ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ӨРГӨН БАРИВ

Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсон Андрей Михнев Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа өргөн барив. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд нь 1990-ээд оны эхэн үеэс Монгол Улсын ардчилал, эдийн засгийн шилжилт, өөрчлөлтийн явцад бүхий л талаар дэмжиж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв. Цаашид талууд энэхүү хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, олон салбар, чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Монгол Улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зүгээс Дэлхийн банктай хамтран боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэлэг сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монгол Улсын шинэ залуу үед ихээхэн хүртээмжтэй болохыг онцлов. Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев Монголын хөгжлийн төлөө Засгийн газар болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, одоо үргэлжилж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүний зэрэгцээ залуу үеийнхний боловсролд анхаарлаа хандуулахаа тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Швед улсад ажлын айлчлал хийж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын албаны дарга Я.Баттогтох нар Швед Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тус улсын улсын парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна Шведийн Хаант Улсын Парламентын Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдэстам төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, зоог барив. Уулзалтын үеэр Парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Швед Улсын Парламентад Швед-Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцож, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Швед Улсын туршлагыг судалж, Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн асуудал, тодруулбал, монгол хүүхдүүдэд эх хэлээр нь боловсрол олгох асуудлыг хөндөж ярилцлаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа УИХ-ын дарга Г.Занданшатараас Шведийн Хаант Улсын Парламентын дарга ноён Андреас Норленд ирүүлсэн Монгол Улсад албан ёсоор ажлын айлчлал хийх урилгыг албан ёсоор гардуулан өглөө.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БНСУ-ЫН УУР АМЬСГАЛ, АГААРЫН ЧАНАРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАН ГИ МҮН-ТЭЙ УУЛЗАВ

Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын 75 дугаар чуулганы үеэрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар агаарын бохирдол нь манай байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тулгамдсан асуудлуудын нэг болохыг онцлоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хооронд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг санал болгов. БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүн Зүүн хойд Азийн улсуудын агаарын бохирдлын эх үүсвэр нь өөр өөр боловч түүнийг бууруулах зорилгоор олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, хил дамнасан байгаль орчны асуудлыг шинжлэх ухааны ул суурьтай судалгаа, мэдээлэлд суурилан хэлэлцэх шаардлагатайг дурдав.

ЭЛЧИН САЙД НАРЫН ГЭРГИЙ НАРТ ЗОРИУЛАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад хавсран суугаа Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайд нарын гэргий нарыг 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, Эмэгтэйчүүдийн дипломат клубын үйл ажиллага, зорилтыг танилцуулж, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Монголыг хавсран ажиллаж буй Элчин сайд нарын гэргий нар нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулж буй Эмэгтэйчүүдийн дипломат клуб төрийн бус байгууллагын үйл ажиллагааг цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь өөрийн үйл ажиллагааг танилцуулах хүрээнд гадаадын Элчин сайд нарын гэргий нарыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн Багваахай төвд зочлуулж , хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцахуйн тохируулгын дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажиллагаатай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө тус төвийн явуулж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж амжилт хүсэв. Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь Элчин сайд нарын гэргий нарыг Улаанбаатарт байх хугацаанд нь мөн улсынхаа түүх, соёлын зарим газраар, тухайлбал Монгол бүжгийн гайхамшиг тоглолт, Богд хааны ордон музей, Гандан хийд зэргээр зочлуулав.

Химийн бодисыг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчлийг таслан зогсоожээ

Энэ сарын дундуур Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн газрынхан цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлж, Сезон ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ. Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Натрийн шүлт, идэмхий натр гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх, арьс үрэвсүүлэх аюултай юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.