-УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томиллоо. Энэ томилгоонууд таны бодлоор хэр нүдээ олсон бэ?
-УИХ-аас шийдэх ёстой хэд хэдэн чиглэлийн клбан тушаалууд байдаг. Энэ дагуу л баталж байна л даа. Гишүүдийн байр суурь олон янз л байгаа байх. Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон Ч.Содномцэрэн даргын хувьд энэ газарт багагүй хугацаанд ажилласан учраас дадлага туршлага сайн болсон гэж бодож байна. Нөгөө талаас Ч.Содномцэрэн даргыг намын угшилтай энэ тэр гэж янз бүрээр ярьж байгаа боловч өнгөрсөн хугацаанд ямар ч байсан намч байр сууринаас биш хуулийн хүрээнд ажлаа явуулж ирснийг нь би лав мэддэг.
Тийм учраас болж байна л гэж бодож байна. Харин Монголбанкны ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгчөө томилдог байгаасай гэсэн миний хувийн байр суурь байдаг. Монголбанкны доторх тодорхой асууддыг хариуцсан дэд ерөнхийлөгчийг УИХ томилж байгаа нь энэ банкны дотоод үйл ажиллагаанд хэтэрхий ороод байгаа юм шиг надад санагддаг. Гэхдээ яахав хууль нь байгаа болохоор баталж л байх шиг байна. Гэхдээ л хуулиа өөрчлөх ёстой юм болов уу. Э.Батшугартай би өмнө нь харьцаж байгаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ байнгын хороо болон чуулганы үеэр гишүүдийн асуусан асуултад хариулж байгаа байдлыг нь харахад ямар ч байсан салбараа мэддэг, мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгдсэн юм болов уу гэж надад мэдрэгдсэн.
-Монголбанк ирэх жилийн мөнгөний бодлогыг найман хувь болгоно гэсэн амлалт өгчихсөн байгаа. Энэ хэр бодитой тоо вэ. Үүндээ хүрч чадах уу?
-Инфляцийн түвшинг бага байлгах нь бүх нийтийн хүсэл. Үүнийг олон жил ярьсан ч хийж чадаагүй. Монголбанканд хариуцуулчихаад түүнийг нь хараад сууна гэдэг болмооргүй байна. Хамгийн наад зах нь УИХ-ын 76 гишүүд энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүд хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ бол бүтэшгүй мөрөөдөл гэж ярьж эхэлж байгаа байхгүй юу. Энэ мэдэгдэл нь хүртэл инфляцийг үүсгэдэг муу үр дагавартай байхгүй юу. Тиймээс Монголбанк, Засгийн газарт үүрүүлээд орхих биш бүх нийтээр үүнд оролцох ёстой. Наад зах нь хувийн хэрэгцээндээ хэрэглэх зүйлсээ дотоодоосоо авахаас эхэлнэ шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд хүн бүр л хүчин зүтгэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм боломж бол бий. Тиймээс хамтраад л ажиллах хэрэгтэй.
-МАН-ын бүлгийг байгуулах, байгуулахгүй байх тухай асуудал олон cap дамнан ярилцпаа. Үндсэн хуулийн Цэц өөрсдийн шийдвэрээ гаргасан. Үүн дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-МАН олон жил засаг төр барьсан. Засаг төр барихдаа хуулийг огоорсон гор нь одоо гарч байх шиг байна. Аливаа үйлдэл, аливаа зүйлийг хийхдээ хуулиа хэрхэн зохицуулсан юм бэ гэдгийг унших ч үгүй явсаар өнөөдөр нэг алдсан. Тэрнээс хойш хуулиа уншдаг болсон болов уу гэж бодож байгаа. Нэгэнт хууль нь тэгээд зохицуулчихсан байхад хууль давж зохицуулна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Уг нь ээлжит бус чуулганаар ч гэсэн МАН-ын бүлгийн асуудлыг шийдэхийн тулд хуульд өөрчлөлт оруулж болох л байсан. Гэхдээ МАН Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ямар ч байсан Үндсэн хуулийн Цэц нь хариу өгчихлөө. Цэцэд асуудал тавьчихсан байхад нь бид бүлгийг нь байгуулах асуудал ярина гэдэг бас л бүтэхгүй байхгүй юу. Нөгөө талаасаа УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Энэ санал санаачилгыг тэд өөрсдөө хийх ёстой. Гэтэл зөвхөн л улс төр хийсээр байгаа нь бүлэг байгуулах асуудлыг нь удаашралтай явуулаад байгаа.
-Ө.Энхтүвшин гишүүн чуулганы үеэр СЕХ- ны даргыг улс төрийн зорилгоор ажлаас нь шахаж гаргасан нь тодорхой юм билээ гэж хэлсэн. Үнэхээр тэгсэн юм уу?
Чуулганы зүүн жигүүрт цөөнх суудаг. Тэр жигүүрт би өөрөө сууж л байсан. Ер нь тэр жигүүрээс дандаа л тийм үг гардаг. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал Ө.Энхтүвшин даргыг тэгж хэлэхийг шаардаад байгаа болохоос биш түүний сэтгэлийн үг мөн гэдэгт би итгэхгүй байгаа юм. Зүгээр л хийх ёстой улс төр нь хийгдээд явж байна гэж ойлгогдож байна.
-Чуулганы үеэр О.Баасанхүү гишүүн их уурлаж Х.Тэмүүжин гишүүнтэй ам зөрөөд авна билээ. Үүийг та юу гэж дүгнэж байна вэ?
-УИХ-ын чуулганы үеэр үүнээс ч илүү юм болдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Ер нь хувь хүн ямар ч тохиолдолд өөрийн сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг байх ёстой. Ойр орчноо хүндэлдэг байх ёстой л доо. Би харж л байсан. О.Баасанхүү гишүүн өөрийнхөө ярианд өөрөө омогшоод тэрэндээ хөөрөөд тэгээд өөрийгөө хянах чадвар нь багасаад юун чуулган байтугай гудамжинд гардаггүй үгийг чулуудаж л байна билээ. Энэ байдлаа өөрөө бодож байгаа байлгүй дээ.
-МҮАН-ын дарга М.Энхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярын шүүх хурал шударга болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Энэ мэдэгдэл “Шударга ёс” эвсэл салах дохио гэж хардах хэсэг байна?
-Би тэрийг сонсоогүй юм байна. Хэрэв тийм юм хэлсэн бол М.Энхсайхан дарга хариуцлагагүй үйлдэл хийж байна гэж хэлмээр байгаа юм. Ямар ч байсан сонгуулийн дүнд УИХ нь бүрдчихлээ. Өөр, өөр үзэл бодолтой нам олонх бүрдүүлчихээд байхад тийм нэр хүндтэй улстөрч ийм мэдэгдэл хийж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна.
У.Сарангэрэл
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.