Цэцэрлэгийн газрыг булааж сүндэрлэсэн "Өндөр буянт"-ынханд хууль үйлчилдэггүй бололтой

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Өдөр өнжихгүй шахам барилгатай холбоотой асуудал гарч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах болов.

 Товчхондоо бол Улаанбаатарт сүндэрлэж буй шинэ барилгууд иргэдэд аюул дуудах болсон бөгөөд төр засгаас ч энэ асуудалд анхаарал хандуулж арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Үүний нэг жишээ нь өнгөрсөн сарын 1-нээс НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хороо 149 дүгээр цэцэрлэгийн хашааг буулган, цэцэрлэгээс нь метр хүрэхгүй зайд 17 давхар орон сууцны барилга барьж эхэлжээ. Энэ ажил 2007 оноос эхэлсэн бөгөөд энэ ондоо буюу арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн хятад ажилчид улайран ажиллаж байна. Уг нь барилгын ажлыг эхлэх үед тус цэцэрлэгийн удирдлагуудаас гадна ойр хавийн оршин суугчид нь эсэргүүцэж, “Барилга бариулахгүй” хэмээж байсан юм билээ. Гэвч тусыг эс олжээ. Тухайн үед барилгын захиалагчаар солонгос эзэнтэй “Бэгдү” констракшн гүйцэтгэгчээр Хятадын “Икс ди эф” компани ажиллаж 2008 он хүртэл дөрвөн давхрыг нь бариад барилгын ажил зогссон ч өнгөрсөн оноос эхлэн “Өндөр буянт” холдинг уг барилгыг худалдаж авснаар эрчимтэй өргөжин өндөрсөж 17 давхар хүртэл сүндэрлүүлжээ. Оршин суугчдын өгүүлснээр тус барилга нь Барилгын тухай хууль болоод стандартыг бүгдийг нь зөрчсөн байна. Учир нь стандарт ёсоор бол сургууль цэцэрлэгээс 50 метрийн зайд барилга барих хориотой байдаг ажээ. Гэтэл энэ харш 50 битгий хэл тав хүрэхгүй метрийн зайд баригдсан, тэр хэрээрээ хүүхдүүдийн тоглох талбайнаас хумсалсан гэсэн үг. Мөн дулаан цэвэр усны шугамыг нь өөрчилж, цэцэрлэгийн шугам сүлжээн дээр барилгаа барьснаас болж хөлдөж, холбогдох хүмүүс түүнийг нь засах гэж орчны бүх халаалтыг хоёр өдрийн турш хааж засварласан байна. Үүгээр ч зогсохгүй уг барилгыг барих үед краны нум цэцэрлэгийн дээвэр дээр унаж, хүнсний агуулах дээвэр дээр мод цөмрөн унасан төдийгүй дээрх эвдрэл гэмтлийг улсын төсөв, санхүүжилтээр засаж сэргээжээ. Энэ баримтаас харахад хэн нэгэн хариуцлагагүй албан тушаалтан, барилгын компанийн эздээс болж эвдэрсэн дээвэр болон шугамын ажилд 40 орчим сая төгрөг улсын төсвөөс буюу та бидний халааснаас гарчээ. Түүнчлэн тус цэцэрлэг хогоо улирал тутамд ачуулдаг, нэг ачилт нь 88 мянган төгрөг хэмээн тооцоолж улсын төсвөөс жил бүр 200-гаад мянган төгрөг төсөвлөдөг ажээ. Гэтэл барилгын ажил эхэлснээс хойш cap болгон хогоо ачуулдаг болсноор дээрх мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй болсон тухай тус цэцэрлэгийнхэн өгүүлсэн. Бид энэ компанийн зөвшөөрөлтэй эсэх, эзэд нь яагаад хариуцлага хүлээдэггүй талаарх мэдээллийг цуглуулахаар Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрынхантай уулзах гэсэн боловч “Өнөөдөр /өчигдөр/ дотоод ажилтай тул хүн хүлээж авах боломжгүй” гэсэн хариултыг өгөв.

Уг нь барилгын ажил эхлэх үеэс тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаа энэ хууль бус үйлдлийг зогсоохоор хөлөө хүрэх газраа явсан ч тусыг эс олжээ. Энэ тухай тэрбээр “Би одоо Захиргааны хэргийн шүүхэд хандах л үлдсэн” хэмээн өгүүлэв. Учир нь дүүргээс Нийслэлийн холбогдох бүх газраар явж, үнэний талд асуудлыг шийдүүлдэг ч тогтоол шийдвэр нь үл хэрэгждэг хэмээсэн. 149 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаатай уулзаж зарим зүйлийг тодруулснаа хүргэж байна.

-Та энэ барилгын ажлыг зогсоох гэж их олон газраар яваад бүтэл муутайхан байсан гэлээ. Ингэхэд газрынх нь зөвшөөрлийг хэн өгсөн байдаг юм бэ?
-Надад яваагүй газар гэж байхгүй. Дүүргийн Мэргэжлийн хяналт, Боловсролын хэлтэс, Газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын албанд хүртэл хандсан. Гэвч Нийслэлийн газрын алба, Өмчийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан ямар ч хариу өгөөгүй. Тоох ч үгүй юм билээ. Энэ нь газрын давхцалын тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа биз дээ. Газрын захирамжийг 2006 онд хотын дарга байсан хүн олгосон байдаг. Би анхнаас нь “Бэгдү” констракшнтай хэрүүл хийсэн. Уг нь Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ асуудлыг мэдэх учиртай. Гэтэл даргаар нь ажиллаж байсан М.Ганбаатарыг “Бэгдү”-гийн солонгос эзнээс 50 сая төгрөг авлигад авсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд долоо хоногийн дараа ажлаасаа гарсан гэдэг. Гэхдээ энэ бол миний хүнээс сонссон мэдээлэл. Бас “Бэгдү”-гийн захирлын эзний эхнэр нь Пүрэвжав гэж хүн Нийслэлийн өмчийн харилцааны газарт М.Ганбаатартай хамт ажиллаж байгаад одоо БХБЯ-нд ажилладаг болсон гэсэн.

-“Өндөрбуянт” холдингийн удирдлагуудтай уулзсан уу?


-Уулзах гэж хичээсэн. Гэвч уулзахгүй юм. Юм мэдэхгүй инженерүүдээ над руу явуулчихдаг. Манай өмгөөлөгчөөр дамжуулан “Цэцэрлэг тэгээд юу хүсээд байгаа юм бэ. Албан бичгээр хүсэлтээ гаргаж өг” гэдэг. Тэгэхээр нь би “Манай газрыг чөлөөлж өг” гэсэн албан бичиг явуулсан байгаа. Яг захирал нь гэж хүн уулзахгүй байгаа. Хууль бусаар барахгүй давхцал үүссэн гэсэн Мэргэжлийн хяналт, Хот байгуулалтын газрын хамтарсан дүгнэлт гарсан шүү дээ. Цэцэрлэгийн хашаанаас бол өргөөшөө гурван метр, уртаараа 60 метрийг эзэгнэчихээд байна. Уг нь улсын стандартаараа бол сургууль, цэцэрлэгээс 50 метрийн зайтай барилга барих ёстой байдаг. Үнэхээр л барилга барьж, ашиг олох гээд байгаа юм бол энэ бүгдийг хуулийн дагуу болгоод барих хэрэгтэй шүү дээ. Энэ компани манай улаан шугамаас давж орж ирсэн зураг нь байдаг. Би дөнгөж газраа ухаж эхэлж байхад нь энэ тухай асуудал хөндсөн. Одоо таван жил болсон байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд хүмүүжихэд заналхийлсэн гэж хэлж болно доо.

-Энэ хэсгээр сургуулийн хүүхдүүд их явах юм?


-Тиймээ. 45 дугаар сургууль урдхан талд байдаг. Тэгээд хажуугаар нь явдаг юм. Тоглоомын талбайд арматурын төмөр уначихсан байсан шүү дээ.

-Эцэг, эхчүүд энэ тухай гомдоллож байна уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэвч одоо ийм өндөр барилгыг нураана гэж байхгүй байх. Ямар ч байсан Улсын комисст хүлээлгэж өгөлгүй байлгаж байгаад хохирлоо нөхөн төлүүлнэ гэсэн бодолтой байна. Хүүхдүүдээ өглөөд агаар салхинд гаргаж чадахгүй чийгтэй байшинд байлгаж байна. Уг нь 10-15 минут гадаа байлгах ёстой. Гэтэл дээрээс нь юм унаад хүний хүүхдийн амь насанд хүрчих вий гэж айгаад байх юм. Ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллахгүй байгаа. Хоёр хоногийн өмнөөс нэг тор шиг юм татсан. Бид хэлээд нэмэргүй. Хятад ажилчидтай тул хэл ойлгохгүй, айдастай л байна. Одоо бүх бичиг баримтаа бариад Захиргааны хэргийн шүүхэд хандана. Учир нь иргэдийнхээ талд шийдвэр гаргах болов уу гэж бодож байна даа.

О.Сайханцэцэг

Эх сурвалж:Өдрийн шуудан
 

Нийтэлсэн: 2012-09-24 10:20:13

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    iim hurtel yavuulsand haramsaj bna. manaih shug huuhdee boddoggui uls oron baidaggui bh. 17 davhriin door huuhdee taivan amg***an s***hiluulah bagsh,etseg eh oldohgui l bolov uu. B***iar yumnuudiig bugdiig n unen zuvuur shuuh heregtei.

    Зочин 2012-09-24 16:26:43     124.158.88.57          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.