Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого Монголд хэрэгжээд чамгүй олон жил боллоо. Энэ үйл явц зах зээлийн жам ёс, ном журмаар явсан бол улс орны эдийн засагт томоохон нэмэр болох байв. Харамсалтай нь даанч тэгж чадсангүй. Төрийн нэр барьсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд тэдний гар хөл бологсод нийлж хавсарч хавсайдаад Газрын луйвар хэмээх сүлжээг бий болгож, хуулийг гууль болгох их аян олон жил өрнөж байна. Өнгөн дээрээ хууль ёсны мэт харагдах боловч ачиртаа хүрэхээр булхай луйвар, төрийн нэрээр хийж болох аль муу муухай бүхний цуглуулга болсон хөлгүй намаг тэнд үүсээд удлаа. Үүнээс болж санхүүгийн боломжтой болчихсон, томоохон бүтээн байгуулалт хийх чин хүсэлтэй шударга хүмүүс түүнийг нь мэдэлгүй гэгээн сайхан зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөө дэнгийн гэрэлд өртсөн эрвээхэй мэт шатаалгаж, үгүйдээ л хуйхлуулж хохирсон нь дэндүү олон. Үнэхээр эмгэнэлтэй. Хуулийн дагуу олгогдсон газар эзэмшлийн эрх Түүний нэг бодит жишээ нь орон сууц, үйлчилгээний цогцолбор барих 25.0 га газрыг 3,3 тэрбум төгрөгөөр худалдаж аваад өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирч яваа Богд-Асар ХХК юм. Газрын маргаан луйвар хэрхэн өрнөдгийн тод жишээ болгож энэ түүхийг товч тоймлоё. Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар Богд-Асар ХХК-д орон сууц, үйлчилгээний цогцолборын барилга байгууламж барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын замын уулзварын зүүн урд талд 25.0 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0141783 тоот гэрчилгээг 2007 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 10 жилийн хугацаатайгаар олгожээ. Энэ бол 2006 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 267 тоот тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын нэгээхэн хэсэг байв. Нийслэлийн ЗДТГ, компани хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулж, олгосон газар дээрх бүтээн байгуулалтыг Богд-Асар ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр 10 жилийн хугацаанд хийж дуусгах, тэнд баригдсан орон сууцны нийт ашигтай талбайн 2 хувийг нийслэлд үнэгүй, 10 хувийг барьсан үнээрээ шилжүүлэн өгөх үүрэг хүлээжээ. Газрын төлбөрийн нэгжийн үнийг 132 төгрөгөөр тогтоов. 2012 он боллоо. Орон нутгийн сонгуулийн дараа Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах, тэгэхдээ дуудлага худалдааны анхны нэгж үнэ төлсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаадахав. Богд-Асар ХХК Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгийг Захирамжид заасны дагуу 2013 онд бүрэн төлжээ. Мөн газрын төлбөр 66 сая төгрөгийг тогтмол төлж байв. Нийслэлийн Өмчийн харилцааны газар Иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээ-г 2013 оны 11 дүгээр сарын 8-нд Богд-Асар ХХК-тай байгуулж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгов. Ийнхүү бүх зүйл ном журмын дагуу явж байтал гэнэт асуудал гарлаа. Худал үнэн холилдсон хэрүүл маргаан Богд-Асар ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг хуулийн дагуу олгосноо Нийслэлийн ЗДТГ хоёронтаа баталгаажуулж, компани зохих төлбөрөө 100 хувь хийсний дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар хандав. Богд-Асар ХХК-ийн барилгажилтын төслийг 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжин Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа автал Богд-Асар ХХК-ийн эзэмшлийн газар бүртгэлгүй байна, тэдний эзэмшлийн газар Туурайн төвөргөөн ХХК-ийн нэр дээр байна гэх асуудал гарч ирлээ. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газрын кадастрын мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг 2014 оны зургадугаар сарын 4-ний өдөр хуралдаж, Богд-Асар ХХК-ийн нэгж талбарыг Кадастрын мэдээллийн сангаас устгачихсан байжээ. Газрын маргаан луйвар ингэж эхлэв. Хэргийн учир нь, Туурайн төвөргөөн ХХК нь Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140.0 га газар эзэмшиж байсныг 10 дугаар хороо болгож, Кадасртын мэдээллийн санд буруу бүртгэснээр давхцал үүсгэн Богд-Асар ХХК-ийг газаргүйдүүлэх операци төлөвлөгөө ийнхүү хийгджээ. Мөн Богд-Асар ХХК газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэдгээр тэд өөрсдийгөө зөвтгөв. Хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаснаа Богд-Асар ХХК шүүхээр нотолчихлоо. Гэтэл Богд Асар ХХК-ийн Орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттай 25.0 га газрыг луйвардах замаар эхлүүлсэн газрын маргаан шүүхийн гурван шат дамжиж, дээш доош шидэгдсээр нэлээдгүй хэдэн жил болж байна. Туурайн төвөргөөн ХХК 10 дугаар хороонд газар эзэмшиж байгаагүй, тэдэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаагүй гэдгээ Анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Нийслэлийн газрын албаны ажилтан нотлов. Газрын албаны тухайн асуудлыг хариуцсан хүний нэрийг бичиж, өөр хүнээр гарын үсэг зуруулсан гэдгээ Туурайн төвөргөөн ХХК ч хүлээн зөвшөөрчээ. Мөн хоёр компанийн газар анхнаасаа давхцаагүйн нотолгоо нь хороо байршил өөр, газрын төлбөрийн хэмжээ ондоо байгаагаас тодорхой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл шүүхэд мэдүүлсэн байдаг. Богд-Асар ХХК Хан-Уул дүүргийн тухайн үеийн 10 (одоогийн 8 дугаар хороо) дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 ам метр газрыг 132 төгрөгөөр тооцон газрын төлбөр төлдөг бол Туурайн төвөргөөн ХХК 80 төгрөгөөр тооцсон газрын төлбөртэй байдаг нь анхаарал татаж байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 тоот тогтоолыг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр гарч, Богд-Асар ХХК-ийн газрын эрхийн хугацааг сунгаж, шинээр ААН, байгууллагын газар эзэмших Эрхийн гэрчилгээг олгов. Энэ зуур талуудын маргаан үргэлжилж, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гол хариуцагчийн хувьд асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн ч Богд-Асар ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрт авагдсан байрлалыг үл хэрэгсэх хандлага удаа дараа гаргаж байгаа нь үүний цаана тодорхой ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг байгаа гэх хардлага төрүүлж байна. Сүүлдээ улаан цагаандаа гарч, Морин даваан дахь таван иргэний эзэмшил газрыг оронд нь өгье, Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгоё, 21-р хороонд газар ав гэсэн саналыг Богд-Асар ХХК-д тавьж байгаа нь дуудлага худалдааны мөнгөө хуулийн хугацаанд нь төлчихөөд ажлаа эхэлж чадахгүй олон жил хохирч байгаа Богд-Асар ХХК-ийн хувьд хүлээж авах боломжгүй тохуутай санал юм. Ийнхүү хуулийг уландаа гишгэж, луйврыг амьдралдаа хэрэгжүүлж буй нэг хэсэг нөхөд-ийн хууль бус үйл ажиллагааны золиос болчихсон яваа Богд Асар ХХК-ийн газрын маргаантай асуудал өнөөгийн нийгэмд өрнөөд буй авилга, хээл хахууль, шударга бусын хонгил гээчийн сүүдэр ташиж байгаагийн нэг илрэл гэхэд хилсдэхгүй. Худлыг үнэн ялах цаг ирсэн хэмээх итгэл Нийслэл дэх газар олголтод хуудуу их байдаг нь бүхний мэдэх асуудал. Энд далд эдийн засаг, хууль бус ашиг орлого, албан тушаалын бизнесийн асар том үүр уурхай бий. Чин шударгаар бүтээн байгуулалт хийх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд тэрхүү будлианы золиос болж хохирсон нь дэндүү олон. Гэвч аливаа асуудал чинээндээ тулахын цагт даравч дардайж, булавч бултайдаг нь жам. Дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгөө тушааж, хуулийн дагуу газар эзэмшлийн эрхийн гэрчилгээгээ авсан ч энэ олон жил ажлаа хэвийн явуулж чадахгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар маш ихээр хохирч, эдгээр луйврын арга хэрэглэгдэж буй хэсэг бүлэг нөхдийн хөлд чирэгдэж байгаа Богд-Асар ХХК-ийн хувьд гомдолтой байх нь аргагүй. Яг ийм асуудалтай тулгараад яахаа мэдэхгүй байгаа, их бага хэмжээгээр хохироод үлдсэн, амьдрал ахуй, ажил бизнес нь доголдсон олон хүн байгаа нь мэдээж. Үнэн хэрэгтээ Богд-Асар ХХК газар зарж ашиг олох гээгүй, хууль ёсоо чанд мөрдөн ягштал баримталж, төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт хийе гэсэн чин зорилго тэмүүлэлтэй явж ирснийг энэ өнгөрсөн 10 гаруй жил бэлээхэн нотолно. Гэтэл маргалдагч тал тухайн газрыг Сонгуулийн үеэр зарах оролдлого хийж, 1 га газрыг нь 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэн бусдад санал өгч, 2 га газрыг бусдад зарсан нь нэгэнт тодорхой болов. Газар эзэмшлийн маргаан, луйврын цаад талд хандлагын ийм том зөрүү гараад байгааг төр засаг ер нь анзаарч анхаарч байна уу? гэдэг асуултыг албан ёсоор тавимаар байна. Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг, хууль ёсыг чанд сахидаг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг чин зүтгэлтэй иргэн болон ААН, байгууллагын эрх ашгийг хэзээ зөрчихөө болих вэ? Хууль бус гүжирдлэг байдлыг таслан зогсоож, шударга ёсыг нийгэмд тогтоох сайн цаг ирэх нь дамжиггүй. Газрыг төсөл сонгон шалгаруулалт эсвэл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хуулийн заалттай байдаг. Гэтэл дуудлага худалдааны төлбөрөө бүрэн төлсөн компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар биш, дээр нь дуудлага худалдааны төлбөрөө барагдуулаагүй Туурайн төвөргөөн ХХК-д дээрэмдэн өгч байгаагийн цаана маш том ашиг сонирхол, луйвар булхай байгаа нь илт мэдрэгдэж байна. Кадастрын мэдээллийн санд бүртгэл давхцуулан будлиан хутгах нь жирийн нэг ажилтан зориглоод хийчих ажил биш. Төрийн байгууллагууд, нийслэлийн цогц бодлого шийдвэрийг үл тоомсорлож, ийм том хэмжээний газрын дээрэм хийх зүрх зориг эгэл жирийн ажилтанд байхгүй. Газрын алба, төрийн байгууллагууд, шүүх, прокурор хүртэл оролцсон ээдрээ маргааны цаад үзүүрт хуулиас давсан эрх мэдэлтэй хэн нэгэн албан тушаалтан, эсвэл хэсэг бүлэг этгээд сууж л байгаа. Юу үнэн энэ үнэн болчихоод байгаа нь нууц биш. Чийгтэй хөрсийг лавхан ухвал ус гардаг-ийн адилаар олон жилээр хуримтлагдаж, чинээндээ тулчихаад байгаа газрын асуудлыг түүн лүгээ адилаар лавхан хатгавал хэргийн жинхэнэ эзэн идээ бээртэйгээ цуг бүлт үсрээд гараад л ирнэ. Үүний төлөө л нийгэмд шударга ёсыг тогтоож, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах гэж хууль хяналтын байгууллага ажиллаж, ард иргэддээ үйлчилдэг нь үнэн билээ. Улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол гаарч, галзуурч байсан зурвас үе-ийг цэглэж, иргэддээ үйлчилдэг нээлттэй шударга төртэй болох цаг айсуй. 1990-ээд оноос хойш төрийн албан тушаал ашиглан бүх салбарт, хаа сайгүй дээрэм хийсээр ирсэн тогтолцоог илчлэх, идээ бээрийг нь шахах, шударга үнэнийг худал хуурмагийн дээр тавих цаг үе, НИЙГМИЙН ЗАХИАЛГА яалтгүй байна. Үүний нэг болох газрын хууль бус наймаа-луйвар түүнийг хамгаалдаг гаж буруу тогтолцоог илчлэх ҮНЭНИЙ ЭРЭЛД бүгдээрээ гарцгаая! Урианхан Б.Галаарид
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ХАМЖИГЧ, ХАМТРАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРЫГ ХЭРГИЙГ НОТОЛЖ ЧАДАЛГҮЙ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ НУУЦ БАЙСАН УУ
2021-03-30 18:03:57 Нийтлэгдсэн: Улс төр
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа дүүдээ хилс хэрэг үүрүүлэн эрүүдэн шүүж ялласныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болголоо. Т.Чимгээгийн ярьж байснаар, Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуудын Ерөнхий газрынхан хамжигчаар шалгаж байжээ. Харин гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулсан гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шалгаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн хавтаст хэрэгт нь бичсэн байдаг аж. Гэвч энэхүү хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг 20 жилээр яллан бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь С.Зоригийн гэх энэ хэргийг нууцлалаас гаргахгүй байх шалтгаан байсан байх хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тухайн үед Э.Бат-үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн үзэж 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу улс төрийн зорилгоор аллага хийх гэсэн гэмт хэрэгт 2016 оны есдүгээр сард яллагдагчаар татсан байдаг аж. Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ПРОКУРОР БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ? Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Батжаргал хэдхэн хоногийн дараа Э.Бат-Үүлийг .... гэмт хэрэг үйлдсэн болох нь ХАНГАЛТТАЙ нотлогдохгүй байна гэсэн тэмдэглэгээтэйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгожээ. Ийнхүү С.Зоригийн гэх хэргийн хамтрагч, хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй хэрэгсэхгүй болгосон атлаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ялласан нь хилс хэрэг хэмээн үзэж буйгаа хэллээ. Хамтрагч, хамжигч, зохион байгуулагч нарынх нь хэргийг нотолж чадаагүй. Тэгсэн атлаа сэжигтэн Т.Чимгээ Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж ялласан нь шударга уу хэмээн Т.Чимгээгийн ах Хүрэлбат хариулт нэхлээ.
Д.Эрдэнэбаатар: Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх үндсэн хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэлт авахгүй
2021-03-30 16:57:39 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны элсэлтийн журмын талаар Сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе.Их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдын хувьд хамгийн эрэлттэй байдаг.Дотоод хэргийн их сургууль энэхичээлийн жилдхэдэн хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авахвэ? -ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ШШҮХ, ТТХГ-аас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээ, эрх зүйн чиглэлийн нийт 14 хөтөлбөрт элсэлт авахаар болоод байна. Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын гол онцлогуудын талаар элсэн суралцагчдадмэдээлэлөгөхгүй юу? -Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэлтийн журмаа жил бүр шинэчлэн баталж мөрддөг. Манай сургуулийн хувьд бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар сарын 16-наас олон нийтэд хүргэсэн. Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрт элсүүлэх суурь шалгалтын босго оноог жил бүр шинэчлэн тогтоодог. Тухайлбал, энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо 500-560, хавсарга шалгалтын босго оноог 480 байхаар ялгамжтай тогтоож, хавсарга шалгалтыг 1 хичээл байхаар заасан. Ингэснээр тухайн элсэгчийн оноог суурь 1, хавсарга 1, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно. Мөн элсэгч нь элсэлтийн цахим бүртгэлд зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай. Манай Их сургуульд элсэгч нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байхаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан танхайрсан, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан ноцтой зөрчил үйлдсэн болон захиргааны зөрчлийг удаа дараа давтан үйлдээгүй байх зэрэг шалгууруудыг хангасан байх нь чухал. Танайих сургуульд элсэх сонирхолтой эмэгтэй элсэгчид их байдаг. Хичээлийн шинэ жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү? -Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн дагуу элсэлт авдаг. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх үндсэн хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэлт авахгүй. Учир нь захиалагч байгууллагаас эмэгтэй элсэгч элсүүлэх захиалга ирээгүй. Харин ШШГЕГ-аас Нийгмийн ажил хөтөлбөрт 13 эмэгтэй элсэгч авахаар захиалга ирүүлсэн байгаа. Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог учраас хүйс заагаагүй. Энэ хичээлийн жилд эрх зүйн хөтөлбөрт 120-иос илүүгүй иргэн элсүүлэхээр төлөвлөсөн байгаа. Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар тодруулна уу? -Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэхийг хүссэн шалгуулагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтын суурь ба хавсарга шалгалтын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсаана. Мөн тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм. Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Шалгуулагчидэлсэлтийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах боломтой вэ? -Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны Элсэлтийн цахим бүртгэл хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой. Дэлхий нийтээр цар тахлын улмаас цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Танай сургуулийн хувьд цахим сургалтыг хэрхэн зохион байгуулсан бэ? -Дэлхий нийтээр цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг цахим сургалт руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль цахим сургалтын E-mind програмаар хичээл сургалтыг цахимаар тасралтгүй явуулж байгаа. Сургалтыг цахимд байршуулан, цахим хурал, webinar хэлбэрээр явуулж байна. Сонсогч, суралцагчид дор бүрнээ гар утас, зөөврийн болон суурин компьютер ашиглан програмд хандан багшийн байршуулсан хичээлийн нэмэлт материал, видео, аудио лекц, дасгал, даалгаврыг судлах боломжтойгоос гадна багш, сонсогчтой шууд холбогдон хичээл, сургалтаа явуулж байгаа нь давуу тал юм. Явцын болон улирлын, төгсөлтийн шалгалтуудыг тестээр болон бичгээр, webinar хэлбэрээр амжилттай зохион байгуулж байна. Төрөлжсөн уншлагын танхимууд, конференц заал, цахим лабораториуд, усан бассейн гээд сургалтын таатай орчныг хэдийнэ бүрдүүлсэн тус Их сургуулийн оюутны хотхон бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн.Цаашид хэрхэн өргөжихталаар дурдахгүй юу? -Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлнэ гэж заасан байгаа. Энэ дагуу Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлэн, Шинжлэх ухаан, инновацийн кластер, Спорт-албаны сургалтын байгууламж, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, Лицей сургууль, Оюутны дотуур байр зэргийг шинээр байгуулж бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохоор төлөвлөн ажиллаж байна.
БСШУСБХ: Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив
2021-03-30 12:03:36 Нийтлэгдсэн: Улс төр
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд Прокон Майнинг Монголия ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1, 27.2-д заасны дагуу Байнгын хорооны даргыг Байнгын хорооны гишүүдээс сонгох, Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 15 нь Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтовгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг шинээр сонгоно
2021-03-30 12:00:29 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу. 1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай; Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай; Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; Бусад. 2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Байнгын хорооны даргыг сонгох тухай. 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай. 4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Ажлын хэсэг байгуулах тухай /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/; Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-нд өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Бусад.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй