Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2022.03.14/-нд Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын удирдлага, хамт олонтой уулзаж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилтай танилцаж, зөвлөмж өглөө. Сүхбаатар аймаг нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах Ойн зөвлөгөөнөө 2022.02.12-нд зохион байгуулжээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна. Ойжуулалт Ой үржүүлэг Агро ой аж ахуй Доройтсон экосистемийг нөхөн сэргээх (ус намгархаг газар, нуга, булаг шанд, баянбүрд гэх мэт) Хамгаалалтын ойн зурвас (тариалангийн талбай, хөрсний элэгдэл хамгаалах зурвас) Хот суурин газрын ногоон байгууламж Авто болон төмөр замын хамгаалалтын зурвас Уул уурхайн биологийн нөхөн сэргээлт Албан байгууллага, хувийн хэвшил, ард иргэдийн хамрах хүрээ 2022-2024 онд бэлтгэл үе шат 1.Үндсэн чадавхийг бий болгоно. Үүнд: 2. Хүний нөөц ажиллах хүчийг бэлтгэх / ойн чиглэлээр / 3. Мод үржүүлгийн газрыг чадвахижуулах, шинээр байгуулах,техник технологийн бааз суурийг сайжруулж мод үржүүлэх шинэ технологийг нэвтрүүлж тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлж ажлуудыг хангана. 4. 2025-2030 онд Эрчимжүүлэх үе шат буюу Мод эрчимтэй тарих, тогтвортой хэрэгжих үе шат гэж төлөвлөж байна. Тодруулбал, Чиглэл 1: Ойн төгөл бүхий газарт ойжуулалт , нөхөн сэргээх: 334 га-д ойжуулж ойн сангийн талбайг нэмэгдүүлнэ. Дарьганга сумын Молцог элс ний төгөлд ойжуулалт хийнэ. Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлаастын орчинд ойжуулалт Түмэнцогт сумын Хар ямаат БНГ-т ойжуулалт хийнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн А/172/116 ойжуулалт хийх норм, норматив, зардлыг шинэчлэн батлах, Чиглэл 2: Тал хээрийн гандуу бүс нутаг, сумдад агро ойн аж ахуйг хөгжүүлнэ. Навчит модоор ойжуулах, ойн зурвас байгуулсан талбайд жимс жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо,тарьж хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ. Чиглэл 3: Аймаг сумын төв, суурин газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулна. Чиглэл 4: Хамгаалалтын ойн зурвас байгуулна. 340 га-д Ойн зурвас байгуулах ажлыг авто зам, тариалангийн талбайн дагуу, уул уурхайн нөхөн сэргээлтийн талбайд хамгаалалтын ойн зурвас зэргийг байгуулах юм байна.
А.Баттогтох: Макалу оргилд авирсан анхны Монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилготой байна
2022-03-15 13:37:23 Нийтлэгдсэн: НийгэмСайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? -Сайн байна уу? Өдрийн мэнд -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ Чингис хаан Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон төрлийн ажил хийж үзсэн. -Маш сонирхолтой ажил эрхэлдэг юм байна. Таны ажлын онцлог болон хүндрэлтэй, эсвэл сайн сайхан зүйл нь юу байдаг вэ? Би нисэх буудлынхаа Аеродромын албанд нь ажилладаг. Манай алба Буянт-Ухаа аэродром болон ИНЕГ-ын харьяанд байдаг бусад нисэх буудлуудын аэродромыг нислэгт бэлэн байлгах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, хээрийн аэродром сонгох гэх мэт олон талын үүрэгтэй мэргэжлийн алба. Аэродром гэдгийг агаарын хөлөг хөөрч буух, явгалах, зогсоход зориулсан цогц байгууламж гэж ойлгож болно. Үүнийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, тухайлбал цастай, бороотой, эсвэл хавар, намрын улиралд температурын огцом өөрчлөлтөөс шалтгаалж мөстөлт, гулгаа үүсэхээс сэргийлж шуурхай ажиллах, аэродромд гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах зэргээр цаг хугацаатай уралдсан хүндрэлтэй үеүд нилээд гардаг л даа. Гэхдээ энэ бүхнийг аль болох урьдчилан тооцоолж, бэлтгэл ажлуудыг хангасан баг хамт олон байдаг учир алзахгүй л даван гардаг даа. -Таны эрхэлдэг ажил болон хичээллэдэг спортод ижил төстэй зүйл байдаг уу? -Хийж байгаа ажил, уулын спорт аль аль нь миний сонирхож сонгосон зүйл ч гэлээ маш өндөр хариуцлага шаарддаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэх, даван туулах өөрийгөө болон бусдыг аюулгүй байлгахад анхаарах гэдэг утгаараа төстэй юмуудаа. Бас би багаасаа л нутгийнхаа уул хадаар аялах сонирхолтой, аавынхаа бууг үүрээд л ан ав хийх санаатай хэдэн уул даваад л явчихдаг хүүхэд байсан. Ажилд орсноосоо хойш орон нутгийн нисэх буудлуудын аэродромын засварын ажилаар хааяа хөдөө явж, боломж гарвал тухайн нутгийн өвөрмөц онцлогтой газар нутагтай танилцдаг, амралтын өдрүүдээр байгаль, шувуу, зэрлэг амьтдын гэрэл зураг сонирхдог байсан нь аялах, уулын спортоор хичээллэхэд минь нөлөөлсөн байх. Түрүүн би орнитологич техникчээр ажиллаж байсан гэж хэлсэндээ. Тэр нь агаарын хөлгийг шувуу, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх өвөрмөц сонирхолтой ажил байдаг шүү. -Та хэзээнээс ууланд авирах болов?Ууланд алхах, авирах нь бусад спортоос юугаараа онцлог вэ? -Би уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аяллын төрлөөр 10 жил тууштай хичээллэсэн бөгөөд сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байна. Ууланд авирах нь бие махбодын эрүүл мэндэд тустайгаас гадна, саадыг давж зорилгодоо хүрэх, түүнээсээ урам зориг, таашаал мэдрэх, өөрөөрөө бахархах, алдаанаасаа суралцах, туршлагаасаа бусад хүмүүстэй хуваалцах, энэ спортыг таниулахад тустай байдаг. Уул бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн хур тунадас, цаг хугацаанаас хамаарч авиралт бүр адилгүй. -Энэ хугацаанд ямар ямар амжилт үзүүлэв, хичнээн оргилд авиралт хийсэн бэ? -Өмнөд америк тивийн ноён оргил Андын нурууны ноён оргил Аконкагуа /дтд-6962/, Ёвроп тивийн ноён оргил, Кавказын нурууны ноён оргил Эльбрус /дтд-5642/. Эх орныхоо 4000 м-ээс дээш өндөртэй оргилуудад ихэнхэд нь авиралт хийсэн. Жишээ нь: Монгол орны хамгийн өндөр оргил болох Алтай таван богд Хүйтний оргилд гэхэд 6 удаа авирсан. Сүүлийн жилүүдэд Horizon mountaineering clubийнхээ гишүүдтэй хөтөч хийж явж байгаа болохоор Монголынхоо өндөр оргилуудад бараг бүгдэд нь авирсан гэж ойлгож болно. Мөн 2018-2021 онуудад зохиогдсон Г.Барсболдын нэрэмжит уулын эрчимт алхалтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр, 2019 онд зохион байгуулагдсан Asralt Race тэмцээнд шагналт 5-р байр. Уулын клуб холбоодын дунд зохион байгуулагддаг уулын авиралтын Алпинад 2019 тэмцээнд чөлөөт авиралтын төрөлд багаараа оролцож 4-р байранд шалгарч, Хархираа Түргэний уулсын оргилд авирсан. 2019 онд зохион байгуулагдсан Шри Чинмойн нэрэмжит 24 цагийн тасралтгүй гүйх марафон гүйлтийн тэмцээн шагналт 5-р байр эзэлж байсан. Мөн гүйлтийн спортод дуртай. Монгол улсад болсон Олон улсын болон орон нутгийн чанартай марафон гүйлтийн тэмцээнүүдэд оролцдог. -Тив алгасан өндөр оргилд гараад, зорилгоо биелүүлээд ирэхэд уулчин хүнд юу бодогддог юм бол? -Мэдээж хэрэг өөрийгөө ялах , мөнх цаст уулсуудад Монгол төрийн далбаагаа мандуулаад хүсэл зорилгоо биелүүлээд, аюул осолгүй ирнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмжийг өгдөг. -Энэ жил Монголын уулчид хоёр өндөр оргилд нэгэн зэрэг авиралт хийх гээд бэлдэж байна. Нэг нь таны гарах Макалу уул байгаа. Энэ уулыг сонгох болсон шалтгаан нь юу байв? -Энэ жил Дэлхийн дээвэр Эверест, Макалу гэсэн оргилуудад авиралт хийнэ. Надтай зэрэг авиралт хийх уулчин Хайрхан аялагч клубын Спортын мастер Гантулга гэдэг залуу бий. Гантулга маань Дэлхийн дээвэр Эверестэд авирна. Миний авиралт хийх Непал улсын Макалу оргил нь Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшинөөс дээш 8463м өндөр оргил. Гималайн нурууны салбар уул. Авиралт хийхэд нилээд хэцүү гэж хэлж болно. Энд өмнө нь монгол уулчин гарч байгаагүй болохоор миний хувьд анхны монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилго тавьсан. -Непал улсын цаг уурын байдал, уулчин хүнд нөлөөлөх хүндрэл бэрхшээл нь юу байдаг вэ? 8000- тай уул бол мэдээж хэцүү өндрийн өөрчлөлт, цаг агаарын эрс тэрс уур амьсгал гээд. Ууландаа цаг агаарын хэлбэлзэл маш өндөртэй. Шөнөдөө -30 градустай байхад өдөртөө нэмэх градустай байх жишээний маш их хэлбэлздэг. Жаахан салхи гарах юм бол цаг агаар яаж ч эргэж болохоор. -Таны энэ удаагийн авиралт хийх цаг хугацааны хувьд хаврын улиралыг сонгосон шалтгаан нь юу байв? -Ихэнх өндөр ууланд авиралт хийхэд хамгийн тохиромжтой үе нь тавдугаар сар байдаг. Тиймээс цаг хугацаагаа ингэж тааруулсан. Бид дөрөвдүгээр сарын эхээр очоод уур амьсгалдаа дасан зохицох, авирах бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бэлтгэлийн хугацаатайгаа нийлээд авиралт маань хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Бид 4 сарын 3 нд Монголоос уулруугаа зориод 6-н сарын эхээр ирэхээр төлөвлөсөн байгаа. -Өмнө нь гарч байсан оргилуудаас авиралт хийхэд хамгийн хэцүү оргил нь аль байсан өэ? Улирал, цаг агаарын нөхцөл, хур тунадас, салхи шуурга гээд их олон зүйлээс шалтгаалаад аль ч уул руу авирахад амархан байна гэж байдаггүй. Авиралт болгон л хэцүү байдаг. Манай улсын хувьд зуны цагт авиралт хийхэд илүү тохиромжтой санагддаг. -Ууланд алхахын давуу тал, ач тусын талаар та юу хэлэх вэ? -Ууланд алхах нь мэдээж олон сайн зүйлийг дагуулна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, байгальд ойр цэвэр агаарт эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, харин өндөр уулын спорт бол илүү их туршлага, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, бэлтгэл шаарддаг халуун хүйтэн, салхи шуурга гээд олон бэрхшээлийг даван туулдаг болохоор хүнийг тэсвэр тэвчээрт сургадаг, төлөвшүүлдэг спорт гэж би боддог. -Ууланд авирахаасаа буух нь илүү хэцүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Өндөр оргилуудад авирахад тэр ялгаа хэр их мэдэгдэж байна? -Мэдээж хэрэг өгсөөд ядарсан хүмүүс уруу газар ачаатай явна гэдэг маш хэцүү байдаг. Зарим хүмүүс яаж ийж байгаад л оргилд нь гарчихвал зорилгодоо хүрчихлээ, болчихлоо гэж санадаг. Буцаад буух цаг хугацаа, энергиэ бас хуваарилах ёстой шүү дээ. Гол нь аюулгүй, эсэн мэнд бууж ирэх нь чухал. -Мэдээж хэрэг энэ спортоор хичээллэхэд санхүүгийн хувьд нилээд өндөр өртөг шаардагддаг байх. Таны хувьд зардал, санхүүгээ хэрхэн шийддэг вэ? -Ихэнхдээ өөрөөсөө гаргадаг байсан. Мөн клубийн зүгээс тодорхой хэмжээгээр дэмждэг. Сүүлийн үед зарим нэг компани, найз нөхөд бас дэмждэг болж байгаа. Өндөр уулын спорт нь өөрөө их эрсдэлтэй спорт. Тэрийгээ дагаад зардал мөнгө их орох талтай. Тухайлбал уулын төлбөр, гэр баазын зардал, тухайн уулчин эрсдэлд орсон үед аврах хамгаалах үйлчилгээ гээд бүгд төлбөр хураамжтай. Сэтгэлээрээ дэмжиж хурцалж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. -Танд баярлалаа. Зорьсон хэрэгээ амжилттай бүтээгээд эх орондоо эргэн ирээрэй. -За баярлалаа. Энэ дашрамд дараагийн авиралтад минь тусалж чин сэтгэлээсээ дэмжиж байгаа гэр бүл, ажлын хамт олон, клубын гишүүд, найз нөхөд, бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Монголчуудаа эр зориг, тэвчээр хатуужилд хандив өргөхийг хүсвэл Хаан банк 513130789 Баттогтох дансанд хийгээрэй.
Хотын дарга Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2022-03-15 10:34:25 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Мянганы сорилтын корпорац /МСК/-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан удирдах захирлыг түр орлогч Аманда Женнингс болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг дурдав. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр-ийг хамтран хэрэгжүүлж буйд Фатима Сумарт талархал илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал усыг дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн харилцан уялдаа бүхий төслүүдээр дамжин хэрэгжиж байгааг онцоллоо. МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Фатима Сумар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ буюу Усны компакт гэрээг байгуулсан нь түүхэн ач холбогдолтой. МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Фатима Сумар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ буюу Усны компакт гэрээг байгуулсан нь түүхэн ач холбогдолтой. Цаашид Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурдлаа. Тэрбээр төсөл хөтөлбөрийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын урьдчилсан ажлууд хийгдэж буйг тодотгов. Түүнчлэн УСУГ-ын зардлыг бууруулах зорилгоор шугамд холбогдсон, гар ажиллагаатай ус түгээх 182 байрыг бүрэн автоматжуулан 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх төслийн бэлтгэл ажлыг хангаж байгааг дурдаад, ингэснээр иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах төдийгүй усны зардал хэмнэх чухал ач холбогдолтой гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүсэд аж төрж буй 2800 гаруй айл өрх байна
2022-03-15 08:12:10 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй айл өрх байна. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах үүргийг холбогдох албадад өгөөд байна.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар АТГ-т мэдүүлэг өгчээ
2022-03-15 07:57:12 Нийтлэгдсэн: Нийгэм Авлигатай тэмцэх газраас Монгол Үндэсний Олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг түр саатуулан, мэдүүлэг авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг иргэнээс ирсэн гомдлын дагуу авлига, албан тушаалтын асуудалд холбогдуулан шалгаж байгаа аж. А.Бүрэнбаатар нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлаар 2021 оны гуравдугаар сараас ажиллаж байгаа юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй