Сонгуулийн идэвхгүй эрчүүдэд секс хориотой

Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч Хосефина Васкес Мота улсынхаа эмэгтэйчүүдийг ирэх сонгуульд ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг уриалжээ. The Independent сонинд бичснээр тэрээр мексик бүсгүйчүүдийг сонгуулийн өдөр саналаа өгөөгүй эр нөхөр болон найз залуустаа нүүр өгөхгүй байхыг хүсчээ. Өөрөөр хэлбэл долдугаар сарын нэгний сонгуулийн өдөр гэртээ шигдсэн эрчүүдэд сарын турш кучи кучи буюу секс хориотой болох аж. Дашрамд дурдахад урьдчилсан санал асуулгаар эрх баригч намаас нэр дэвшигч тэрбээр сөрөг хүчнээс гарсан өрсөлдөгч Энрике Пена Ньетогоос ихээхэн хоцорч яваа аж. Тиймээс сонгогчдыг олноор нь идэвхтэй оролцуулж байж л түүнд ялах боломж олдох аж. WORD.MN А.Одсар

Сонгогч та саналаа хэрхэн өгөхөө мэдэж байгаа юу

Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явна. Энэ нь манай улсын хувьд шинэ зүйл гэж хэлж болно. Учир нь, сонгогч та дэмжиж буй намын нэр, тухайн тойрогт нэр дэвшигчийн нэр, мөн Улаанбаатарын иргэн бол НИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг давхар бөглөнө. Өөрөөр хэлбэл, саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна. Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, дээр дурьдсаны дагуу саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

Сонгуулийн ухуулга хөл доор хөглөрсөөр байна

Зуны халуун нартай амьсгаа давчдуулсан эдгээр өдрүүдийн хажуугаар сонгууль гэх ухаарлын сар эхэлж, хөлтэй, хэлтэй болгон нэр дэвшээд суртчилгаа гэх нэрийн доор айл айлын үүдийг балбан мөрийн хөтөлбөр бүхий алаг цаасаа тараасаар байна. Чамин хувцастай нөгөө бидний зурагтаар л хардаг хүмүүсийн гэрэл зураг бүхий их л сайхан сонин, сэтгүүлийг наран мандахаас эхлээд жарган жаргатал нь тараах юм. За энэ ч яах вэ гээд орхилоо гэхэд орц, хонгил, гудамж талбайгаар дүүрэн хөглөрөх энэ их цаасыг яалтай ч билээ. Хогоо арайхийн цэвэрлэдэг нийслэлчүүд бидний хувьд ёстой л гал дээр тос нэмэх шиг бас нэг асуудал ундран гарч ирлээ. Сонгууль эхэлсэн өдрөөс эхлэн залхтал тараах болсон эдгээр чамин амлалт бүхий мөрийн хөтөлбөрийг одоо хүмүүс тоож, анзаархаа ч байжээ. Гэхдээ энэ нь эргээд гудамж талбайд хог болон хөглөрсөөр байна. Уг нь эдгээр зурагт хуудаснууд, сонин, сэтгүүлийг хэвлэх гэж багагүй хөрөнгө зарж байгаа нь ойлгомжтой. Гэтэл бодит байдал дээрээ нэг иймэрхүү байдалтай алаг цааснууд ардын хөл доор хөглөрсөөр байна. ...Чи үхнэ, би үхнэ. Цэцэг л үлдэнэ . Цэцэг тариарай... хэмээн зохиолч Л.Өлзийтөгсийн Үлдэнэ хэмээх эссэнд өгүүлсэн байдаг. Тэгвэл нэр дэвшигчид цэцэг биш цаас тарих нь их болж дээ. Ц.Гал-эрдэнэ

Н.Энхбаяр завгүй учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэв

Өнөөдөр Н.Энхбаярын шүүх хурлыг 9 хоногоор хойшлуулсан. Шалтгааныг шүүх хуралд өөрийн биеээр ирсэн Н.Энхбаяр ийн тайлбарлав. УЕПГ, СЕХ тэргүүтэй хууль хяналтыг хэрэгжүүлэгч төрийн бүхий л машин Н.Энхбаяр гэдэг ганцхан хүний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүхний эсрэг би ганцаараа тэмцээд, тэмцээд цаг хугацаа давчуу учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжихгүй байна. Улсын яллагч Ё.Сагсай СЕХ-нд намайг битгий бүртгээч ээ гэсэн өөрийнхөө чиг үүрэгт хамааралгүй, хууль бус бичгийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байсан. Тэрхүү хууль бус бичгийг нь Сүхбаатар дүүргийн шүүх хүлээн авч СЕХ-нд хандсанаар миний бие МУ-ын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ зөрчүүлсэн. Иймд СЕХ-ны хууль бус шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандах зэрэг ажлыг хийсээр байгаад хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж чадсангүй. Түүнчлэн миний өмгөөлөгч Б.Оюунбилэг УИХ-ын 5-р тойрогт нэр дэвшиж байгаа тул сонгогч түмэнтэйгээ уулзалт хийж байгаа тул хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй. Улс нийтээрээ сонгуулийн уур амьгалд дарагдсан энэ цаг үед надад үүсгээд байгаа энэхүү улс төрчдийн захиалгат энэхүү хэргийг заавал улс төржүүлэн сонгуулийн өмнө хийх гээд байгаад ямар учир байна вэ? Хэрвээ та бүхэнд Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар Н.Энхбаярыг ямарч хамаагүй аргаар заавал ялла гэсэн үүргийг өгөөгүй л юм бол шүүх хурлыг ингэж яаран сандран хийх шаардлага байгаа юм уу. Миний хувьд шүүх хурлыг УИХ-ын сонгуулийг өнгөртөл буюу 2012-06-28-ны өдрийг өнгөрсний дараа хийгээч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Олон түмэн, дэлхий нийтийн анхааралд байгаа энэ хэргийг чин шударгаар явуулъя л гэж бодож байгаа бол сонгууль өнгөрсний дараа явуулаач ээ хэмээн хүсч байна гэв. Улсын яллагч Ё.Сагсай Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг ирж амжаагүй тул шүүх хурлыг энэ удаад хойшлуулах нь зөв гэж үзэж байна. Гэхдээ шүүн таслах ажиллагааг саатуулахгүй гэдэг үүднээс ойрын хугацаанд заавал хийх ёстой. Ямартай ч сонгууль өнгөртөл хойшлуулах шаардлагагүй хэмээн мэдэгджээ. WORD.MN

Н.Энхбаярыг дэмжигч 100 гаруй иргэн шүүхийн гадаа жагсаж байна

Сүхбаатар дүүргийн гаднах талбайд авлигалын хэргээр шүүгдэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжигчид Монголд эрх чөлөө хүнлэг ёс байна уу, Ц.Элбэгдорж хууль шүүхийг ганцаараа өмчлөх ёсгүй гэсэн бичигтэй цагаан өнгийн лоозон барьж жагсч байна. Тайван жагсаалд ойролцоогоор 100 гаруй хүрэлцэн иржээ. Тэдний зарим нь шүүх хурал болж буй танхимын цонхон дээр очиж Шударга ёс хаана байна хэмээн хашгирч байгаа харагдана. Зарим хүмүүс эдгээр жагсагчдыг шүүх ажиллагаанд саад учруулж байна хэмээн дургуйцсэн хандлагатай байна. WORD.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.