Далай лам: Би бол марксист лам

Үнэлэх
(1 үнэлгээ)

Буддын шашны тэргүүн XIV Далай ламын хэдэн жилийн өмнө “BBC” телевизэд  өгсөн ярицлагыг хүргэе. Хэдийгээр энэ яриа хэдэн жилийн өмнө болсон ч гэлээ мөн чанар, утга агуулга нь хуучраагүй, уншсан нэгэнд ухаарал хайрлахгүй юм гэхэд нэгийг бодож, хоёрыг тунгаах хэсэгхэн хормыг ч авчрах болов уу хэмээн уншигч танд хүргэж байгаа юм.
 
-Дээрхийн гэгээнтэн, танаас юуны түрүүнд Хятадын Шинжаан Уйгурт гарсан бослогын талаар асуумаар байна. Энэ хөдөлгөөн өнгөрсөн жилийн Түвдийн бослоготой туйлын төстэй байлаа.
-Шинжаан Уйгурт гарсан хөдөлгөөн маш эмгэнэлтэй хэрэг боллоо. Хүчирхийллээр  асуудлыг шийдэж чадахгүй. Энэ явдлаас Шинжаан болоод Түвдийн автономит мужид хандаж буй Бээжингийн арга барил бодит байдалтай нийцэхгүй байгаа нь харагдлаа. Тэд зөвхөн нэг л өнцгөөс харах юм. Яаж энэ мужуудыг өөрийнхөө эрхшээлд байлгах вэ гэж л Бээжин бодож байгаагаас энэ нутгийн хүмүүс юу хүсч, мэдэрч байгаа бол гэдгийг огтхон ч хайхрахгүй байна. Ер нь, үндэсний цөөнхийн талаар баримтлах Хятадын бодлого үндсэндээ бүтэлгүйтлээ.
-Одоо танай дүрвэгсдийн Засгийн газар, Бээжинтэй ямар харилцаа холбоотой байна?
-Бид зүгээр л Бээжин ямар дохио илгээхийг хүлээж сууна. Намайг амьд сэрүүн байгаа үед түвдүүд хүч хэрэглэхгүй байх гэсэн зарчмыг маань дагаж мөрдсөөр байх болно. Харин намайг мөнх бусыг үзүүлэхийн цагт залуу үеийнхний уур бухимдал тэсэрч, бүр ноцтой зүйлд ч хүргэж болохыг үгүйсгэх аргагүй юм.
-Энэ зууныг Хятад улс тодорхойлно гэлцэх боллоо. Хятадад үнэхээр ийм чадал бий юу?
-Хятад асар хүчирхэг улс болон хөгжиж байна. Нэгдсэн төвшинд суурилсан эдийн засаг хэрхэн сайн хөгждөгийг энэ улс баталж байна. Гэхдээ Хятад нийгмийн үнэт зүйлсээ орхигдуулсан. Коммунист хувьсгал аль хэдийнэ ард хоцорлоо. Тэд юунд  хүрэв. Мөнгөнөөс өөр юунд ч хүрсэнгүй. Коммунист эрх баригчид зөвхөн эрх мэдэл, мөнгөний тухай л боддог. Энэ чинь маш хор хөнөөлтэй зүйл шүү дээ.

Таван одтой буудлын өрөөнд заримдаа сүнс байгаа болов уу гэж боддог

-Шашин, төр, эдийн засаг гээд бүгд тус тусдаа хөгжиж байгаа энэ үед аливаа шашны удирдагч тухайлбал, Дээрхийн гэгээнтэн та юм уу эсвэл Ромын пап лам дэлхийг илүү сайхан болгож өөрчилж чадах уу?
- Би шашны удирдагчийн хувиар дэлхийгээр аялдаггүй. Би бол жирийн л нэг хүн, энгийн л нэг хувраг. Мэдээж, Далай лам хэмээх өндөр нэрийн ачаар илүү таатай сайхан боломжийг олонтаа хүртэж явсан. Би дүрвэгч хүний амьдралаар 50 жил амьдарч,олон зүйл үзэж тууллаа. Энэ үзэж харсан туршлагаа л би хүмүүстэй хуваалцдаг. Ингэхдээ хамгийн гол нь бусдад дотоод хүчээ сэлбэж, улмаар дотоод амар амгалангаа олоход нь туслахыг хичээдэг. Энэ л миний хүмүүст өгч чадах зүйл юм даа.
-Та хилийн чанадаар аялж, байнга таван одтой зочид буудалд саатахдаа юу боддог вэ?
-Үнэнийг хэлэхэд, зочид буудлын тийм том өрөөнүүд надад таатай санагддаггүй. Заримдаа тэр буудлын өрөөнд сүнс байгаа болов уу гэж би боддог шүү./инээв/ Тийм ч учраас би жирийн л нэг цэвэрхэн, тохилог өрөөнд орохыг хүсдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хаана байрлахаа би өөрөө шийддэггүй л дээ. 
-Та тийм тансаг сайхан байгаадаа ийм зүйл үзэж чадахгүй өөр ядруухан нэгний өмнөөс харамсах юм уу эсвэл тэдний өмнө буруутай мэт сэтгэгдэл төрдөг үү?
-Яагаад тийм бодол төрнө гэж. Хэрэв надад сайхан мэдрэмж төрвөл, тэр хэрээр би бусдын төлөө юм хийнэ.  Гэхдээ мэдээж, ядуу зүдүү хүмүүсийг харахад сэтгэл өвдөлгүй яахав. Намайг Венад нэг очиход буудлын гаднах гудамжинд нэг эрэгтэй хонож байсан. Би түүнд жимс, талх өгүүлсэн ч энэ бол түүнийг ердөө түр зуур баярлуулахаас хэтрэхгүй гэдгийг сайн ойлгож байна.
-Та хамгийн сүүлд хэзээ уурласнаа санаж байна уу?
-Би заримдаа тэвчээр алддаг. Гэхдээ дараа нь уучлал гуйдаг. Ийм зүйл хааяа тохиолддог л юм.

Би залхуу хүн

-Уур бухимдал ямар хор хөнөөлтэй талаар та сургааль айлдаж, ном ч бичиж байсан шүү дээ. Тэгсэн атлаа одоо хүртэл уурладаг гэж үү?
-Мэдээж, би яаж уур бухимдлаас салах тухай яриагүй. Харин хүмүүс юунаас болж уурласнаа олж мэдээд, түүнийгээ дарах гэж хичээх хэрэгтэй. Хэрвээ юунаас болж уурласнаа өөрөө тунгааж бодохгүй бол түүнээс салж чадахгүй, улам л уур хүрнэ шүү дээ.
-Танд зээлийн карт, хадгаламжийн дэвтрийн аль нь  ч байхгүй. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэгцээтэй ямар нэг зүйлээ авахад саад болдог уу?
-Миний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй юм уу, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн ганц ч зүйл байхгүй. Би ийм хандлагад аль хүүхэд байхаасаа суралцсан.
-Та бол олон сая хүний шүтээн болсон хүн. Танд харин ямар нэг дутагдалтай зан чанар байдаг уу?
-/Инээв/ Би залхуу хүн. Би үүрийн гурван цаг 30 минутад босоод дасгал хийж, дараа нь бясалгаж, цайгаа уугаад дахиад бясалгах гэх мэтээр өглөөний дөрвөөс таван цаг ямар ч зав чөлөөгүй өнгөрдөг. Оюун ухааны хувьд би залхуу хүн биш. Гэхдээ онгоцонд суугаад явахад хүмүүс ердөө зүгээр суухгүй, ямар нэг юм уншиж, бичиж, компьютер дээрээ ажиллаж, ажилдаа бэлтгэж байгаа харагддаг. Гэтэл надад тэдэн шиг заавал хийх ёстой гэрийн даалгавар юм уу бэлтгэх ажил гэж байдаггүй. Энэ чинь л миний залхуугийн шинж шүү дээ.
-Тэгвэл энэ байдал таны санааг зовоодог уу?
-Үгүй ээ. Учир нь, ямар нэг зүйлийг албадаж, хэт хичээж хийх нь надад хуурамч юм шиг санагддаг. Харин дотроосоо, зөнгөөрөө ажлаа хийвэл илүү үнэнч шударга болно.

Мөнгөний шунал энэ хямралыг бий болгосон

-Эдийн засгийн хямралаас болоод хүн бүрийн сэтгэл санаа зовниж байна. Энэ хямралыг богино хугацаанд давж гэтлэх талаар танд ямар нэг санал бодол байна уу?
-Энэ бол миний хариулж мэдэхгүй асуулт байна. Улстөрчид л үүнийг шийдэх ёстой. Би бол ийм хямралыг шийдэж чадах шинжээч биш. Гэхдээ аливаа нэг зүйлд эхлээд асуудлын учир шалтгааныг олж тогтоохоо хэзээ ч мартаж болохгүй.
- Тэгвэл таны бодлоор, энэ хямралын шалтгаан нь юу вэ?
-Шунал хүсэл. Ихэнх хүмүүс, бизнесийн байгууллага ганцхан л зорилготой байдаг. Мөнгө, мөнгө, дахиад мөнгө. Хэрэв таны шунал хүслээс болж бусад хүн ч ялгаагүй ашиг хүртэж байвал болж байна. Гэвч зөвхөн өөрийнхөө төлөө л шунаж байгаа бол энэ өвчин. Илүү их мөнгө олохсон гэдэг шунал л энэ санхүүгийн хямралыг бий болгосон.
-Тэгэхээр бусадтай хуваалцаж л чадаж байвал их мөнгөтэй болох нь муу биш юм байна тийм үү?
-Эд баялаг гэдэг муу зүйл биш шүү дээ. Хэрэв шударга замаар, бусад хүмүүст болон байгаль орчиндоо хор хөнөөлгүй аргаар олсон бол. Буддын гүн ухаанд эд баялгийг аз жаргалтай амьдралын урьдач нөхцөл гэж үздэг. Гэхдээ тэрбумтан хүн ч ялгаагүй арван л хуруутай шүү дээ. Тэд нэг хуруундаа гурав дөрвөн бөгж зүүсэн ч энэ нь ямар муухай зохицолгүй харагдахыг бодоод үз.
-Та нэгэнтээ өөрийгөө марксист лам гэж хэлж байсан. Та одоо ч энэ үзэл бодолдоо хэвээр байгаа юу?
-Тийм ээ, би одоо ч өөрийгөө марксист гэж боддог. Марксист онолын голч чиг шугам нь баялгийг шударгаар хуваарилахад оршдог. Ёс зүйн үүднээс энэ нь зөв зарчим юм. Харин капитализм бол эд баялгаа хэрхэн хуваарилахыг чухалчилдаггүй, зөвхөн яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг л анхаардаг. Үүгээр бол баячууд нь улам баяжаад, ядуус нь улам ядуурах нөхцөл үүсч байгаа юм.

Хятадын коммунистууд бол коммунист үзэл сурталгүй “коммунистууд”

- Тэгвэл та яагаад коммунистуудын эсрэг, социализмын эсрэг байдаг юм бэ?
-Коммунистууд аа. Ямар коммунист. Хятадыг коммунист улс гэж хэлээд байна уу. /маш чангаар инээв/. Хятадын коммунистууд бол коммунист үзэл сурталгүй коммунистууд юм. Харин социализмын тухайд ярьж байгаа бол Зүүн Европт  байсан энэ нийгэм одоо Хойд Солонгос, Кубад оршин тогтнож байна. Гэхдээ энэ бол хүний эсрэг тогтолцоо гэж би боддог. Хүн ердөө л идэж ууж, өмсөж зүүх хэрэгцээний төдий амьтан биш шүү дээ. Хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
-Та Хятадын удирдагч Мао Зедуныг биширдэг байсан гэл үү? Тэр хүн яагаад таны сэтгэлийг тэгж татсан юм бэ?
-Би Мао Зедуныг жинхэнэ марксист хүн гэж одоо ч итгэж явдаг. Тэр хүн ажилчдын төлөө, тариачдынхаа төлөө тэдэнд туслах гэж үнэн сэтгэлээр ажилладаг байсныг би мэднэ. 1950-иад оны дундуур би зургаан сар орчим Бээжинд амьдарсан. Тэр үед намын удирдлагууд үнэхээр ажилдаа бүхнээ зориулдаг хүмүүс шиг санагдсан. Мао дарга бол яг л тариачин шиг элэгдэж хуучирсан хувцас өмсөөд л явдаг хүн байсан. Маш удаан, үг бүрээ нухацтай бодож байж хэлдэг. Гоё сайхан үгээр ярьдаггүй, аливаа асуудлын хамгийн голыг нь олж ярьдаг хүн байсан. Түүний үеийн дарга сайд нар ч ялгаагүй тийм л хүмүүс байсан нь надад их гайхалтай санагдаж билээ.
-Дэлхийн олон улсын удирдагчид тантай уулзаж ярицлахыг хүсдэг ч бас түүнээсээ болоод Хятадтай харилцаагаа хүйтрүүлэх вий гэж санаа зовнидог. Та тэдэнтэй уулзахдаа үүнийг мэдэрдэг үү?
-Миний хувьд энэ тийм ч хэцүү асуудал биш. Миний гол сонирхол бол үүрэг хариуцлага, нинжин сэтгэл гээд хүний үнэлэмжийн тухай олон нийтэд ойлгуулан таниулах явдал юм.  Үүний тулд би хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэдний удирдагчтай биш. Хэрвээ минийхтэй ижил шалтгаанаар надтай уулзахыг хүсвэл би ямар ч удирдагчтай уулзахдаа баяртай байх болно. Хэрэв тэд хүсэхгүй бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Би зөвхөн Түвдийн тухай ярих гэж дэлхийгээр аялдаггүй. Харин хүмүүст хүрэхийг л хичээдэг.


 Б.Сэвжидмаа

Нийтэлсэн: 2012-11-28 11:46:00

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.