Д.Дондог буюу МАН-ынхан хэрхэн санал худалдаж авдаг вэ ?

Үнэлэх
(0 үнэлгээ)
УИХ-ын гишүүн асан Д.Дондог намдаа нэг суудал авчирч өгсөнийхөө төлөө арван жил хоригдох ял шийтгүүлсэн. Тэрээр 2008 онд тухайн үеийн МАХН-ын баян хүчирхэг фракцынхантай хамт Төв аймагт нэр дэвшсэн. Тэр үед намын бодлогоор нэр дэвшигчид нэг баг болон нэгдэж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Нэг баг тул мөнгөө хүртэл ижилхэн гаргасан. Гэсэн ч газрын наймаагаар хөлжсөн бусдынхаа дэргэд багш мэргэжилтэй Д.Дондогд бэлэн гаргачих хөрөнгө мөнгө байсангүй. Сонгуулийн сурталчилгааны зардал түүний шүдний өвчин нь байжээ. Бүр нэр дэвших эрх авахын тулд намдаа төлөх хорин сая төгрөгийг арай гэж төлсөн түүнд сонгуулийн бүрэн зардлыг гаргах нь бараг боломжгүй шахам байж. Харин туслах Д.Сайнбаяр нь мөнгө олж ирсэнийг 2008 оны сонгуульд хэрхэн зарцуулсныг сонсгоё. Мөрдөн байцаалтаар туслах нь 243 мянган доллар, Д.Дондог гишүүн гар дээрээ 150 сая төгрөг авсан нь тогтоогдож.  Гишүүн асан 150 сая төгрөгөө дараахь байдлаар сонгуульдаа зарцуулжээ. Эхлээд нэр дэвших эрхийн хорин сая төгрөгөө  намдаа тушаан Төв аймагт өрсөлдөхөөр болсон. 32 саяар нэрийн хуудас, зурагт хуудас, сонгуулийн сурталчилгааны материал зэргээ хэвлүүлжээ. Олон үйлдэлтэй “Xerox” маркийн принтерийг 36 ширхэгийг 9,2 саяар худалдан авч сум болгонд тарааж. Бүх сумын МАН-ын  хороонд иж бүрэн компьютерийг нэг цагаан хооолойн хамт бэлэглээд намын үүр бүрд унааны мөнгө хэмээн 200 мянгыг өгчээ. Эрдэнэсант сумын ЗДТГ-д канон, принтер, зурагт, цахилгаан үүсгүүрийг 300 мянган төгрөгтэй хамт хандивлаж.  Хэд хэдэн хүнд иж бүрэн гэр өгч.  Ухуулагч нараа 200-450 мянгаар цалинжуулан ажиллуулжээ. Сонгуулийн штабын тайлангаар Д.Дондог сурталчилгаандаа 50 сая төгрөг зарцуулсан гэж гарсан ч ерөнхий менежер нь “данснаас гадуур”  бараг 100 сая төгрөг зарцуулагдсан хэмээн мөрдөн байцаалтанд мэдүүлжээ. Тэр бүх мөнгийг Д.Сайнбаяр гаргаж байж. Сонгуулийн өмнөхөн тэрээр хоёр жийп машин хөлөглөн Төв аймгийн бүх сумыг тойрч “Дондог гишүүнээ дэмжээрэй” хэмээн мөнгө тараажээ. Айл бүрд өрхийн гишүүний тоогоор 10 мянгыг өгсөн бол АН-ын дэмжигч нарт бүр 20 мянгыг өгч байсан гэнэ. Жаргалант сумын бүх өрхөд мөнгө тараасан нь батлагдаж.  Лүн суманд өндөрлөг зохион иргэдийг нь  хооллож ундлахад таван сая төгрөг болж. Аймгийн төвийн нэг дэлгүүрээс л гэхэд сонгууль дуустал нийтдээ таван сая төгрөгийн архи, пиво худалдан авсан гэсэн тооцоо гарчээ. Бензин шатахууны мөнгө ч бүр талийж өгчээ. Тэр бүхнийг Д.Сайнбаяр бэлнээр өгдөг байсан агаад сонгуулийн штабын тайланд мэдээж орсонгүй. Ерөнхийдөө сонгогчдыг мөнгөөр татах, идэж уулгах, сөрөг мэдээлэл тараах зэрэг бохир ажлыг нь хийн маш их мөнгө зарцуулсан гэнэ. Хэдийгээр Д.Дондог сонгуульд ялсан ч газраа бүтээж чадахгүй байсаар туслах нь баривчлагдаж. Нөхрөө баригдангуут уурлаж бухимдсан эхнэр нь гишүүнтэй гал дөлтэй уулзахад Д.Дондог “би Сайнбаяраас ердөө 55  сая төгрөг л авсан, харин нөхөр чинь дур мэдэн их мөнгө зарцуулсан” хэмээн бухаж тэр хоёр хэрэлджээ. Д.Сайнбаяр баригдахаасаа өмнө сонгуульд нь 500 сая төгрөг өгсөн гэж эхнэрдээ ярьж байжээ. Эхлээд нэр дэвших эрхийн 20 саяыг нь олж өгч, дараа нь 90, 15 сая гэх мэтээр олон удаа мөнгө өгсөнийг гишүүн нэлээд эсэргүүцэж үгүйсгэний эцэст арга буюу хүлээн зөвшөөрсөн хэмээн эхнэр нь шүүх хуралд мэдүүлсэн гэнэ. Мөн Д.Дондог гишүүн нөхөр лүү маань өдөр шөнөгүй утасдаж “мөнгө олоод ир, болохоо байлаа” хэмээн шахаж шаарддаг байсан гэж гомдоллосон аж. Д.Сайнбаяр арга ядахдаа найз нараасаа хүртэл мөнгө зээлж, заримдаа өөрөөсөө мөнгө гарган даргадаа аваачиж өгдөг байжээ.  Д.Дондог хэрэг мандангуут  бүх хөрөнгөө шавхан байж 150 саяын өрөө даржээ. Сүүлдээ дүүгийнхээ машиныг хүртэл булаах шахан авч өрөндөө өгсөн гэнэ.
 
 
WORD.MN
Нийтэлсэн: 2014-12-10 21:21:58

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    дондог төв аймагт болон ард түмний амьдралд нөлөөлөх зйүл хийсэн бол одоо юу гээд шорон д орох дээрээ тулах вэ.сонгогчидоо хуурч худлаа ярьсаных нь төлөө бурхан түүнийг ингэж шийтгэж байгаа юм.

    Зочин 2015-02-28 12:35:56     103.10.22.101          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.