АН хүлээж, МАН гэдийсээр ...

Үнэлэх
(0 үнэлгээ)

УИХ-ын анхдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилох ёстой байлаа. Гэвч анхдугаар чуулганд МАН-ын гишүүд ирсэнгүй. АН МАН-тай Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөөгүй учир тэд эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ. Энэ удаагийн сонгуулиар засгийн эрхийг дангаараа барих улс төрийн хүчин тодроогүй. Хамгийн олон суудал авснаараа АН бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах эрх атгасан буй. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан. Гэтэл МАН-ынхан “АН манай намтай ч зөвшилцөх ёстой байсан” хэмээн өнгөрсөн баасан гарагт товлосон УИХ-ын анхдугаар чуулганд оролцохгүй гэдийлээ.

Анхдугаар чуулганыг хамгийн өндөр настай нь удирдана гэсэн хуулийн заалтын дагуу Д.Дэмбэрэл даргалсан бол МАН-ыг төлөөлж, Н.Энхболд ганцаараа чуулганы танхимд орж ирсэн юм. Н.Энхболд “Хуулиараа 39-өөс дээш суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Олонх болоогүй тохиолдолд хамгийн олон суудал авсан нам нь бусадтайгаа зөвшилцөж байж УИХ-ын даргад нэр дэвшүүлэх ёстой. УИХ-ын тухай хуулийн 8.1, 9.1, 9.2-т энэ тухай тусгасан. Гэтэл АН-аас манай намд ямар ч санал тавиагүй. Энэ тухай өчигдөр орой лавласны дараа АН-аас зөвшилцөх тухай бичиг явуулсан байсан. Энэ бичгийг өглөө жижүүрээс авсан. Одоо л намын дарга уншиж, танилцаж байгаа байх. Уг нь, бие даагч гишүүн ч УИХ-ын даргад өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо шууд энэ асуудлыг хэлэлцвэл хууль зөрчинө. Тиймээс эхлээд зөвшилцье. Манайх намын бүлгээрээ ярилцах хэрэгтэй байна” гэв. АН-ын дарга Н.Алтанхуяг “Зөвшилцөх тухай бичгээ хүргүүлсэн. Хугацаа алдалгүй ажлаа хийцгээе. Та нар цөөнх учраас саналаа хэлнэ биз” хэмээн хариу барилаа.

Н.Энхболд АН-ын гишүүдэд хандан дахин “Манай нам 25 гишүүнтэй. Бичиг өгөөд орхих биш, бидэнтэй зөвшилцөх ёстой” гэснээр маргаан дэгдэв.   УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “20 жилийн өмнөх энэ өдөр /долдугаар сарын 20/ шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан УИХ анхны хуралдаанаа хийж байсан. Тиймээс энэ түүхэн өдөр бид асуудлаа ярилцаж, дуусгах хэрэгтэй байна. Зөвшилцөх тухай асуудалд Үндсэн хуульд тодорхой тусгасан. Үүнийг баримталъя. Олонхи болсон нам, нөгөө намд өгсөн бичгийнхээ хариуг хүлээх шаардлагагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Зөвшилцөх асуудлыг Улсын Дээд шүүх тайлбарласан. Санал хүргүүлснээр зөвшилцөлд хүрсэн гэсэн үг. Өөр тайлбар байхгүй. Хуулийн дагуу л явъя” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт “АН Засгийн газраа аль намтай хамтарч байгуулахаа шийдээд олонхоо бүрдүүлчихээд байхад заавал  МАН-тай зөвшилцөх албагүй. Дэмбэрэл дарга та, МАН-ын биш, хамгийн ахмад гишүүний хувьд хурал удирдаж байгаа. Тиймээс хурлаа үргэлжлүүлж, МАН-ын гишүүдийг орж ирэхийг шаардах үүрэгтэй. Ажлаа хий” гэхэд Д.Дэмбэрэл “Ийм тулгалт хол явахгүй шүү. УИХ-ын даргаа сонгох гэж байж гишүүдийн хагас нь байхгүй байна” гэж хариулав.

Ингээд АН-ынхан “зөвшилцөх” гэсэн асуудлаар Тамгын газрынхнаас тайлбар хүссэн юм. Тэд “Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” гэж УИХ-ын тухай хуулийн 9.2 дахь заалтыг уншлаа. Гэтэл УИХ-ын гишүүн С.Баярцогт Тамгын газрынхан хуулиа зөв тайлбарла, “бусад” гэдэг чинь бүх намтай зөвшилцөнө гэсэн үг биш хэмээн бухимдав. Энэ үеэр АН-ын гишүүд  дөрвөн жилийн өмнө УИХ-ын даргыг томилохдоо С.Оюун гишүүнтэй зөвшилцөөгүй шүү дээ гэж “шаагилдав”. УИХ-ын гишүүн С.Оюун үг хэлэх гэж зөвшөөрөл хүстэл хурал даргалагч боломж олгосонгүй.

Н.Алтанхуяг “Анхдугаар чуулганы одоо завсарлуулбал дахиж хэзээ цуглах юм бэ. Би сайд нараа танилцуулж, хурлаа үргэлжлүүлмээр байна” гэв. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл “Зөвшилцөж, нэр дэвшүүлэх ажиллагаа Үндсэн хуулийн дагуу явах ёстой. Зарим намтай зөвшилцөөгүй байна. Зөвшилцлийг гүй­цээх хүртэл, хуралдааныг завсарлууллаа” гээд алхаа цохиод, танхимаас гараад явчихлаа. Ингээд чуулганаа үдээс хойш 15:00 цагт үргэлжлүүлэхээр гишүүд тарсан юм. МАН-ын бүлгийнхэн зөвшилцлийн асуудлаар хуралдсан боловч дээрх байр сууриа өөрчлөөгүй гэнэ.

АН-ынхан бүтэн өдрийн турш хүлээж, МАН-ынхан гэдийж суусаар УИХ-ын анхдугаар чуулганаа хуралдуулж чадсангүй. 
 

Нийтэлсэн: 2012-07-23 09:38:03

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.