүсээс 2500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9,000 гаруй хүн, түүний дотор 2,300 орчим хүүхэд үерийн бүсэд одоог хүртэл байгаа мэдээлэл байна. Долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 хүн амь эрсдэж, 13 хүн сураггүй болсон тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Эрхүү мужийн олон мянган айл, өрх иргэдэд, их хэмжээний хохирол учраад байгаа тул үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-аас санаачилжээ. Уг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлэгч Х.Баттулга дэмжиж нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудыг уг хүмүүнлэгийн аянг дэмжихийг уриаллаа. Хандивын аяны хүрээнд үерт орон гэрээ алдсан иргэдэд нэн тэргүүний шаардлагатай зүйлс болох дулаан хувцас, гутал, хөнжил, хивс, лаазалсан мах зэрэг шаардлагатай эд зүйлс цуглуулан, хүргэж өгөх санаачлагуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд гаргаад байна. Мөн орон гэргүй болсон айл өрхүүдийн 100 хүүхдийг Монгол улсын хүүхдийн зусланд амрааж сэтгэлзүйн дэмжлэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар тооцоход дээрх үйл ажиллагаанд хүүхэд тус бүрийн 500,000₮ буюу нийт 50 сая төгрөг шаардагдаж байгаа аж. Монголчууд бид Чернобилийн атомын цахилгаан станцын гамшиг, Хятадын Сичуан мужад болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг Монголд авчиран сувилж дэмжиж байсан туршлагатай. Иймд аяныг санаачилагч Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-ын зүгээс нийт гадаадад төгсөгч нар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалсан байна. Хандивын аяныг дэмжихийг хүссэн байгууллага, иргэд, Иркутскт төгсөгчид болон хүмүүнлэг сэтгэл, буяныг эрхэмлэгч хэн бүхэн: 99081118, 80006007, 99064204 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-ын ХААН банкны 5070391073 дансаар хандив өгөх боломжтой, Мөн хандивын зарцуулалт болон үр дүнг тус төрийн бус байгууллагаас хариуцан ил тод мэдээлэхээр болсон байна.

АВАРГА ТОСОН НУУР АМЬ ТЭМЦЭЖ БАЙНА

Байх ёстой зүйл байж л байвал сайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аваргатосон нуур нь эрт дээр үеэс үе мөч, арьс өнгө, бөөр нуруу, эмэгтэйчүүдийн болон цус, мэдрэлийн олон төрлийн өвчнийг анагаадаг бөгөөд агаар, ус, шавар, нарны хосолсон эмчилгээний ач холбогдлоороо дэлхийд маш ховорт тооцогддог нуур юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ нуурыг зорих иргэдийн тоо ихсэхийн хэрээр нуурыг бохирдуулах хүчин зүйлс ч нэмэгдэж, Аваргатосон нуур амь тэмцэх болов. Өнөөдрийн байдлаар Аваргатосон нуурыг тойроод 250 гаруй хувь хүн, албан байгууллага газар эзмших зөвшөөрөл авсан бүртгэл байна. Эдгээрийн 50 хувь нь буюу 100 орчим иргэн, аж ахуй нэгж амралт сувиллын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж. Зөвхөн зуны гурван сарын хугацаанд 25000 орчим амрагч энэ нуурыг зорин очдог байна. Хэдийгээр зундаа тус газар оронд аялал жуулчлал дагасан олон зүйл нэмэгдэж байгаа ч амрагчидын хайхрамжгүй, ухамсаргүй үйлдлийн улмаас ийнхүү дэлхийд ховор гайхамшигт нуур бохирдож, ширгэж, өвчин анагаагч шимүүр, хануур хорхойнууд нь устаад байгаа юм. Мөн тосон нууртай зэрэгцэн оршдог Гүн Бүрд нуур зүй зохисгүй хэрэглээнээс үүдэн бохирдож, хүн орох аргагүй болсоноос гадна ширгэж эхлээд байна. Тиймээс Бүрд нуурыг мөн адил сэргээж чадвал Тосон нуурын ачаалал багасах боломжтой аж. Аварга тосон рашаан ус хамгаалах нийгэмлэг ТББ-ийн тэргүүн Б.Эрдэнэбат:Химийн найрлага, эмчилгээний ач холбогдолоороо дэлхийд ховорт тооцогддог нуур маань ширгэж, хэдхэн жилийн дараа гэхэд устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Тиймээс энэ нуурын эрэгт хүүхэд насаа өнгөрөөсөн хэсэг нөхдийн хамт Хөдөө арлын хүүхдүүд төслийг санаачилж, Аварга тосон рашаан болон Бүрд нуураа нөхөн сэргээх, эмчилгээний ач холбогдолыг нь хэвээр авч үлдэхийн тулд хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Мөн БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, Тосон нууранд судалгаа, шинжилгээ хийхээр болсон. Энэхүү судалгааний үр дүнгээс шалтгаалан олон ажил хийгдэнэ. Шаардлагатай бол ойрын хэдэн жилдээ амрагч хүлээж авахгүй нуураа амраах хүртэл арга хэмжээ авна. Нуур бохирдох болсон гол шалтгаан бол хүмүүсийн буруутай үйлдэл, зүй зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Жишээлбэл иргэд биедээ тавьсан шаварыг нууранд орж угаадагаас болоод нуурын гүнд шавар лаг үүсч, энэ нь нуурын ундрагыг нь бөглөх болсон. Түүнчлэн янз бүрийн химийн бодис, саван, угаалгын нунтаг хэрэглэдэг, хийлдэг гудас, завь зэрэгтэй ордог. Энэ нь эмчилгээний нууранд хориотой байдаг. Харин Бүрд нуурын хувьд мал оруулах, машин болон хувцасаа угаах зэрэг зохисгүй үйлдлүүдээс болж маш ихээр бохирдоод байгаа. Тиймээс нэн түрүүнд бидний хийх ажил бол энэ нутаг орныг зорин ирдэг амрагч, сувилуулагчид нуурандаа зөв зохистой орох, хэрэглэх заавар зөвлөгөөг өгөх, шавар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зориулж нуурын гадна шавараа угаах угаалгын газар, хувцас солих газар байгуулах, хогийн сав, био нойл, авто зогсоол барих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бий болоод байна. Иймд Аваргатосон нуурын ач тусыг мэдэх хэн бүхэн энэ нутагт ирж амарч сувилуулах гэж байгаа бол энэхүү гайхамшигт нуураа авран хамгаалах, насыг нь уртасгахад сэтгэл зүрхээ нэгтгэж, зөв зохистой үйлчлүүлээсэй гэж хүсч байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.