Оёдлын үйлдвэрийн салбарын болон хувцас судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор хувцас судлалын төв нь одоогоос 19 жилийн өмнө анх байгуулагдаж байжээ. ШУТИС-ын ҮТС-ийн Хувцас судлалын төв өнөөдөр Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯамны дэмжлэг, АХБ-ны ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт төслийн санхүүжилтээр үйлдвэрлэл сургалтын загвар төв- Инновацийн лабораторийг 21 төрлийн 36 ширхэг тоног төхөөрөмжөөр тоноглон байгууллаа. Энэхүү лабораторид оёдлын үйлдвэрийн эсгүүрээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүрэн үйл ажиллагааг явуулах CAD программ, хагас автомат тоног төхөөрөмжүүдийг 4 сургалтын танхимд байршуулсан юм. Манай улсын оёдлын үйлдвэрүүд хэт жижгэрснээр үйлдвэрүүд шинэ техник технологи болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж өөрийн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд мэдлэг, мэргэжлийн ур чадвар дутагдах байдал байнга үүсч байдаг. Үйлдвэрлэгчдэд үүсдэг энэхүү асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг ШУТИС-ын Хувцас судлалын төвийн Инновацийн лаборатори улсын хэмжээнд явуулах юм. ШУТИС-ын ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн Хувцас судлалын салбарын эрдэмтэн багш нар олон жилийн судалгааны үр дүнд Монгол орны байгаль цаг уурын нөхцөл, монгол хүний бие бялдар, материалын онцлогт тохирсон хувцас үйлдвэрлэх үндэслэлийг боловсруулсан юм. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эх орны малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, нэхий болон ажлын дулаан хувцас үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлага болох хэрэглэгчийн хүсэлтэд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зохион бүтээлт технологи ажиллагааг автоматжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг удирдах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хувцас үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор ажиллаж байна гэлээ. ШУТИС-ийн захирал Б.Очирбат, 2014 онд ХХААХҮЯам, АХБ-ны Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжил төслийн дэмжлэгтэйгээр Хүний биеийн 3D хэмжилзүйн лаборатори байгуулсан бөгөөд энэ онд Монгрол хүүхдийн биеийн хэмжээний судалгааг гүйцэтгэн үр дүнгээр Монгол Улсын үндэсний 3 стандарт боловсруулан батлуулсан. Энэ нь хүүхдийн хувцаснаас гадна хүүхдийн эргономикийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй хүүхдийн хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулах нийгмийн чухал ач холбогдолтой судалгаа болсон гэв. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хувцас судлалын төвийн Инновацийн лабораторийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл хамт байж байж сая инноваци бодит ажил болно. ШУТИС-ын ҮТС-ийн Хувцас судлалын төв өнөөдөр Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯамны дэмжлэг, АХБ-ны ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт төслийн санхүүжилтээр үйлдвэрлэл сургалтын загвар төв- Инновацийн лабораторитой болж байгаад ихээхэн ач холбогдол өгч, талархаж байгаагаа илэрхийлье. Энэхүү лаборатори зөвхөн оюутнуудыг сургах бус ЖДҮ-лэл эрхлэгчдийг сургах, салбарын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг ахиулахад нь дэмжлэг болох байх гэж итгэж байна. . Салбараа ажлын байраар хангах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед энэхүү ажлыг цаашид салбар яам, сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна гээд сургуулийн хамт олон, АХБ-ны төлөөлөл, багш оюутнуудад амжилт хүслээ.
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SMARTCAR апплейкшнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Үндэсний дата төв, Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та SMARTCAR апплейкшныг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, төлбөрөө төлсөн эсэхээ шалгах, татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөхөө мэдэхээс гадна шууд онлайнаар төлбөр төлөх боломжтой. Үйлчилгээнүүд: Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах цэс Тээврийн хэрэгсэл болох машин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаарыг оруулан Хайх товчийг дарна. Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг хайлтын үр дүнгээр харуулна. Жолоочийн мэдээлэл харуулах цэс Жолоочийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулна Бүтгэлтэй тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй жолоочийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг харуулна. Зөрчлийн оноогоо хянах Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтын Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам-ын дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог харуулна. Албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрийн мэдээлэл шалгах, онлайнаар төлөх Тухайн оны татвар төлөгдөөгүй бол Татвар, хураамжийн хуудасны дээд талд харагдах ба Татвар төлөх товчийг даран төлбөр хийж болно. Татвар хураамжийн түүх хэсэгт өмнөх онуудын татварын мэдээлэл харагдах ба төлөгдөөгүй татварыг сонгон татвар төлөлтөө хийнэ. Торгуулийн мэдээлэл, түүхээ шалгах Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн татварын мэдээллийг нэг дор харуулах ба та хүссэн огноогоор хайлт хийх боломжтой. Оношилгооны мэдээлэл шалгах Тээврийн хэрэгслийн улсын оношилгооны мэдээллээ харна. Үзлэгт орсон огноо, үзлэгт дахин орох огноо гэх мэт. Даатгалын мэдээлэл шалгах Тээврийн хэрэгслийн даатгалын мэдээллээ харна. Даатгалын гэрээний дугаар, гэрээний эхлэх ба дуусах огноо гэх мэт. Давуу талууд Тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын зэрэг мэдээллийг нэг дороос шалгана. Татвар хураамжийг төлбөрийн картаа ашиглан онлайнаар төлнө. Цахим хуудас болон ухаалаг утасны iOS, Android аппликейшнтэй. Ашиглах заавар SmartCar мобайл аппликейшныг App Store, Play Store-с ухаалаг утас дээр татаж суулгах ба тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан хайлт хийснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авч болно. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км замын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар далангийн ажил 95 хувьтай байгаа бөгөөд 11 км замыг асфальтаар хучаад байна. Энэ жил бороо их орсноос 29 хоног алдсан тухай Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Гэхдээ ирэх сарын 10-нд цементэн хучилт, 20-нд асфальтан хучилтаа дуусгаж 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэв. Ашиглалтад орсноос нь хойш 60 жилийн дараа иж бүрэн шинэчилж байгаа энэ замын ажлыг хугацаанд нь, хамгийн гол нь чанартай хийж дуусгахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Бороо орж ажил удааширсан, тоос их босч хүндрэл учруулж байгаа ч иргэд үүнийг ойлгож хүлээцтэй хандана гэдэгт итгэж байгаагаа ч илэрхийлэв. Энэ зам 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм. Зам ашиглалтад орсноор өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо гарсан байна. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Синохайдро Корпорэйшн Лимитед, туслан гүйцэтгэгчээр Дардан говь, Тэгш плант, Гашууны гол зэрэг компани ажиллаж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
2019-09-19 10:39:07 Нийтлэгдсэн: ТехнологиУИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дамжуулах сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох, мөн айл өрх, албан байгууллагын түвшинд бага чадлын сэргээгдэх эрчим хүчийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан. Хуульд орсон гол нэмэлт, өөрчлөлт: 1. Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын дээд хязгаарыг тогтоож, төслийг үнэ хаялцуулах өрсөлдөөний (төсөл шалгаруулалт) зарчмаар сонгон шалгаруулдаг болно. 2. Нар, салхины эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг өөрчлөн, төсөл шалгаруулалтын журмаар нарны станцын үнэ тарифыг 0.12 ам.доллар хүртэл, салхин станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар хуульчилсан. 3. Айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан хэрэглээнд зориулж бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд худалдаалах боломжтой болж байна. Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө: Эрчим хүчний хэрэглэгчдэд:Цахилгаан эрчим хүч хэрэглэж буй бүхий л хэрэглэгчдийн (айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхай) сарын цахилгааны төлбөрийн 13 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр эзэлж байна. Цаашид өндөр тарифтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд, ялангуяа нарны станц нэмэгдэх тусам энэ хувь хэмжээ нэмэгдэж хэрэглэгчдэд үнийн дарамт бий болох эрсдэл байсан тул хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн үнийг өрсөлдөөний журмаар бууруулж, хэрэглэгчдэд бий болох байсан үнийн дарамтын эрсдэлийг бууруулсан. Эрчим хүчний системд:Өнгөрсөн хугацаанд нар, салхины эх үүсгүүрүүд олноор баригдсан хэдий ч техникийн нэгдсэн төлөвлөгөө муу байснаас болж эрчим хүчний системд техникийн хүндрэлүүдийг бий болгож эхэлсэн. Тиймээс цаашид ашиглалтанд оруулах эх үүсгүүрүүдийн байршил, хүчин чадал, төрлийг төрийн зүгээс нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөх боломжтой болсон. Хөрөнгө оруулагчдад:Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих төслийн хөрөнгө оруулагчдын хувьд энэ чиглэлийн бодлого, хууль, эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод, олон улсын жишгийн дагуу байхыг чухалчилдаг. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өндөр түвшинд байлгах боломжийг бий болгож өгсөн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, газрын зөвшөөрөл, эх үүсвэрийн нөөцийн судалгаа болон жилийн баталгаат худалдан авалтын хэмжээ зэрэг эрсдэлүүдийг төрийн зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд үүрч, бууруулах боломжтой болж байна. Ингэснээрээ хөрөнгө оруулагч зөвхөн төслийн санхүүжилт, станцын бүтээн байгуулалт, ашиглалт үйлчилгээнд илүү анхаарал хандуулах боломжтой болсон. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна
2019-09-06 09:48:43 Нийтлэгдсэн: ТехнологиБарилга, хот байгуулалтын сайд Х.БаделханБарилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох төрийн чиг үүргүүдийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Сайд Х.Баделхан хэлэхдээ Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээний байгууллагаас гаргасан дүнгээс харахад төрийн байгууллагын хүнд суртал арилж, шат дамжлага багасаж, иргэн, Аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх байдал сайжирч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж, хариу өгдөг болсон зэрэг таатай үр дүн харагдаж байна. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Цаашдаа Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл явцыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгох, шийдвэр гаргах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, түншлэлийг илүү үр дүнд хүргэж, хөгжүүлэх бодлого барьж ажиллана гэлээ. Эх сурвалж: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй