Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Томас Гремингер Улаанбаатар хотноо 2019 оны зургаадугаар сарын 20-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. ЕНБД Томас Гремингер энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь сэдэвт бүс нутгийн бага хуралд оролцохын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл нартай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт Евроази дахь ЕАБХАБ-ын үүрэг, роль сэдвээр илтгэл тавина. Тус байгууллагын өмнөх ЕНБД Ламберто Занниер 2013 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор анх ирж байсан удаатай. ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд байгууллагын үйл ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөн, хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын дараах улс төрийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 57 дахь гишүүн орон болсон.
Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа
2019-06-20 09:52:56 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав. Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Тим Коддингтон Мулан Марко Поло Галзуу баян Азиуд зэрэг томоохон киноны багт орж ажиллаж байсан Холливүүдэд нэр хүндтэй найруулагч, продюсер юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна
2019-06-20 09:40:07 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр (2019.06.20) Инновац ба хөрөнгө оруулалт сэдэвт форумыг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким нарыг Лхагва гарагт (2019.06.19) Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнав. Тус сургуулийн Хүндэт профессор цол олгох үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Т.Намнан, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор Д.Бадарч болон зочин профессорууд, эрдэмтэн судлаачид, багш ажилтнууд оролцлоо. Мөн энэ үеэр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши Оюуны алдагдлаас оюуныг холбож, эргэлтэд оруулах нь: Буурай хөгжилтэй орнуудын их, дээд боловсролын асуудал сэдвээр, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким Сайн сайхан нийгмийн төлөө технологийн боломжууд сэдвээр тус тус лекц уншсан юм. Тэд лекцдээ Монгол Улс технологи болон боловсролын салбартаа томоохон өөрчлөлтийг хийх цаг нь болсныг дурдаад технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал олон салбарт хурдацтай амжилт гаргах боломжтойг тэмдэглэсэн. Тодруулбал, Уганда улс зөвхөн гар утасны мессежний тусламжтайгаар эхийн эндэгдлийг бууруулж чаджээ. Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг нь гар утасны мессежээр илгээдэг болсноор тус улсад гарах эхийн эндэгдэл огцом буурсан байна. Технологийн хөгжил хүний наслалтад ч нөлөөлж, урт наслах боломжийг өгч байна. Мэдлэгийг мэдээллээс ялгаж, технологийн хөгжлийг ашиглаж бусдад мэдлэгийг түгээх нь олон салбарт чухал үр дүн авчирдаг. Гэхдээ технологийн хөгжлийг ёс зүйтэйгээр ашиглах нь чухал гэдгийг доктор Жеон Хун Ким лекцдээ онцолсон. Дэлхий дахинтай мөр зэрэгцэн хөгжихөд оюунлаг иргэдийг олноор бэлтгэж, гадны томоохон их дээд сургуулиудад сургах хэрэгтэй. Сургаж бэлтгэсэн боловсон хүчнээ эргүүлэн эх орондоо авчирч ажиллуулахад төрийн бодлого шаардлагатай. Улс дамнасан нийгмийн сүлжээг бий болгож, гадаадад байгаа монгол хүмүүсийг авьяас чадварыг ашиглах тогтолцоог бүрдүүлж чадвал улсын хөгжил хурдацтай байна. Олон улсад мэргэжлийн өрсөлдөх ур чадвараараа Монгол Улс 76 дугаар байрт эрэмбэлэгддэг. Оюуны алдагдал буюу оюунлаг хүмүүсээ гадагш алдахаас бүү ай. Харин тэднийгээ яаж зөв ашиглах тал дээр анхаарч, өөрийн орны их дээд сургуулийн чадамжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон улстай харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагаа өргөжинө. Харилцан туршлага солилцож, боловсролын салбараар дамжуулан улсын хөгжилдөө томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдгийг доктор Жи Вуук Ши хэлсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон зарим их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажилласнаа онцлоод Ирээдүйн хөгжил тийрэлтэт өсөлттэй байна. Одоогийн шугаман тогтвортой хөгжил биш болж байна. Хөгжлийн өсөлтийг тааварлахад технологийн хөгжил бидэнд том боломжуудыг өгч байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд бэлтгэн гаргасан Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан (The Global Human Capital report)-д оюуны чадавхаараа (доктор Шиний судалгааны нэр томъёогоор бол онцгой чадамжтай хүний нөөцөөрөө) Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин ноу хау буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111-д оржээ. Энэ үзүүлэлт бол монгол хүмүүс оюуны өндөр потенциалтай бөгөөд түүнийгээ цааш нь хөгжүүлж, хэрэглэх асуудал дээрээ доголдож, улмаар мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хоцрогдож явааг харуулж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ цаг үед бид зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөхөөс гадна инновацын эко-систем гэх ойлголтыг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Инновацын эко-систем бол хоёр өөр эдийн засаг-аас бүрддэг. Нэг талаас, суурь болон хавсарга судалгаагаар дэмжигдсэн судалгааны эдийн засаг, нөгөө талаас зах зээл, үйлдвэрлэлээр тодорхойлогдох арилжааны эдийн засаг юм. Энэ хоёр эдийн засаг нь эхнээсээ харьцангуй сул харилцан хамааралтай оршин байсан тул инновацын хөгжил манайд эрчимтэй явагдахгүй байгаагийн нэг илрэл. Бодит байдалд бид дүгнэлт хийж, залуус, эрдэмтдийнхээ оюуны потенциалыг хөгжүүлэх, улмаар тэдний бүтээсэн инновацыг дэмжих бодлогыг төрөөс онцгой анхаарах шаардлага тулгарч байгааг мэдэрч, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байна. Иймд ойрын хугацаанд энэ салбарын бодлогын зохицуулалт болон эрх зүйн орчин сайжирна гэж итгэж байна. гэв. Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким: Дэлхийд нэртэй инженер манлайлагч бөгөөд холбоо мэдээллийн технологи, компьютерийн дизайн, хиймэл дагуулын системийн дизайн, инновацын салбарт дорвитой хувь нэмэр оруулсан Америкийн 10 нөлөө бүхий Ази гаралтай эрдэмтний нэг юм. Технологи, инновацын салбарт тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байсных нь хувьд түүнийг үндэсний аюулгүй байдал, энх тайвныг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж АНУ-ын Технологи, Инновацын Үндэсний Медалиар шагнаж байжээ. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши: Ази-Номхон далайн бүсийн онцгой чадамжтай хүний нөөцийн урсгалын үр шим, боломжийг судлах судалгааг явуулж, гадаадын болон уугуул иргэдийн ур чадварыг илэрхийлэх Оюуны хүч буюу brain power-ын нийлүүлэлтийг сайжруулж, харилцан өрсөлдөөнийг өрнүүлж байгаа тус бүсийн орнууд, хотууд тэдний хамтын ажиллагааг судлан ажилладаг. Тэрбээр, Ази-Номхон далайн бүсэд хот, их, дээд сургууль, тэдний хамтын ажиллагааны орчинд үндэстэн хоорондын хүмүүн болон нийгмийн капиталын үр шимийг хүртэх, үндэсний хил хязгаарт онцгой чадамжийн урсгалыг судлах төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төслөөрөө үндэстэн хооронд шилжиж байгаа оюуны хүчний асуудалд бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилготой ажиллаж байна. Энэ онд ШУТИС-ийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн түүхт ойд зориулан гаргаж буй бүтээлийн дээжсээс болон Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш эрдэмтдийн бүтээсэн нано технологиор боловсруулан хийсэн төрийн далбааг гардуулан өгөв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов
2019-06-20 09:32:07 Нийтлэгдсэн: Улс төр2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тухайн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа чадахуйн зарчим /мерит/-д буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ гэж заасан. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан. Б.Ганбат нь төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй