Удаашралтай байгаа автозамын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2020-09-02 10:19:53 Нийтлэгдсэн: Нийгэм![Удаашралтай байгаа автозамын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө](/uploads/d2fee27f5f0ce8e673f70c1044366280434c2961.png)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавигдаж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдож байна. Тус ажлыг энэ сарын 06-ны өдрийг бүрэн хийж дуусгах талаар Бумбод компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар мэдэгдлээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын түгжрэл ихтэй энэ үед шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг хийдгээ болих хэрэгтэй. Аль болох иргэдийн амарч зугаалж байгаа цаг хугацааг ашиглаж, засвар хийх хэрэгтэй. Ажлын уялдаа холбоогоо сайжруулж мэдээллээ нэгтгэж ажилла. Хэдийгээр цэвэр усны төвийн системд холбож байгаа нь сайшаалтай боловч, сургууль цэцэрлэг орсон үед зам хааж, шугам сүлжээ засварлах нь иргэдийг бухимдуулж байна. Хоёр ээлжээр ажиллаж, чанарын өндөр түвшинд ажлыг яаралтай гүйцэтгэ хэмээлээ. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа автозамын бүтээн байгуулалтад төлөвлөлт, хяналтын чиглэлээр хамтарч ажиллах саналыг бодлогын яамдуудад хүргэнэ. Ингэснээр автозамын чанар үзүүлэлт сайжирч, хяналт бий болно гэдгийг онцолж хэллээ. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Бумбод ХХК гүйцэтгэж байгаа юм. Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцтай болно Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Нарны зам, Дүнжингаравын автозамыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа. Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Хоёр талдаа явган зам, автозамын 4 нүхэн гарц, 14 метрийн өргөн 2,38 урттай автозам баригдаж эхэлсэн юм. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Нүхэн гарцыг дөрвөн эгнээтэйгээр хийж, том оврын автомашин зорчих боломжтой байхаар хийж байгаа хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ. Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй газраа сунгасан гэх шалтгаанаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдэв. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, автозамын ажлыг чанарын өндөр түвшинд, технологийн горим алдагдуулалгүйгээр хийж гүйцэтгэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус автозамыг Мотор Сервис ХХК, Алтай рөүд ХХК түншлэлээр хамтран гүйцэтгэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХЭҮК: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг шалгахаар тохиролцлоо
2020-09-02 10:15:49 Нийтлэгдсэн: Нийгэм![ХЭҮК: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг шалгахаар тохиролцлоо](/uploads/d42158b6e148b4444c8a83e5171db38f7010cb83.jpg)
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011-2013 онуудад иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад хяналт шалгалт хийж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан илтгэлээрээ дамжуулан санал хүргүүлж, тогтоол батлуулж байсан билээ. Санхүүгийн хэрэгцээнээс улбаалан үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө, эд зүйлсээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлэн, эзний зөвшөөрөлгүйгээр зарж, борлуулдаг, хууль эрх зүйн хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулдаг байдлыг дүрэм журмаар зохицуулах шаардлагатай байгааг тухайн үед ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл-дээ тусгаж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан олон талт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтуудыг хийж байв. Харин уг асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг дахин хянаж шалгах хамтарсан ажиллагааг хийх талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 09 дүгээр сарын 01-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, харилцан санал солилцлоо. Талууд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал худалдсан барааг буцаахгүй буюу иргэдийн сонголтыг тулгадаг явдлыг таслан зогсоох, хил гаалиар нэвтэрч, худалдаалагдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний заавар, шошго монгол хэлээр бичигдсэн, аюулгүй байдлын баталгаа хангагдсан эсэхэд хяналт тавихын зэрэгцээ Улаанбаатар хотын гудамж талбайд суурилуулахаар зэхэж буй нүүр таних программчлал бүхий камерууд нь хувь хүний халдашгүй дархан байдал, эрх, эрх чөлөөнд халдах эсэх асуудлыг нягтлахаар боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ
2020-09-01 16:42:09 Нийтлэгдсэн: Нийгэм![Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ](/uploads/2ec844bed0a4f14f97a0a527f3c434ff4c76ab86.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хичээлийн жилийн нээлтийн өдөр 147 дугаар сургууль, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллалаа. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад ороод байгаа. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байсан. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харьяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 89 багш, 22 ажилтан, 1135 сурагчтайгаар хичээлийн шинэ жилийн сургалтаа эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна. 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад оруулна гэдгийг онцолсон. Үүний дараагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллав. Тус цогцолбор нь 0-3 хүртэлх насны хүүхдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байсан. 2013 оноос хойш уг цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, барилгын асуудал хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан юм. Ийнхүү долоон жил гацсан цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг 2018 онд шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилгыг ашиглалтад орууллаа. Энэхүү цэцэрлэг, ясли ашиглалтад орсноор тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм. Энэ хичээлийн жилд 165 хүүхдийг хамруулж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Өнөөдрийн байдлаар 27 сургуулийг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулаад байна. Үүн дотор сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор бол тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сурч, хүмүүжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг нэг багш нэг хүүхэдтэй ажиллах байдлаар үзүүлдгээрээ онцлогтой. 2013 оноос хойш 10 дугаар яслийн асуудал хүндрэлтэй байсныг хөрөнгө санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулж байна. Цаашид тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөдөлгөөнт, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх цогцолбор сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүдийн оролцоо ч мөн чухал хэмээв. БСШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг Саажилттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад энэ төрлийн цэцэрлэг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн хүүхдүүдтэй хамт суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийт зургаан тусгай сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Яамны зүгээс тусгай сургууль, цэцэрлэгийг ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшид арга зүйн дэмжлэг үзүүлдэг төв болгон хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна гэлээ. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын Хөгжмийн багш У.Билэгжаргал Ийм сайхан сургуулийг ашиглалтад оруулахад анхаарч, тусалсанд баяртай байна. Хөгжмийн хичээл сайжруулсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа. Суралцагч хүүхдүүд маань их идэвх зүтгэлтэй хичээлдээ оролцдог гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Өнөөдөр 2, 7-гоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй
2020-09-01 10:51:35 Нийтлэгдсэн: Нийгэм![Өнөөдөр 2, 7-гоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй](/uploads/375b389676a960e14030d7eff5a6ec695d825cbb.jpg)
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Мягмар гаригт тохиож буйтай холбоотойгоор өнөөдөр 2, 7-гоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Улаанбаатарын замын түгжрэл жил бүр нэмэгдэж байна. Одоогоор Улаанбаатар хотод бүртгэлтэй 600 мянган тээврийн хэрэгсэл бий. Замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн оронгийн тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд замын хөдөлгөөн 50 хувь буурна гэж үзэж буй юм.
Хүний эрхийн Үндэсний Комисс олон талт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байна
2020-09-01 10:34:53 Нийтлэгдсэн: Нийгэм![Хүний эрхийн Үндэсний Комисс олон талт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байна](/uploads/5d280faae747e269c2430953a045716a13d5d558.jpg)
Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнээр элссэний 60, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсны 20 жилийн ойг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хамтын ажиллагааг идэвхжүүлж, кампанит ажлуудыг эхлүүлжээ. Манай улс өнөөдрийн байдлаар хүний эрхийн олон улсын 50 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан байдгаас НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдээд 20 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 08 дугаар сарын 27-нд дээрх конвенц, НҮБ-ын Хүний эрхийн хороодоос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжилтийг хангуулах зорилгоор ЦЕГ, УЕПГ-тай хамтран Хариуцлагатай алба хаагч аянг 2 сарын хугацаатай эхлүүлжээ. Аяны хүрээнд талууд хамтран Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжуудаар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цагдаагийн алба хаагчид, прокурорын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд хариуцлагатай, шуурхай, хүний эрхэд суурилсан хандлага, соёлыг төлөвшүүлэх цогц арга хэмжээг орон даяар зохион байгуулах юм байна. ХЭҮК ЦЕГ хамтран хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон, нөлөөнд автсан хүүхэд, залууст дээрх бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг 21 ажил үйлчилгээг төлөвлөж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан Ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд АТГ-тай хамтран ажиллахаар болжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулах юм байна. Байгууллагуудын хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн 21-д ...ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийн мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна, мөн 8-д Төрийн албан хаагч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг цаг алдалгүй, бүрэн гүйцэт шалгах нөхцөлийг хангах арга хэмжээг эрчимжүүлэх, 22-д Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгджээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн хяналт шалгалтуудыг тогтмол хийж ирсэн бөгөөд энэ удаа 20 жилийн ойгоо угтаж, ОБЕГ, МХЕГ-тай хамтран Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шалгах, МҮЭ-ийн Холбоотой хамтран иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцлийг тус тус шалгахаар төлөвлөжээ. Тухайлбал Монголын Сайтын холбоотой хамтран ажиллах Санамж бичгийг 2020 оны 08 дугаар сарын 26-нд байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран явуулахаар болжээ. Түүнчлэн 2020 оны 10 дугаар сараас буюу 2020-2021 оны хичээлийн жилээс Дотоод хэргийн их сургуульд шинээр байгуулж буй номын сангийн цогцолборт хүний эрхийн номын хэсэгтэй болох, ХЭҮК-ын цахим номын санг тус сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач, сонсогчдод хүртээмжтэй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус сургуульд өмнө нь байгуулж өгсөн Хүний эрхийн кабинет-ыг үр дүнтэй ажиллуулах, тус сургуулийн магистр, докторантурын сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тэргүүлэх чиглэл болгон тусгах, бакалаврын түвшний сургалтад Эрүү шүүлтээс ангид байх эрх, Халдашгүй дархан байдал ба хүний эрх сэдэвт хичээлүүдийг сонгон судлах, мэргэшүүлэх чиглэлээр оруулах талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тус сургуулийн удирдлагатай ярилцаж шийдвэрлэжээ. Уг хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжснээр хүний эрхийн хамгаалагчдын тоонд зүй ёсоор багтдаг хууль, эрх зүйн салбарын шинэ боловсон хүчин хүний эрхэд суурилсан хандлагаар төлөвшиж, бэлтгэгдэх, улмаар үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмуудыг баримтлан ажиллах, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэгдэхэд үр дүнтэй алхам болно хэмээн талууд үзэж байна. Түүнчлэн Европын холбооны дэмжлэгтэйгээр 2020-2021 онд туслах малчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт судалгааны ажлыг Хараат бус судалгааны хүрээлэн-гээр гүйцэтгүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй