ЛУКАШЕНКОГИЙН БОХИР МӨНГӨНИЙ МОНГОЛ ДАХЬ ХЭЛХЭЭ

2020 оны 11-р сарын 6-ны өдөр ЕХ, Швейцарь, АНУ зэрэг улсууд Беларусийн дарангуйлагч ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг дэлхийн 59 хүний хөрөнгө, дансыг битүүмжилсэн. Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан Улс дахь оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь тогтоогджээ. Лукашенко бэлэн мөнгө босгох хэд хэдэн саалийн үнээтэй. Тэдний нэг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Белаз юм. Беларусийн төрийн өмчит Белаз компани нь Монгол дахь албан ёсны борлууулагч болох Юнайтед Белаз Машинери компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг. Юнайтед Белаз Машинери компанийн хувьцаа эзэмшигчид нь өмнө нь Монгол Улсын иргэн Моёл Отгонжаргал, Беларусийн иргэн Владимир Геннадиевич Япринцев нар байжээ. В.Г.Япринцев нь самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж явдагаа олон нийтэд зарлаж байсан нэгэн. Тэд 1980-аад оны дунд үеэс самбо бөхийн сонирхлоороо танилцаж, Монголд хамтарсан бизнес эхлүүлсэн аж. Моёл Отгонжаргал бол Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан. Тэрээр Х.Баттулгын эзэмшлийн Түмэн Хишигтэн, Баялгын Хувь гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газар буюу хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашдаг нэгэн. Юнайтед Белаз Машинери нь Юнайтед Белаз Машинери Инвестмент Компани хэмээх охин компанийг Монголд байгуулсан байдаг. Тус компани монголд уул уурхайн тоног төхөөрөмж борлуулах нэрийдлээр Беларусийн дарангуйлагч Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм. Моёл Отгонжаргал, Ц.Г.Япринцев нар Юнайтед Белаз Машинери компанийн хувьцааг Эстони Улсад бүртгэлтэй Мересс, Бүгд Найрамдах Доминикан Улсад бүртгэлтэй Блюстайт компаниудад шилжүүлсэн байна. Эдгээр оффшор компаниудын эцсийн өмчлөгч нарыг Лукашенкогийн ойрын хүмүүс байж болзошгүй. Юнайтед Белаз компанийн асуудлууд нууцлалын өндөр түвшинд байдаг. Энэ компанийн асар өндөр өгөөжтэй борлуулагчийн эрх зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний, ойрын хүмүүст олгогддог гэж үздэг. Харин эдгээрийн нэг нь Монгол Улс болж таарч байна. Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улсын компаниудын үүрэг, түүнд ямар хөрөнгө төвлөрч байгааг олж тогтооход зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагууд нэмэлт шалгалт хийх шаардлагатай. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сонин ProPublica нь МакКинсейг цөлсөн улс гэсэн дуулиуант тайланд Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ зохиосонтой холбоотой авлигын хэргийг нарийвчлан харуулсан. Тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон. Белаз борлуулагч компанийн анхны хувьцаа эзэмшигч Моёл Отгонжаргал мөн л Х.Баттулгын хамтрагчаар татагдан шалгагдаж байсан. Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр сонсогдсоны дараа тус хэргийг шалгаж байсан Монгол Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг огрцуулж түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагааг үндсэнд нь зогсоосон. Төмөр замын хэргийг шалгах үеэр Моёл Отгонжаргал нь Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан нь илэрсэн. Хачирхалтай нь энгийн амьдралтай, их хэмжээний хөрөнгө орлого мэдүүлээгүй хүн хэрхэн асар их хэмжээний бэлэн мөнгө гартаа оруулсан нь тухайн үед тодорхойгүй үлдсэн. Энэ нь Белазтай холбоотой юу? Үүнийг мөн л Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд нарийн шалгаж тогтоохоос нааш бид мэдэхгүй юм. Моёл Отгонжаргал бол Баттулгын хяналтад байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Бен Моёлийн эхнэр. С1 телевиз нь Баттулгын улс төрийн өрсөлдөгчд нар руу байнга халддаг хэрэгсэл болсон. Бен Моёл бол Их Британийн иргэн юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Моёл Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй байх гэж найдаж байна. Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь төрийн албаны тусгай чиг үүрэг бүхий байгууллага гэж тооцогддог өндөр шалгууртай алба бөгөөд түүнд гадаадын иргэн алба хашиж байвал маш хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Юнайтед Белаз Машинери компани нь Монголын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрс тээврийн дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, нэг бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг зээлсэн хэдий ч эргэн төлөлт хийгдээгүй байдаг. Мөн л төрийн өмчит уурхай болох Эрдэнэтэд 27 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Тус гүйлгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, Белаз компани Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай үгсэн хуйвалдсан гэж мөн л Монголын хуулийн байгууллагын хараанд өртсөн. Зах зээлийн үнээс хэт өндөр үнэлгээтэй хийгдсэн эдгээр наймааны ард Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол түүнд хариулахаас аргагүй эвгүй асуултууд тулгарах нь тодорхой. Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх үүрэгтэй. Лукашенкогийн эрх ашгийн төлөө түүний дэлхийн хэмжээний хөрөнгө, бизнесийн сүлжээг ашиглан Монголоор дамжуулж мөнгө угааж байгааг нотлох баримтууд тодорхой харуулж байна. ФАТФ буюу Засгийн газар хоорондын Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмхэх байгууллага өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт оролцож байна гэж үзэн тогтолцоондоо дутагдалтай, илүү нарийн хяналтад байх ёстой үндэстнүүдийн Саарал жагсаалт-д оруулж байсан. Одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаалтны мөнгө угааж байж болзошгүй хэргийг төдийгүй Европын дарангуйлагч удирдагчийн өмнөөс хийсэн үйлдлийг нь нарийвчлан шалгах явдал юм. Эх сурвалж: https://www.eureporter.co/world/mongolia/2021/04/13/the-mongolian-connection-to-lukashenkos-money/

 УОК Apple болон Google компанитай хамтран COVID-19 ERSDEL системийг нэвтрүүллээ

Ковид 19 цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй. Өдгөө тус системийг дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ. COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. COVID-19 ERSDEL систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй. Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Дата унахгүй Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү систем нь ирэх Даваа гарагт буюу 04 дүгээр сарын 19-өөс ашиглах боломжтой болох юм.

Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 20-ноос бүртгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Иймд Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрынelection.burtgel.gov.mnсайтаар орж шалгахыг зөвлөлөө. Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлэх юм. Эх сурвалж:Сонгуулийн ерөнхий хороо

Б.Энх-Амгалан: Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд нэгэн том хуудас нээгдсэн түүх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тохиолдсон гэж хэлж болно

Б.Энх-Амгалан:Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхийн нэгэн том хуудас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нээгдсэн Оросын төрийн өмчит Газпром компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн анализ (ТЭЗҮ)-ыг баталсан талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. 2019 онд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн Төрийн айлчлалын бэлтгэл ажлын хангасан Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа. -Газпром компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох Монголоор дайрах Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн анализ (ТЭЗҮ)-ыг баталлаа. Таны Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа хариуцсан том ажлын үр дүн ийн гарч байна? -Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд нэгэн том хуудас нээгдсэн түүх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тохиолдсон гэж хэлж болно. Дээд хэмжээний болоод Засгийн газар хоорондын комиссын хурал болгон дээр жижүүрийн үг шиг хэлэгдэж хэл ам таталдаг байсан хэд хэдэн асуудлыг манай Засаг зоригтойгоор шийдэж цэг тавьж чадсан юм. Тухайлбал, Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын акциз, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын МОНП-1, МОНП-2 зээл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын эзэмшлийн газрыг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, хөрөнгийг нэмэгдүүлэх шинэчлэл хийх хөтөлбөр. Мөн гадаад худалдаан дахь хориг саадыг арилгах, транзит тээврийн урсгалыг нэмэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих, агаарын тээврийг талууд харилцан дэмжих, бүс нутгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг ажлууд зөв шийдлээ олж айлчлалын бэлтгэл хангаж байсан сайд бид нарт харилцааг шинэ шатанд гаргах бодит боломж, сайн түлхэц болж өгсөн билээ. Айлчлалын өмнө миний бие Монгол Улсын Засгийн газрын томилолт өвөрлөн Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Засгийн газрын гишүүн ЗТХ-ийн сайдын хувиар ОХУ-д ажлын айлчлал хийж ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Евгений Иванович, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Мантуров Денис Валентинович, ОХУ-ын Оросын Төмөр Зам (РЖД) нийгэмлэгийн ерөнхий захирал Белозёров Олег Валентинович, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гадаад харилцааны Хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Левитин Игорь Евгеньевич, ОХУ-ын Роснефть компаний захирал Сечин Игорь Иванович нартай уулзаж олон чухал асуудлыг хэлэлцэн шийдэлд хүрсэн юм. -2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал найрсаг нөхөрсөг, харилцан ойлголцсон, ажил хэрэгч, халуун дотно үр дүнтэй болж өнгөрсний тод жишээ өнөөдөр бодитоор харагдаж байна? -Айлчлалын үеэр ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төслийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх талаар албан ёсоор манай талаас тавьж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газар ба ОХУ-ын Газпром -ын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, үүний дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 11-нд хамтарсан ажлын хэсгийн 20212022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн 2021 оны эхээр уг төслийн зураг төсөл, судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах Газопровод Союз Восток компанийг Монгол Улсад байгуулсан. ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Союз Восток байгалийн хийн хоолойн урьдчилсан Техник эдийн засгийн дүн шинжилгээг баталсан талаар мэдээллээ. Монгол Улсын эдийн засагт томоохон үр нөлөөтэй байгалийн хийн хоолой (газын хоолой) буюу шингэн тээвэрт ийнхүү ахиц гарсаар байна.

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД 4,292.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ 7300 ГАРУЙ ЗЭЭЛДЭГЧИД ОЛГООД БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна. Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1,557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2,982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ. Товчоор - Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав. - Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов. - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. - УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов. - Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийвгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.