Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил ялимгүй хойшилсон ч ойрын өдрүүдэд тэнгэр хангай нааштай байх учраас тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар эрчимтэй ажиллаж буйг орон нутгийнхан хэлж байна. Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км авто замын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгааг Шадар сайд биечлэн шалгаж, Засгийн газрын зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийхээр холбогдох яамдаас Ажлын хэсэг томилж газар дээр нь ажиллуулахаар боллоо. Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол авто замыг шинэчлэх нь нутгийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил юм. Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

У.Хүрэлсүх: Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид, хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэв. Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг тэмдэглэв. Цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлэв. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна. Үүнийг ажил хэрэг болгоход төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалах, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмыг онцгой анхаарах ёстой гэв. Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал. Иймээс ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатайг тэмдэглэв. Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллахыг уриаллаа. Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл-ийн талаар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-ын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, засаж залруулах асуудлын талаар байр сууриа илэрхийлэх юм. Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргах бөгөөд үүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл болголоо. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Г.Занданшатар: Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ уриалъя

Парламентын ойн өдөрт зориулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв. МОНГОЛ УЛСАД БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ Монголынхоо нийт ард түмэнд, үе үеийн парламентчиддаа Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан учраас Парламентын өдөр бол Монголын нийт ард түмний баярын өдөр юм. 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхдээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 31 дэх жилийн ой өнөөдөр тохиож байна. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин Төр бол хууль юм гэсэн үг бий. Эзэн Чингис хааны Их хуралдай, Богд хаант Монгол Улсын Дээд, Доод хурал гээд парламентат ёсны хэлбэр эртний улбаатай ч 1990 онд монголчуудын сонгосон парламентын засаглал, байнгын ажиллагаатай парламент нь их түүхийн маань цоо шинэ хуудас, Монголын маргаашийг тодорхойлсон шинэ тэмүүллийн эхлэл байлаа. Улмаар 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал хэрэгжүүлж ирлээ. Өнгөрсөн гурван арванд Улсын Их Хурлыг сонгох 8 удаагийн сонгууль болж, монголчууд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар тунхагласан эрхээ эдэлж, чөлөөт сонголтын үндсэн дээр өөрсдийгөө төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэн ажиллуулж ирлээ. Энэ өдрийг ташрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. 2020 оны сонгуулиар байгуулагдсан 8 дахь удаагийн парламент Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн хувьсгалт шинэтгэл хийж, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, парламентат ёсыг улам төгөлдөржүүлэх, хараат бус, шударга шүүхтэй болох, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шинэ зорилтоо амилуулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ зорилтыг хангаснаар зөвхөн шударга ёс, хууль засагладаг нийгэм, ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн төр, сэргэн мандаж, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг цогцлоох ард түмний маань хүсэмжлэл биеллээ олох болно. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин Төр бол хууль юм гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм. Тиймээс түүхэн энэ өдрийг ташрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. Монголын төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-ын талаар илтгэл танилцуулж байна. Ташрамд дурдахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлаар Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого-ыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжсэн юм.

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлсэн юм. 1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.