Дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ салбарууд
2021-03-31 15:23:14 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо. 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм. Дээрх хугацаанд: Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/ Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/ Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Тодорхой зохицуулалт хийх зорилгоор: Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд: Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах 04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг. Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг. Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна. Товч мэдээ - 2021 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 290,108 хүнийг дархлаажуулаад байна. - Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл-д тусгасан таван бодлого, 20 зорилт, 127 арга хэмжээний биелэлт 2020 оны эцсийн байдлаар 75.9 хувьтай байна.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга та ямар арга хэмжээ авч, хэнд хариуцлага хүлээлгэх вэ?
2021-03-31 12:27:53 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага тэр тусмаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээх вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ЗХЖШ-ыг удирддаг. Харамсалтай нь түүний шууд командлалд байдаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт зодуурын улмаас амиа алдсан цэргийн үхэлд хэн нэг оффицер биш Ерөнхий командлагч хариуцлага хүлээх ёстой болоод байна. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой дэглэмийн үед дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус хандсаны төлөө бүх салбараа төлөөлөн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан. Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр Зэвсэгт хүчний ангид гарсан цэргийн үхэлд бас л Засгийн газрыг буруутган, Засгийн газрыг огцрохыг турхиран, өөрөө сугарч үлдэхээр улстөржүүлж эхэлжээ. Энэ нь Х.Баттулга гэдэг эрх мэдэлтэйгээ зууралдаж, дахин нэр дэвшихийн тулд бурууг бусдад тохон нэр цэвэр үлдэх ёсгүй хэмээн цэргийн алба хаагчид түүнийг буруутгаж байна.
Засгийн газар хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна
2021-03-31 11:22:28 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна. Хоногт илрэх коронавируст халдвартай хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас дээрх хугацаанд хөл хорио тогтоох саналыг УОК-т даваа гарагт хүргүүлсэн юм. УОК-ын хуралдаанаар тус саналыг дэмжиж,Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Улаан түвшинд шилжих саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон юм. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хурлын дараа эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.
Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй
2021-03-31 11:00:11 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тус дугаарт иргэдээс нийт 354 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 12 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 28 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 154 буюу 43.5 хувийг машин ачилтын талаар, 67 буюу 18.9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 52 буюу 14.7 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авахаар залгасан байна. Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 26-ны 10 дугаар хурлын тэмдэглэлээр Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/ тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, халдвар бүртгэгдсэн газраас PCR шинжилгээний хариуг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг хориглоно гэж заасан. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хот хооронд зорчихтой холбоотой түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье. -Буяны ажил гарсан тул яаж орон нутаг руу явах вэ? -Буяны ажлаар орон нутаг руу явах тохиолдолд тухайн Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймаг руу буяны ажлаар 5-аас доош хүнтэй явах тохиолдолд[email protected]хаягаар хүсэлтэй илгээж, НОК-оос зөвшөөрөл олгоно. Хүсэлтэд талийгаачийн овог, нэр, регистрийн дугаар, ажил явдалд оролцох гэж байгаа хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, аль аймгийн аль сум руу явах хүсэлтэй байгаа талаарх мэдээллийг тодорхой тусгаж, нас барсны гэрчилгээ, эсвэл эмнэлгийн хуудсыг хавсаргана. Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоох /буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас зөвшөөрөл авна. -Улаанбаатар хот руу ямар тохиолдолд орох вэ? -Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй. Халдвар бүртгэгдээгүй бүс нутгаас ирэх тохиолдолд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор асуумж бөглөөд орно. Харин халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирэх тохиолдолд 72 цагийн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ. -Уул уурхайн ажилчид ээлжээ яаж солих вэ? -Уул уурхайн ажилчдын ээлж солилцох тохиолдолд тухайн байгууллага нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэгдсэн байдлаар хүсэлтээ гаргана. Тус яамнаас ээлж солилцох ажилчдын мэдээллийг нэгтгэн НОК-д ирүүлнэ. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Нэг сая төгрөг өрх бүрд өгөхгүй тохиолдолд хатуу хөл хорио тогтоохгүй байх саналыг Ерөнхийлөгч Засгийн газарт хүргүүлэв
2021-03-31 10:54:15 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна. Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдад санал болголоо. Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо. Монгол Улс анх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн боомтууд болон зарим байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус /КОВИД-19/-ний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 50 хоног хатуу хөл хорио тогтоосон. Одоо хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа 16 хоногийн хугацааг нэмж тооцвол, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойших 5 сар буюу 150 гаруй хоногийн 66 хоногт нь хатуу хөл хорио тогтоож, эл хугацааны 44 хувьд нь бүрэн зогсоосон байх тооцоо гарч байна. Гэвч удаан хугацааны хязгаарлалт, олон удаагийн хөл хорио нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих гэхээсээ илүүтэй ард иргэдийн орлого багасаж, хэвийн амьжиргаа доройтох, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшил, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэргүүтэй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улс орны эдийн засгийн эргэлт саармагжих, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсэхэд ноцтой үр нөлөө үзүүллээ. Өнгөрсөн жилийн эхнээс төгсгөл хүртэл дотооддоо халдвар алдаагүй байх тааламжтай хугацаанд гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ бодитойгоор дэмжих, цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, иргэдээ бүрэн дархлаажуулах вакциныг цогцоор нь шийдвэрлэх, дотооддоо оношлуур, вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх ч бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй. Харамсалтай нь Засгийн газар эдгээр ажилд туйлын учир дутагдалтай хандсан төдийгүй вакцин худалдан авах төсвийг дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээс шийдээгүйгээр үл барам улсын төсөвт ч суулгалгүй орхигдуулж, ахин гадны хандив тусламжаар шийдвэрлэх талаар хүртэл ярилцаж, зөвхөн хорио цээр, хязгаарлалтад найдан, дорвитой ямар ч бэлтгэл хангалгүйгээр цар тахалтай нүүр тулсан нь дотоодод халдвар тархсан, цар тахал улс орон даяар нүүрлэсэн эдгээр өдрүүдэд олон нийтэд улам ил тод болсоор байна. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хүлээцтэй даган биелүүлж, урт хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хориог тэвчээртэйгээр даван туулсаар ирсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр Засгийн газар цаашид өөрсдийн бодлого төлөвлөлт муутай, хариуцлага, хяналт, зохион байгуулалтгүй үйл ажиллагааныхаа бурууг үүрүүлэх нь туйлын зохисгүй бөгөөд эдийн засгаа эргэн сэргэхгүйгээр уруудуулан доройтуулах явцыг дэмжиж байна гэж ойлговол зохилтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ миний бие өмнө нь Улсын Их Хурал, Засгийн газарт тавьсан санал ёсоор 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ үү хэмээн дахин санал болгож байна. Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ үү гэжээ. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй