Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал

Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Онолын тодорхойлолт нь энэ. Төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтай тооцдог хариуцлага. Бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Ийм үйл явц. БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламент нь өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгч Юн Сок Ёль-д ийм хариуцлага тооцлоо. БНСУ-д Монгол Улсын 60 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Энэнээс ч олон байдаг гэдэг. Тиймээс БНСУ-д болж буй энэ улс төрийн үйл явц монголчуудын анхаарлыг татсаар байна. Тэдний иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 3-наас хойш Үндэсний ассамблейн гадаа ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг эсэргүүцэж жагссаар байв. Долоо хоногийн өмнө болсон импичментийн санал хураалтаар ерөнхийлөгчийн намынхан хамгаалж авч үлдсэн. Гишүүд нь хуралд оролцоогүй. Саяны санал хураалтад тэр намынхны дийлэнх олонх нь ерөнхийлөгчийг хамгаалж импичментийг эсэргүүцэж санал өгсөн ч арваад гишүүн импичментийг дэмжсэн байна. Энэ нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгчдөө эргэлзсэн 3 дахь тохиолдол. 2006 онд Үндэсний ассамблей нь ерөнхийлөгч Но Мү Хён-ийг импичментээр огцруулсан ч Үндсэн хуулийн шүүх нь хүлээж аваагүй байна. 2017 онд ерөнхийлөгч Паг Гынь Хе-г шийдэхэд нь хүлээж авсан. Одоо Юн Сок Ёль-ийг хэрхэхийг Үндсэн хуулийн шүүх нь шийднэ. Үндсэн хуулийн шүүх хүлээж авбал яах вэ. Хүлээж авахгүй бол юу болох вэ. Аль нь ч байсан БНСУ-ын улс төрд хэд хэдэн үйл явдал болж магадгүй. Нэгт:Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Харин гурван гишүүн нь тэтгэвэрт гарчихсан. Одоо зургаан гишүүн ажиллаж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн шүүхийнх нь тухай хуульд Үндэсний ассамблей нь Ерөнхийлөгчид импичмент хийвэл энийг Үндсэн хуулийн шүүхийн 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдэх зохицуулалттай. Энэ тээглүүрийг Үндсэн хуулийн шүүх яаж давах нь сонин. Хоёрт:БНСУ-ын ард түмэн ийм хүчтэй эсэргүүцэж байхад Үндсэн хуулийн шүүх нь хүлээж авахаас татгалзах бараг боломжгүй. Үндэсний ассамблей импичментийг баталсны дараа гадаа нь олон хоног жагссан 250 орчим хүн тэр оройдоо баяр тэмдэглэсэн. Хэрэв Үндсэн хуулийн шүүх татгалзвал жагсагчдын цуваа тийшээ эргэнэ гэсэн үг. Хоёрт: Тус улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн дотор дараагийн Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль болох магадлал үүсэв. Гуравт:Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаагийн импичментийг санаачлагч сөрөг хүчний дарга И Жэ Мён нэр дэвшиж магадгүй. Судалгааны байгууллагуудын дүнгээр И Жэ Мён нэр дэвшвэл сонгогдох магадлалтай тухай тус улсын хэвлэлүүд онцолж байна. Дөрөвт:Эрх баригч Ард түмний хүч намын дарга Хан Дун Хун хадны завсар дахь халиуны зулзага болсон. Санал хураалтаас хоёр хоногийн өмнө ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг дэмжихгүй гэж мэдэгдэл хийсэн нь үүнтэй холбоотой. Улс орон олон нийтийн санаа бодолд нийцүүлж бас өөрөө Ерөнхийлөгчийн онгойн үлдсэн суудалд нэр дэвшихэд энэ тун зоримог зөв алхам болсон. Гэхдээ Үндэсний ассамблейн санал хураалтад намынх нь арваадхан гишүүн түүний мэдэгдлийг биелүүлсэн нь Хан Дун Хун-д Ерөнхийлөгчид нэр дэвшье гэвэл намынхантайгаа ажиллах шаардлага үүссэнийг харуулж байна. Тавд:Сөрөг хүчнээс ерөнхийлөгч Юн Сок Ёль, түүний тойрон хүрээлэгчидтэй холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг нийтэд зарлаж, тэрэндээ эрх баригч намыг буруутгах магадлалтай. Ингэвэл 2025 он гарангуут БНСУ-ын улс төрд тогтворгүй байдал ч үүсч магадгүй юм. Зургаад:Ерөнхийлөгч Юн Сог Ёль, цэргийн өндөр албан тушаалтанд хууль хяналтын байгууллагаас хуулийн хариуцлага тооцох магадлалтай. Прокурорын газраас нь 50 орчим прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Шалгаж эхлээд удаагүй байхад Цагдаагийн дарга, Тагнуулын дэд дарга нар ерөнхийлөгч Юн Сог Ёль улстөрчдийг баривчлах чиглэл өгсөн гэв. Прокурорууд 2024 оны 12 сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийж ямар ч албан тушаалтан байснаас үл хамааран бүх зүйлийг хуулийн дагуу шалгана гэжээ. Долоод:Миний шийдвэр зөв байсан хэмээн өөрийгөө өмөөрсөөр байгаад импичмент хийлгэсэн ерөнхийлөгч Юн Сок Ёл яагаад онц байдал зарласан бэ гэдгийг одоогоор хэн ч олж мэдээгүй байна. Гэхдээ түүний нэр хүнд ард иргэдийнхээ дунд маш муу болтол унасан, Үндэсний Ассамблей түүний санаачилсан хуулийн төслүүдийг унагадаг болсон зэрэгт бухимдаж онц байдал зарласан байж магадгүй гэх байна. Гэргийгээс нь үүдэлтэй гэх таамаг ч байна. БНСУ-д болж байгаа улс төрийн энэ үйл явдал бидэнд Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал болов. Монгол Улс ч парламентын засаглалтай. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ тутам учраас олон нийтийн шүүмжлэл дагуулах явдал ч байна. Гэхдээ энэ нь эрүүл тогтолцооны эхлэл гэдгийг бид эхнээс нь мэдэрсэн. Монгол Улсын 2025 оны төсвийг танаж, алдагдалгүй төсөв батлахад парламентын гишүүд манлайлан оролцсон нь томоохон илрэл. Монгол Улсын түүхэнд анх удаа алдагдалгүй төсвийг 126-тай парламент баталсан. Ямар ч л байсан урьдны парламентууд шиг хэдхэн гишүүнийг лоббидоод хүссэн хуулиа батлуулах боломжгүй болсон. Энийг 2025 оны төсвийг яаж танаж чадсанаас тодорхой харлаа. Цашдаа ч улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эргэлзээтэй нөхцөл байдалд гагцхүү парламент л иргэд, олон нийтийн талд зогсож чадах юм байна гэдгийг БНСУ-ын Үндэсний ассамблейн шийдвэрээс олж харав. Тийм болтугай. Эх сурвалж: Dorgio.mn АжиглагчА.Батболд

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТҮЛШ, ШАТАХУУНЫ 45 ХОНОГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сайжруулсан түлшний асуудлаар Ажлын хэсэг байгууллаа Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж ахална. Тавантолгой түлш ХХК нь нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад 71,4 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Борлуулалтын 128 цэгээр хоногт дунджаар 956 тн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаад энэ сарын 5-наас борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ. Ирэх сарын 1-нээс 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна. Сайжруулсан шахмал түлшний Нэг өрх-нэг карт аяныг зохион байгуулж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, картын давхардлыг арилган, сайжруулсан түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхад хяналт тавина. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татна Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэлээ. Газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзжээ. Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн байна. Аж ахуйн нэгжүүд 45 хоногийн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа. Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгалаа. Улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 1,538,119.0 тонн түлш, шатахуун импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Аж ахуйн нэгжүүдийн дээрх хугацаанд импортолсон түлш, шатахууны хэмжээнд үндэслэн төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцжээ. Тогтоолын хавсралтад зааснаар 28 аж ахуйн нэгж нийт 193,500 тонн компанийн нөөц бүрдүүлэх юм байна. Товч мэдээ Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх олон улсын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хэвийн горимд шилжүүллээ. Ковид-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь, дархлаа дэмжих гуравдугаар тунд 323.940 хүн хамрагджээ. Иргэдийг гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцины цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Эрчис Ойл ХХК болон PH-Аэро компанийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг эцэслэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайдад даалгав. Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явц, Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминалын ажлын явцын талаар Сангийн сайд танилцуулсан байна. Хуулийн төсөл боловсруулж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагаас 257, төрийн байгууллагаас 280 гаруй санал иржээ. Эдгээр саналыг нэгтгэн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах юм байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Урьдчилан хорих болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хангана

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг урьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, иргэн бүрийн сонгуульд оролцох оролцоог тэгш хангах талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтаар, өнгөрсөн жил зохион байгуулагдсан УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаад өмнөх сонгуулиар хийж хэрэгжүүлсэн ажлыг энэ удаагийн сонгуулийн үеэр ч үргэлжлүүлэхийн зэрэгцээ сайжруулах, цаашид анхаарч, хамтран ажиллах ажлын чиглэл дээр тогтож ярилцав. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг хүсэв Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, тэдгээрт сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх ухуулга сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх, сайжруулах, урьдчилан хорих байранд цагдан хоригдсон болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хуульд заасан шаардлагын дагуу хангуулах талаар ярилцлаа. Дээрх асуудлаас гадна гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг Хүний эрхийн үндэсний комиссоос хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн алба хаагчдын сонгох эрхийг хангах талаар шинээр орсон заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар уулзалтын үеэр хөндөв. Энэ чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд идэвхтэй хамтран ажиллана. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг сонины тусгай дугаарт материал нийтлэх, сонгогчдод болон сонгуульд оролцогсдод зориулсан зөвлөмж гаргахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг төрийн байгууллагууд дотроос анхдагч болон хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагын вэбсайтыг сул хараатай иргэдэд зориулсан хувилбартай болгож, 2020 оны 1 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг дохионы орчуулгатай хүргэсэн юм. Мөнсонгуулийн дүн мэдээний хэвлэлийн хурлыг тэжээгч орчуулагчтай хүргэх, олон улсын дохионы хэлээр нийтэд хүргэх ажлыг сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран хийж гүйцэтгэсэнбилээ. Эх сурвалж:Сонгуулийн Ерөнхий Хороо

Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарахыг онцлов

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нар 2021 оны 3 дугаар сарын 9-нд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар холбогдох дүрэм, журмыг хугацаанд нь гаргах, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй болон эрх нь хязгаарлагдсан хүмүүс, гадаадад суугаа Монголчууд, коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хангах, мөн нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцсэн байх, сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, албадлага хэрэглэх, баривчлах, цагдан хорих зэргээр сонгогдох эрхэд халдахгүй байх нөхцөлийг эртнээс бүрдүүлж ажиллахыг санууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг баримталсан эсэхийг улс төрийн намуудыг бүртгэх үед хянах, иргэдийн өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэх зэрэг асуудлыг ч уулзалтын үеэр хөндсөн юм. Түүнчлэн СЕХ-нд сонгогчдын боловсролыг дэмжих нэгж байгуулагдсаныг сайшаан иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, сонгуулийн үеэр иргэдийн үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрх зөрчигдөхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч, цаашид сонгуулийг цахим байдлаар явуулах асуудлаар ярилцаж, зөвшилцөв. ХЭҮК-ын гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан санал тоолох автомат хэрэгслийн ажиллагаатай танилцахаар төлөвлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос хяналт тавьж, хамтран ажиллах бөгөөд Ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул нар ахална.

Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Талууд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж санал нэгдэв. Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил анхаарал хандуулахын сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, худалдааг дэмжих, томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр хоёр талын үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар олгосонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааны төслүүд болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.