“МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ-2019”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-06-28 09:37:52 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтран Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019-ыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд монголын талаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хаймин зэрэг албаны хүмүүс болон хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Форумын үйл ажиллагааг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувь ӨМӨЗО-оор дамжин хийгддэгийг онцлоод энэ удаагийн форум нь хоёр орны худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Форумын үеэр зохион байгуулсан хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОАЖЯ, ҮХГ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцуулав. Түүнчлэн форумын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд нүүрсний орд ашиглах, нүүрс баяжуулах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, мах, сүүн бүтээгдэхүүн, зэрлэг жимс боловсруулан экспортлох, угаасан ноолуур худалдан авах, дулаан аргаар боловсруулсан мах худалдан авах зэрэг чиглэлийн 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцлийг байгуулав.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЗХАХБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-06-28 09:35:00 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн 6 дугаар сарын 27-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Евразийн хэлтсийн дарга Виллиам Томпсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ТНБД Д.Даваасүрэн Монгол Улсаас ЭЗХАХБ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа өргөжин тэлж, өдгөө ЖДҮ, татвар, дэд бүтцийн салбаруудыг хамрах болсон нь чухал болохыг онцлов. Ноён Виллиам Томпсон ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг ихээхэн дэмжиж ажилладаг тул цаашид бизнес эрхлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой дэд бүтэц, уур амьсгал гэсэн салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байгаа талаар танилцуулж, санал солилцов. ЭЗХАХБ-аас Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын бичил болон ЖДҮ-үүдэд үзүүлэх санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүний дагуу ГХЯ-наас ЭЗХАХБ болон Франц Улсын зээлийн батлан даалтын сан (BPI France)-тай хамтран 6 дугаар сарын 27-ны өдөр Бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, цаашдын алхмуудын талаар хэлэлцлээ. Түүнчлэн ЭЗХАХБ-аас Төв Азид тээврийн холболтыг сайжруулах нь судалгааг гүйцэтгэж, судалгааны тайланг танилцуулах арга хэмжээг энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулсан юм.
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
2019-06-28 09:25:56 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19 дүгээр хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Виганд нар даргалав. Энэ удаагийн хуралдаан нь Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог болж байна. Хамтарсан хорооны хуралдааны үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, байгаль орчин, эрчим хүч, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцож, илэн далангуй ярилцлаа. Монгол, Европын Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Европын Холбооны улс төрийн яриа хэлцээг 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохирлоо. Монголын тал манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Европын Холбооны хөгжлийн тусламжийн Олон жилийн баримжаат хөтөлбөрт 20212027 онд үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтээ илэрхийлэв.Европын Холбооны талаас Монгол Улсад ажлын байр бий болгох, төсвийн бодлогыг шинэчлэхэд зориулан 50 сая еврогийн тусламжийн хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэхээ мэдэгдэв. Монгол Улс Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн татваргүй экспортолдог GSP+ хөнгөлөлтөд 2005 оноос хойш хамрагдаж ирсэн хэдий ч энэхүү хөтөлбөрийг хангалттай түвшинд ашиглаж чадахгүй байгааг онцлоод Монгол Улсын экспортын чадавхийг бэхжүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн асуудлаарх яриа хэлцээг эхлүүлэхээр тохиролцов. Мөн Европын Холбооноос хэрэгжүүлж буй Худалдааг дэмжих төслийн хүрээнд тусгайлан сонгосон 4 салбарын бүтээгдэхүүний экспортын чадавхийг сайжруулж, бодит үр дүнд хүрэхээр тохирлоо. Монгол Улс, Европын Холбоо нь олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Хуралдааны үеэр Европын Холбооны тал өөрийн Ази, Европыг холбох стратегиа танилцуулав. Монгол Улс энхүү стратегийн хүрээнд Европын Холбоотой зам тээвэр, эрчим хүч, цахим холбоо, иргэд хоорондын харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв. Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан, Хүний эрхийн асуудлаарх яриа хэлцээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус тус болов. Талууд хуралдааны үеэр хэлэлцэж тохирсон асуудлаар Протокол үйлдэж, гарын үсэг зурав. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хороо нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэх чухал механизм юм.Хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2020 онд Брюссель хотноо зохион байгуулахаар тохиров.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ТЭРГҮҮН ДЭД САЙД ЖУ СЭ ЁН-ТОЙ УУЛЗАВ
2019-06-28 09:22:52 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 4 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Жу Сэ Ён-той уулзаж, Монгол, Солонгосын харилцааг шат ахиулан хөгжүүлэх агуулгын талаар болон хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвээр ярилцав. Дэд сайд нар ирэх онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцож, ирэх оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгож зарлах, 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцов. Мөн дээд, өндөр түвшинд ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж тохиров. БНСУ-ын тал харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх зорилтыг хангах хүрээнд хоёр улсын ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх саналыг тавив. Манай тал уг саналыг талархан хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх цаг хугацаа, ярилцах асуудлын хүрээ зэргийг ажил хэргийн түвшинд ярьж тохирохыг хариу санал болгов. Монгол, Солонгосын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд хоёр улсын ГХЯ дэмжлэг үзүүлж үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов. Талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр талаас анхаарч ажиллахаа нотлов. Манай улс Сөүл хотод визийн төв байгуулж байгаагаа мэдэгдэж, солонгосын тал виз олгох системийг шинэчлэн сайжруулах, виз олголтын хугацааг богиносгох тал дээр анхаарч байгаагаа тус тус харилцан мэдээлэв. Дэд сайд Б.Батцэцэг соёл, боловсролын салбар дахь солилцооны ач холбогдлыг тэмдэглэж, соёлын өвийг сэргээн засварлах чиглэлд боловсон хүчин бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын соёлын өвийг хамгаалах ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байхыг солонгосын талд хүсэлт болгов.
Энэ онд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна
2019-06-27 10:19:36 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭнэ жил улсын хэмжээнд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна гэж салбар яамнаас мэдээлж байна. 2020 он гэхэд нийслэл хотыг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байна. Хэдийгээр төв суурин газруудыг холбох зам тавих нь нэн тэргүүний ажил байгаа ч тавьсан замаа засварлан арчилж, илүү чанартай, олон улсын стандартад нийцсэн зам тавих чухал болоод байна гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байна. Одоогоор улсын хэмжээнд 1569 км зам тавих, 699 м урт бетон гүүр барих төлөвлөгөөтэй байгаагаас энэ жил 900 км замыг ашиглалтад оруулж, 500м гүүрийг тавьж дуусах ажээ. Аймаг, орон нутагт замын 108 төсөл хэрэгжүүлж байгаагаас энэ жил 234 км зам болон 480 м гүүр тавих юм байна. Мөн жилдээ багтаан баруун бүсийн буюу Говь-Алтай чиглэлийн 126.9 км, Байдраг чиглэлийн зам, мөн Ховд-Баян-Өлгий чиглэлийн, Баян-Өлгийг тойрсон болон Сонгины чиглэлийн замуудыг ашиглалтад оруулна гэв. Завханы чиглэлийн 67 км, Загастайн замыг ирэх жил хүлээлгэн өгөх аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй