Польшийн Ерөнхийлөгч Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээх болсноо мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дуда нар уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Энэ үеэр тэрбээр БНПУ Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлжээ. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг онцолсон байна. Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв. Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах зэрэг санал тавьсан байна.

Ерөнхий сайд шатахууны асуудлаар ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубаровичнартай уулзахаар болжээ. Уулзалтаар манай улсад үүсээд буй шатахууны хомсдолын асуудлыг хэлэлцэх аж. Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна. Түүнчлэн зарим шатахуун түгээх станцууд үнийн хязгаарлалттайгаар шатахууныг борлуулж буй юм. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын Rosneft-ийн Angarsk үйлдвэр засвартай байгаа бөгөөдОХУ-аас найм, есдүгээр сард нийлүүлэх ёстой шатахууны ердөө 8-10 хувийг нийлүүлсэн нь ийнхүү хомсдолүүсэхэд нөлөөлжээ. Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн боловч галт тэрэг явуулах боломжгүй байна гэсэн хариу өгөөд буй. Тэгвэл дээрх асуудлаар Ерөнхий сайд хоёр хөршийн Элчин сайдуудтай өнөөдөр уулзахаар товложээ.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ИСТАНБУЛ ДАХЬ ДЕСБАШ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРИЛЦЛАА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов. Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Туркийн Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулсан билээ. Энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чөлөөт бүсийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан Турк Улсын туршлагаас суралцах, цаашлаад Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх Туркийн жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан менежментийн загвараас судлах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудад үзүүлж буй татварын хөнгөлөлт, үйлчилгээний үнэ тариф зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тус чөлөөт бүсийн Ерөнхий захирал Хакан Жейлантай ярилцаж, илэн далангүй санал солилцов. Мөн Туркийн Худалдааны яамны Чөлөөт бүсийн газрын захирал Али Баярактар уулзалтад оролцож, төрөөс чөлөөт бүсийн чиглэлээр баримталж буй бодлого, ААН-үүдэд олгодог тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар товч мэдээлэл өгөв. Турк Улсад өдгөө 18 чөлөөт бүс байдгаас Истанбул хотыг түшиглэн байгуулсан 3 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг юм. Десбаш чөлөөт бүсийг 1993-1995 онд байгуулж, улмаар 1995 оноос хойш тогмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2008 оноос менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн, өдгөө тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй 300 орчим компани, аж ахуйн нэгжүүд 6000 орчим ажлын байрыг бий болгож, жилдээ 2-3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа, бараа үйлчилгээ тус чөлөөт бүсэд эргэлддэг байна. Шадар сайдын ажлын алба

ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТОД ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь Чингэлэг тээврийн терминал-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ. Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг Эрдэнэс Таван Толгой ХК, 15 хувийг Таван-толгой ХК, 25 хувийг Энержи Ресурс ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр Энержи Ресурс компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна. Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн гэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой гэлээ. Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан УХААЛАГ ГАРЦ-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу бөмбөлөг арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм. Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод ПГУ шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх Ногоон гарц түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө

Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс Ерөнхийлөгчид бараалхав

Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхжээ. Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо. Тэрбээр байгаль орчны манлайллын Цэнхэр гарагийн шагнал-ыг 2015 онд хүртэж байсан. Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ. Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ Жеффри Сакс хэллээ. Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын Цэнхэр гарагийн шагнал-ыг 2015 онд хүртэж байсан. Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ. Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм. New York times сэтгүүл Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч, Time сэтгүүл Дэлхийн хамгийн алдартай эдийн засагч-аар нэрлэсэн бол The Economist сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.