“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН БАЙГАЛИЙН ХИЙ БОЛОН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ” ФОРУМЫН “ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ ХУРАЛ” БОЛЛОО

Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачлагаар Зүүн Хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум-ын гүйцэтгэх хорооны хурал-ыг 2019 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Гадаад харилцааны яамны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төвтэй хамтран зохион байгуулав. Форумд Япон Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын төлөөлөгчид болон Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 30 гаруй төлөөлөгчид оролцлоо. Форумын гүйцэтгэх хорооны хурлаар шинээр элсэх байгууллагыг батлах, форумын 2020 оны олон улсын хурлыг ОХУ-ын Сахалинд зохион байгуулах, форумын гишүүн орнуудын байгалийн хийн ашиглалт, ирээдүйн эрэлт хэрэгцээний талаар эрдэмтэн, судлаачид, форумын гишүүн байгууллагуудын хооронд илтгэл тавьж, яриа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монголын талаас Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн нар тэргүүтэй бусад албаныхан оролцов. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал Монгол улсын нутгаар 1000 гаруй км байгалийн хий хоолойг төмөр зам дагуу барих, байгалийн хийн ирээдүйн эрэлт хэрэгцээг 2.7 тэрбум шоо метр болохыг тооцоо, судалгаа бүхий илтгэл тавьсан. Форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай мэдээллүүдийг нэгтгэн авах, эдгээр улсад хэрэгжүүлэх байгалийн хийн хоолойн асуудлаар гаргах шийдвэрт судалгааны хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний судалгааны ажлууд чухал ач холбогдолтой юм. Форумын үйл ажиллагаанаас Монгол Улстай холбоотой дараах санал, зөвлөмжийг гаргав. Үүнд: Зүүнхойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форумын цаашдын үйл ажиллагаанд Монгол Улс /Эрчим хүчний яам, ЭХЭЗХ/ идэвхи санаачлагатай оролцох, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрчим хүчний системийн институт болон Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хоорондын олон жилийн найрсаг хамтын ажиллагааг дэмжиж, 1985-1987 онуудад боловсруулсан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол улсын нутгаар тавих судалгааны ажлыг хамтран шинэчлэх талаар идэвхитэй ажиллах, Зүүнхойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форумын 2020 оны олон улсын хурлыг ОХУ-ын Сахалин мужид зохион байгуулахад Монголын талын төлөөлөгчдийг тодорхой судалгаатай оролцуулах арга хэмжээ авах, Монголын тал байгалийн хийн хэрэглээг урьдчилан тооцох, холбогдох судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах зэрэг саналтай байна.

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл өгөөд иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм. Иргэдээс дүүргийн Соёлын төвийн барилгыг шинэчлэн засварлах, мах боловсруулах үйлдвэрийг ажилууллах, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай боловсон хүчний орон тоог батлуулах, Цагдаагийн хэлтсийг эргүүлийн автомашинтай болгох, гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авав. Иргэдийн асуулт, саналд Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа холбогдох албан тушаалтнуудад тухайн санал хүсэлтийг тэмдэглэн авч, анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгосон юм. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай бүтэц орон тоог батлах ажлыг судалж хуулийн дагуу хэрэгжүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо. Мөн гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг яаралтай судлаж шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгав. Хотын Захирагч уулзалтын үеэр ирэх 2020 онд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн автомашин хүлээлгэж өгнө гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. Багахангайн мах боловсруулах үйлдвэр-тэй нийслэлийн удирдлагууд танилцлаа. Тус үйлдвэр 2003 оноос хойш үйл ажиллагаа нь зогсож, Улаанбаатар хотын банкинд 430 сая төгрөгийн өртэй гэх шалтгаанаар үйлдвэрийн объектын хоёр га газрыг хамруулан шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн талаар дүүргийн албаныхан хэлж байлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг зээлийн өрөнд хураасан үйлдлийг хүчингүй болгосон гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Ингэснээр өрөнд хураагдсан үйлдвэрийн объект суларсан ч Улаанбаатар хотын банкинд өртэй хэвээр байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мах боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа асуудлыг судлаж, хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Хотын Захирагч тэргүүтэй нийслэлийн удирдлагууд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон гадна талбайн ногоон байгууламж, тохижилтын ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ байртай болжээ. Шинэ эмнэлгийн барилга нь нийт 2392.6 ам метр талбайтай бөгөөд дотрын тасаг, хүүхдийн тасаг, төрөх тасаг, уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ. Эрүүл мэндийн яамнаас рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдэж өгсөн гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат хэллээ. Мөн тэрбээр эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгасан гэв. Багахангай дүүргийн Соёлын төвд нийслэлийн удирдлагууд тус дүүргийн иргэдтэй уулзах уулзалт эхэлж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Сензо констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулах аж.Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, Мөнх тэнгэрийн хүчин дор баримал, Цагаан шонхор хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна. Хөшөөнүүдийг өчигдрөөс эхлэн цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж эхэлсэн. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна гэж Сензо констракшн ХХК-ийн талбайн инженер М.Дашням ярилаа. Хотын Захирагч С.Амарсайхан Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах шаардлагатай гэлээ. Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл 2009 онд батлагдан, нийт 14.470 ам метр талбайн 8000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсгийг Ван Трейд компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч наймдугаар сард шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийгдэх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.