Таргалалтын нэг шалтгаан нь тамхидалт

Үнэлэх
(0 үнэлгээ)

АНУ-д 100 метр тутамд хэт таргалалттай хүн тааралддаг гэдэг. Энэ нь түргэн хоол болон кока коланы “ач тус” гэдгийг эрдэмтэд баталсан. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудын хэрэглэдэг хоол, хүнсний нэр төрөл нэмэгдсэн, нөгөөтэйгүүр нийтийн биеийн тамир зэрэг идэвхтэй хөдөлгөөний хүчин зүйл үгүй болсоны улмаас илүүдэл жинтэнгүүд олширсон. Улсын клиникийн төв эмнэлгийн эмч М.Ундралтай илүүдэл жингийн талаар ярилцлаа.

-Монголчуудын дунд бий болж буй сөрөг зүйл нь таргалалт. Энэ талаар мэдэхгүй хүн ч гэж бараг байхгүй. Таргалалтын гол шалтгаан нь юу вэ?
-XX зуун бол хүн тө­рөлхтний хувьд ерөнхий­дөө өлсгөлөн, хоол, тэ­жээлийн дутагдалтай үе байсан. Энэ  үед хүмүүс биедээ өөх хуримтлуулах талаар боддог байжээ. Тод­руулж хэлбэл,  хү­мүүс  турж үхэхээс  айдаг байсан бол өдгөө эсрэгээрээ хүмүүсийн сэт­гэхүй, амьдралын хэв маяг, хооллолт зэрэг бараг бүх зүйл өөрчлөгдсөн.
Наад зах нь хөдөлгөөний дутагдалд орох, хэт түргэн хооллох, хийжүүлсэн ундаа уух нь энгийн үзэгдэл болсноор хоолны дэглэм алдагдаж, өндөр илчлэгтэй хоол хүнс их хэрэглэснээс таргалалт үүсч байна.
-Тэгэхээр таргалалтыг өвчин гэж ойлгож болох нь ээ. Монголчуудын хэдэн хувь нь илүүдэл жинтэй байгаа бол?
-Дэлхий даяар нийт 140 сая хүн хэт таргалалттай гэсэн судалгаа бий.
 Хүн амынх нь 93 хувь жингийн илүүдэлтэй улс ч байдаг. Сүүлийн үед дэлхий нийтээр үүнийг тахал хэмээн үзэж байна. Манай орны хувьд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр судалгаа хийж үзэхэд нийт хүн амын 14.3 хувь нь жингийн илүүдэлтэй гэж гарсан.
-Жингийн илүүдэл, таргалалт хоёр ялгаатай юу?
-Ялгаатай. Жингийн илүүдэл нь биед бага зэрэг өөх хуримтлагдахыг хэлнэ. Харин таргалалт гэдэг нь хэвийн байх ёстой хэмжээнээс хэт их өөх хуримтлагдахыг хэлдэг.
 Ер нь таргалалт гэхээрээ өвчин болно гэсэн үг. Эмч нар хүний илүүдэл жинг хэмжих нэг томъёо бодож олсон байдаг. Энэ нь биеийн жинг өндрийн кв-т хуваах томъёо. Тухайлбал, 160 см өндөртэй хүн байлаа гэж бодъё. Тэгвэл өндрийнхөө хэмжээг метрт шилжүүлж, кв-ыг нь олно. Өөрөөр хэлбэл, 160 см бол 1.6 метр гэсэн үг. Үүний кв нь 2.56. Тэгээд жингийнхээ хэмжээг кв-тдаа хуваахад гарсан хариугаар нь тооцож үзнэ. Энэ томъёогоор илүүдэл жингээ өөрсдөө ч бодох боломжтой. Хэрэв гарсан дүн нь 30-аас дээш бол таргалалт, 25.5-30-ийн хооронд бол жингийн илүүдэл гэж үзнэ.
-Таргалах нь зөвхөн харагдах байдлаасаа биш эрүүл мэнд талаасаа ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хэрэв таргалалттай гэж гарвал бүх эд, эрхтний тогтол­цоонд өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл, эрхтний системийн гэмтэл илэрдэг. Наад зах нь зүрхний шигдээс үүсэх, даралт ихсэх, мөн цусан дахь өөх, тосны хэмжээ ихэссэнтэй холбоотой судасны хатууралтай бол­дог.
Илүүдэл жин нь үений өвдөлт, нурууны суулттай болоход нөлөөлөхөөс гадна арьс, уушгиний эмгэг зэргээр бүх эрхтнийг гэмтээдэг. Энэ мэт маш олон сөрөг үр дагавартай. Хүнийг үхэлд ч хүргэж болох аюултай.
Ер нь таргалалт бүх өвчний суурь болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийн хүн амын дунд хамгийн их өсч байгаа чихрийн шижин, даралт ихсэлт, харвалт, зүрхний шигдээс зэрэг бүх өвчний эх үүсвэр болж байна. Тиймээс таргалалтыг дэлхий нийтийг хамарсан тахал гэж үздэг.
-Зарим хүмүүс өвчний тарга гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр өвчний улмаас таргална гэж байх уу?
-Байдаг. Таргалалт дотроо анхдагч, хоёрдогч гэж байна. Анхдагч таргалалт нь хүний калорийн хэрэгцээтэй холбоотой. Эмэгтэй хүн өдөрт 2800, эрэгтэй хүн 3300 килокалори хэмжээтэй хүнс хэрэглэх ёстой. Харин энэ хэмжээнээс хэтэрвэл өөх хуримтлагдана. Мөн хөдөлгөөний дутагдалтай холбоотой таргалалт нь анхдагчид ордог.
Харин гормон, жирэмс­нээс хамгаалах эм, сэтгэ­цийн эсрэг эм удаан хугацаагаар хэрэглэх буюу суурь өвчнөөс болж жин нэмэгдсэн бол хоёрдогчоор үүссэн таргалалт болно.
-Хүмүүс жингээ бари­хын тулд хоолоо сойх, эм уух зэрэг олон арга хэрэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
-Ерөнхийдөө тарга­лал­тын эмчилгээнд гурван зарчим байдаг. Түүний нэг нь хоолны дэглэм. Өөртөө таарсан килокалороо тааруулж иднэ гэсэн үг. Дээрээс нь хөдөл­гөөний болон сэтгэл заслын эмчилгээг зайлшгүй хийдэг.
Хоёр дахь нь эмийн эмчилгээ. Эмийн эмчилгээнд хоолны дуршил бууруулдаг эм орно.
Гуравт ходоод тайрах, өөх соруулах зэрэг мэс заслын эмчилгээнүүд багтана.
-Хоолны дэглэмийг яаж баривал зүгээр вэ. Хүмүүс огт хоол идэхгүй удах тохиолдол байдаг?
-Юун түрүүнд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд биеийн жиндээ тааруулсан килокалорийг өдөртөө тааруулж бодуулаад, өөрөө хоолны цэсээ зохиож идвэл илүү тустай. Түүнээс биш хоолоо хамаагүй хасвал давхар өвчний суурь болно.
-Тэгвэл эм хэрэглэх нь хэр үр дүнтэй вэ?
-Шаардлагатай үед эм хэрэглэнэ. Хэт их жинтэй хүмүүс дасгал хийж, хоолны дэглэм бариад жингээ хасч чаддаггүй. Ийм хүмүүс л тодорхой хугацаанд эм хэрэглэдэг.
-Стрессээс болж тарга­лалт үүсдэг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Үнэн. Турах эмчилгээнд сэтгэл засал хамгийн гол эмчилгээ болдог. Хүний сэтгэл гэдэг их чухал. Бас өөрөө даавар ялгаруулдаг гэдэг. Тэгээд сэтгэл санаагаар унах юм бол даавар хэт ялгарч, хүн их идэж эхэлдэг. Хэдий их идлээ гээд стрессээс бүрэн гарахгүй ч жаахан хөнгөрнө. Тэгэхээр таргалалтад нөлөөлдөг нь яалт ч үгүй үнэн.
-Сүүлийн үед зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд жиндээ санаа тавих болсон. Ажиглаад байхад залуусын дунд таргалалт ихэссэн юм шиг санагддаг. Энэ юутай холбоотой вэ?
-Манай эрчүүдийн амьдралын хэв маяг их буруу байна. Хөдөлгөөн багатай, хоолны дэглэм барьдаггүй тал бий. Хоолны дэглэм гэдэг бол бага хэмжээгээр ойр, ойрхон зөв хооллохыг хэлдэг. Гэтэл манайхан өглөө гарахдаа хоосон гарна. Өдөр их хэмжээгээр нэг хооллоно, орой унтахаасаа өмнө бас идэх жишээтэй. Энэ байдал нь таргалалтад ихээр нөлөөлдөг.
 Дээрээс нь пиво их хэмжээгээр уудаг. Пиво их уух нь хэвлийн таргалалтыг үүсгэдэг. Манайхны бас нэг дутагдал бол цагаан идээнээсээ илүү махан хоолыг түлхүү хэрэглэдэг.
-Хүмүүс жингээ барихын тулд тамхи татдаг. Жин барихад тамхи нөлөөлдөг үү?
-Тамхидалт нь өөрөө таргалалтын бас нэг шалтгаан болдог. Архи уувал бас таргална. Тэгэхээр жингээ барихын тулд тамхи татна гэдэг буруу ойлголт.
-Тэгвэл таргалалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй аргыг манай уншигчдад хэлж өгөхгүй юу?
-Хамгийн гол нь амьд­ралын зөв хэв маяг, зөв хооллолт, хөдөлгөөний идэвхтэй байдал. Түүнчлэн архи, тамхи хэрэглэхгүй байх нь чухал.
-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: 2012-07-23 09:45:40

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.