УИХ, Нийслэлийн сонгуульд ялагдсан МАН-ынхан ууртай байна. Мэдээж, яагаад гэдэг нь мэдээж ойлгомжтой. Сонгуулийн өмнө намынхаа нэрийг сольж, хэдэн хөөрүү залуучуудаар удирдуулж, намаар тоглосонд гишүүд нь бухимдаж сууна. Шинэчлэгдэж байна гэж удирдлагуудаа залуучуудаар цус сэлбэсэн нь “Сахил хүртээд шал дордов” гэдэг л болчихлоо гэцгээж байна. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл гээд бүх бүтцээ өөрчилж, шинэчилсэн гэх боловч байдал улам дордож, гутамшигтайгаар ялагдсан тул дарга нартайгаа хариуцлага тооцох ёстой гэцгээв. Буруу менежментээр явсны гай нь сонгуулиар гарлаа хэмээн үзэж хариуцлага тооцох хугацааг тун удахгүй зарлах бололтой.
Тиймээс МАН-ынхан энэ сард багтаан Бага хурлаа хуралдуулж, олон асуудал авч хэлэлцүүлэх гэнэ. Хурлын уур амьсгал ч халуун тогоон дотор байгаа мэт болох таамаг аль хэдийнэ гарчээ. Бага хурлаар сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагыг тооцох, намын удирдлагуудыг өөрчлөх, улмаар Их хурлаа хуралдуулах асуудлыг ч тавих аж. Юутай ч энэ мэдээлэлтэй зэрэгцээд одооноос намын дарга болоод генсек, нарийн бичгийн дарга нарт хүч үзэх хүмүүсийн кампанит ажил эхэлж. Намын гол ажлыг нугалах ёстой генсект БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын нэр яригдаж эхэлжээ. Тэд энэ сонгуульд нэр дэвшин өрсөлдөөгүй учир ямар нэг хариуцлага нэхэх үндэслэлгүй гэж үзсэнийх бололтой. Магадгүй алсыг харан дараагийн төлөвлөгөөгөө ийнхүү боловсруулсан ч байх талтай.
МАН-ын дарга нар сонгуульд нэр дэвшүүлэхдээ хамгийн оновчгүй сонголт хийж, алдаа гаргасан гэж гишүүд нь үзэж байгаа аж. Тухайлбал, тойрогт хэнийг явуулах, жагсаалтад хэнийг бичихээ буруу шийдсэн. Тухайн тойрогтоо иргэдийн дунд нэр хүндтэй байсан хүмүүсийг өрсөлдүүлэхгүй хэтэрхий мөнгө харсан хуваарилалт болсон гэж буй. Буруу хүмүүсээ буруу тойрогт хуваарилснаас ялах магадлалтай газартаа өвдөг шороодлоо гэв. Түүнчлэн намын 28-ын жагсаалтыг нийгэмд нэр хүнд муутай болсон хүмүүсээр толгойлуулснаас бүх зүйл буруугаар эргэсэн гэцгээж байна. МАН-ын гишүүд намын жагсаалтын эхний 10-т улс төрд улиг болтлоо явж, одоо олны эгдүүцлийг төрүүлэх болсон гишүүдийг бичсэн нь хамгийн том алдаа гэж үзжээ. Гэтэл Ардчилсан нам жагсаалтын эхний 10-т залуучууд, эмэгтэйчүүд хууччуул гээд зөв хуваарилалт хийсэн байгааг ч сануулаад байгаа аж. Ардчилсан нам хоёр ч эмэгтэй нэр дэвшигчээ жагсаалтын дээгүүрт оруулсан байтал МАН-ынхан олонд танигдсан эмэгтэйчүүдээ жагсаалтын хойгуур оруулж, аль мөнгө их төлснийг нь дээгүүр жагсаасан гэсэн санал, гомдол хэлэх хүн олон гарчээ. Зарим нэр хүндтэй эмэгтэй гишүүдээ торгуулийн батальон болсон тойрогт илгээж золигт гаргалаа гэв. “Намын нэр сольноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ” гэж хэвлэл мэдээллээр нэг амлаж байсан У.Хүрэлсүх генсектэй хамгийн эхэнд хариуцлага тооцох гэнэ. Намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-д суух болчихоод байгаа атлаа өдий болтол алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад бухимдсан гишүүд МАН-аар дүүрэн байгаа аж.
Иймээс Бага хурлыг долдугаар сард яаралтай хуралдуулж, ялагдалд оруулсан намын дарга нартай хариуцлага тооцуулж, цаашид тэдэнд итгэл үзүүлэхгүй байх мессэж МАН-д маш хүчтэй тарж эхэлжээ. Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчид тодорч эхэлсэн бол цаашид МАН-ыг авч явах дарга болчих нэр хүндтэй лидер хэн байх талаар таамаг өрнөөд эхэлчихсэн сурагтай. Зарим нэг нь намын даргад өөрийгөө сойх тухай ч чих дэлсэв. Юутай ч, сонгуулиас өмнө АНУ-ыг зорьсон С.Баяр удахгүй эргэн ирж, Бага хуралд оролцох мэдээлэл байна. Өмнөх сонгуулиар ялалт байгуулахад МАН-ыг удирдаж байсан гэдгээр нь С.Баярыг эргээд намын удирдлагыг гартаа авах санал гишүүдээс нь гарсан гэх. Түүнээс гадна Шадар сайд М.Энхболдыг намын даргад нэрээ дэвшүүлэх санал гишүүдийн зүгээс хүчтэй явж байгаа ч гэсэн мэдээлэл байгаа.
Удтал бухимдалтай байсан МАН-ынхан удахгүй тэсэрч, маш том дуулиантай өөрчлөлт хийж магадгүй Бага хурал энэ сарын хамгийн том сенсаац болох нь ээ.
Нийт сэтгэгдэл: 1
-
жагсаалтаар гарсан нөгөө аравыгаа эргүүлээд татчих хэрэгтэй ш дээ, нэгмөсөн амар зүгээр, хэхэ
Зочин 2012-07-04 15:02:17 77.247.181.163 (1) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.