МАН:Шударга өрсөлдөхийг АН-д удаа дараа уриалсан, одоо шаардаж байна
2020-06-22 16:24:36 Нийтлэгдсэн: Улс төр
ж МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хий, шударга өрсөлдөхийг АН-д өмнө нь удаа дараа уриалсан боловч өнөөг хүртэл авч хэлэлцээгүй тул энэ удаад шаардаж байгаагаа мэдэгдлээ. МАН сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шударгаар өрсөлдөх хатуу зарчим баримталж байгаа ч өрсөлдөгч намууд ялангуяа АН харлуулах, гүтгэх ажиллагааг удаа дараа явуулж байгаа талаарх мэдээллийг баримт нотолгоотой нь өглөө. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар: АН-ын зүгээс МАН-ын нэрийг барьж, хууль бус ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа мэдээлэл ирсэн -АН сурталчилгааны хугацаанд өөрт ногдсон хэвлэл мэдээллийн цаг дээрээ МАН руу дайрсан, гүтгэсэн, нэр дэвшигчдийг харлуулсан худал мэдээ, нэвтрүүлгийг түгээлээ. Хууль хяналтын байгууллага шалгаад хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг нь тогтоочихоод байхад хууль зөрчсөн мэт ойлголт төрүүлж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг зорьж, олон нийтэд удаа дараа мэдээлж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт гарсан асуудлыг шалгаж үзээд гэмт хэргийн зөрчилгүй гэдгийг нь прокурор тогтоочихоод байхад нэр дэвшигчийн нэрийг татах үндэслэл болсон, нэрийг нь татчихсан мэт худал мэдээллийг түгээж байна. Гэтэл АН-ынхан өөрсдөө бэлэн мөнгө, бензин шатахуун тараах зэрэг хууль бус үйлдлийг улс орон даяар хийж байна. АН-аас нэр дэвшигч З.Энхболд, О.Амгаланбаатар, Д.Батбаяр зэрэг хүмүүсийг бэлэн мөнгө тарааж, шатахуун үнэгүй түгээснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоочихсон байна. АН-ын сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нийгмийн эмх замбараагүй байдалд уриалсан илт худал мэдээлэл хийсэнд харамсч байна. АН нэгэн цаг үед төрийн жолоог атгаж, засаглаж байсан нам өнөөдөр ийм зүй бус зүйл ярьж байгаад өмнөөс нь ичиж байна. Эрх баригч нам гэхээр л хууль хяналтын байгууллагад нөлөөлж, үүрэг даалгавар өгдөг мэт буруу ташаа ойлголтыг ард иргэдэд өгч байна. Аль эсвэл АН өөрсдөө эрх барьж байхдаа ийм нөлөөлөл үүсгэдэг байсныг үгүйсгэхгүй. МАН хууль хяналтын байгууллагад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй, цаашид ч нөлөөлөхгүй гэсэн хатуу зарчимтай. Үлдсэн хоёр өдөрт АН-аас МАН-ыг харлуулж, гүтгэсэн худал мэдээллийг түгээхээр бэлтгэж байгаа талаар багт нь ажиллаж байгаа шударга иргэд бидэнд мэдээлэл ирүүлж байна. Тэдний өгсөн мэдээллээр нэг эмэгтэй МАН-ын нэрийг барьж, будаа, элсэн чихэр айлуудад тарааж байгаа бичлэг удахгүй цацагдах нь байна. Мөн АН манай намын нэр дэвшигчдийн самбарыг хулгайлж, сонгуулийн хугацаа дууссаны дараа эргүүлэн тавих, сонин, сэтгүүлийг айлуудаар тараах ажиллагааг явуулахаар бэлтгэж байгаа юм билээ. Техник технологийн дэвшлийг ашиглан янз бүрийн эвлүүлэг хийж байсан хэсэг бүлэг нөхдийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд АН-д шударга өрсөлдөхийг уриалж байсан бол одоо бид шударга өрсөлдөхийг шаардаж байна. МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул: АН-аас нэр дэвшигч О.Магнай, Б.Пунсалмаа нар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдах үйлдэл гаргасан -АН-ын бодлого, үйл ажиллагаа нь хумигдан шавхагдсан байна. АН улс орны хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх биш иргэдийн талархал хүндэтгэлийг хүлээсэн ажлыг гутаан харлуулах ажлыг сонгуулийнхаа зорилго болгосонд үнэхээр харамсч байна. Тухайлбал, АН-аас мэдээлэл хийж, МАН-ын дарга У.Хүрэлсүх 1.8 тэрбум төгрөгөөр Монгол орныг тойрсон, төрийн худалдан авах ажиллагаанд МАН-ын нэр дэвшигчид, гишүүд оролцож, мөнгө төгрөг авсан, МАН өнгөрсөн хугацаанд нэг ч км автозам тавиагүй гэх мэт хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдоогүй, эх сурвалж нь тодорхойгүй худлаа мэдээллийг цацсан. Он гарснаас хойш Мансуурсан 1080 хоног гэх мэт гурван багц номыг зохион байгуулалттайгаар тарааж, МАН-ын нэр хүндэд халдаж байна. Эдгээр үйлдлүүд нь эхнээсээ баригдсан. Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд тараасан үйлдлийг нь хууль хяналтын байгууллага шалгаж байна. АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч О.Магнай, Б.Пунсалмаа нар мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, амласан үйлдэлд хууль хяналтын байгууллага шийдвэр, дүгнэлтээ гаргасан. Тухайн хоёр нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчээс хасагдах учиртай. МАН-ын Хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат: Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл Сонгуулийн сурталчилгаатай холбоотой тодорхой хэдэн хуулийн асуудал дээр тайлбар хэлье. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоход хоёр хоног үлдсэн байна. АН-ын албан тушаалтнууд, нэр бүхий нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Сонгуулийн дүн гараагүй байхад хүлээн зөвшөөрөхгүй, жагсаал цуглаан хийнэ гэсэн хариуцлагагүй мэдээлэл хийсэнд харамсаж байна. Сонгуулийн дараа олон нийтийг хамарсан үймээн самууны үр дүнд иргэд, аж ахуйн нэгж,төрийн алба хаагчид хохирч үлддэг гашуун түүхийг бид бүгд мэдэж байгаа. Улс төрчид нь өөрсдөө карьераа хөөгөөд явчихдаг. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Олон нийтийг илтэд үймээн самуунд уриалж байгаа энэ мэт үйлдлийг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр миний бие МАН-аас эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргүүдийг бүртгэж гомдол гаргаж байгаагаа хэлсэн. Үүний араас АН мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн эзэд хэн бэ гэдгийг нэрлэсэн. Тухайлбал, шатахууны талон их хэмжээгээр тараасан гэх эзэн холбогдогчгүй хэргийн цаад эзэн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Энхболд нь өөрийн ухуулагч нартаа өгсөн гээд хэлчихсэн. Мөн энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар иргэдэд 50 мянган төгрөг тараасан нь баримтаар ил болсон. АН-ын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав Нэр дэвшигч ухуулагч нарынхаа цалинг аваад явж байсан. Мөнгө тараасан юм биш гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймагт нэр дэвшигчийн туслах нь их хэмжээний мөнгө авч явж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гуравдугаарт, цагдаагийн байгууллагаас их хэмжээний мөнгө хурааж авсан асуудлаар мэдээлэл хийсэн. Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа Кёкүшүзан Батбаяр 500 сая төгрөгийг бэлнээр авч явж байгаад баригдсан тухай мэдээлсэн. Үүнийг АН-ын сонгуулийн төв штабын дарга сонгуулийн зардал байсан гэж хэлсэн. Сонгуулийн зардлыг бэлнээр авч явах боломжгүй гурван үндэслэл хуульд байдаг. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг эхлээд зардлынхаа данс руу хийх ёстой. Цалин, шатахуун тэр бүхэнд зарцуулах зардлыг данснаас данс руу шилжүүлнэ гэсэн маш тодорхой хуулийн заалт бий. Хууль бус бохир мөнгө сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулахгүй байхтай холбоотой дэвшилттэй зохицуулалт юм шүү. Их хэмжээний мөнгийг нэр дэвшигчийн зардлын дансаар дамжсан эсэхийг шалгаж тогтоох ёстой. Хэрэв дамжаагүй бол шууд утгаараа сонгогчдын саналыг худалдан авах гэсэн үйлдэл болно. Нэр дэвшигч Кёкүшүзан Батбаярын хувьд 500 сая төгрөгийг бэлнээр авч явсан баримт байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь өөрөө ийм хэмжээний дүнтэй. Нэр дэвшигч яагаад сонгуулийн нийт хугацаанд зарцуулах хэмжээний мөнгийг бэлнээр авч явж байсан бэ. Энэ гурван асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Ганцхан Зөрчлийн хуулиар торгуулаад өнгөрөх биш нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авна. СЕХ энэ цаг үед нотлогдсон, батлагдсан баримт дээр тулгуурлан Сонгуулийн хуулийг хэрэгжүүлж дараа дараагийн арга хэмжээгээ авна гэдэгт итгэж байна. Чингэлтэй дүүргийнМАН-ынхуульч Ж.Лхагвасүрэн:Нэг мм-ийн ч зөрүүгүй яг адилхан хэмжээтэй самбар яагаад нэг нь хууль зөрчөөд нөгөө нь хууль зөрчихгүй байна вэ -АН хэвлэлийн хурал хийх үеэрээ удаа дараа Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн үйлдэл нь батлагдаж, нэрийг эргүүлэн татахад бэлэн болсон гэх агуулгатай ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн. Чингэлтэй дүүргийн АН-аас МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар том байна гэх гомдлыг гаргасан. Гурван нэр дэвшигч сурталчилгааныхаа самбарыг хамтарч гаргасан. Нэг нэр дэвшигчийн сурталчилгааны самбараас мэдээж том байна. Нэр дэвшигчид хамтарч сурталчилгааныхаа самбарыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт хийсэн. Хуульд нэр дэвшигчид сурталчилгааны самбар, сонин, сэтгүүлээ хамтарч гаргаж болно гэж заасан байдаг. Хамгийн сонирхолтой нь Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчид МАН-аас нэр дэвшигчидтэй адил хэмжээний самбарыг мөн гаргасан. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт адилхан хэмжээтэй самбар тавигдсан. Нэг мм-ийн ч зөрүүгүй яг адилхан хэмжээтэй нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар яагаад нэг нь хууль зөрчөөд нөгөө нь хууль зөрчихгүй байгаа юм бэ гэдэг сонирхолтой байна. Гүтгэлэг гэдэг нь үүгээр тогтоогдож байна. МАН-ын сонгуулийн штаб
Хариуцлагатай уул уурхайн төлөө Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нарыг нэр дэвшүүлснээ МАН-ын дарга У.Хүрэлсүх онцлов
2020-06-22 12:40:26 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-аас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын 1500 эрдэмтэн судлаач, бүх салбарын төлөөлөл, ард иргэдийн санал дүгнэлтэд үндэслэн өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирээдүйн 30 жилээ төсөөлж, тодорхойлон боловсруулж, батлуулсан Алсын хараа-2050 баримт бичигтэй МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөрөө уялдуулж боловсруулсан учраас хүнд хүрч, хөрсөнд бууж хэрэгжих бодит мөрийн хөтөлбөр гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тодотголоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд улс эх орноо хөгжүүлэхэд эхний ээлжид таван том асуудлыг заавал хийж хэрэгжүүлэх ёстой гэж үздэг бөгөөөд энэхүү үзэл баримтлалыг мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар ярилаа. Нэгдүгээрт, ард иргэдээ эрүүл хүнсээр, мөн орон сууцаар хангах ёстой. Иймд өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна. Хоёрдугаарт, эх орноо эрчим хүчээр хангах ёстой. Бид IV цахилгаан станцыг өргөтгөсөн, одоо III цахилгаан станцыг өргөтгөнө. Дарханд шинээр цахилгаан станц барьж байгуулсан. Таван толгойн цахилгаан станцыг барихаар болсон. Дөрвөн жилийн дараа гэхэд бид гадаадаас эрчим хүч авдаггүй, өөрсдөө эрчим хүч экспортлогч орон болно. Гуравдугаарт, газрын тос боловсруулагч орон болно. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэд бүтцийн ажлыг нь хийж дуусгасан. Нефтийн үйлдвэрт ажиллах 500 хүний орон сууцыг барьж байна. Одоо үйлдвэрээ барих ажлыг эхлүүлэх гэж байна. 2023 оны сүүлч гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дөрөвдүгээрт,дэд бүтцийн асуудлаа шийднэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2000 км автозам тавилаа. Монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийн 100 тоннын даацтай автозамыг барьсан. Төмөр замыг монгол инженерүүд, цэргүүдтэй хамт тавьж байна. Тавдугаарт,харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлнэ. Эдгээр таван асуудлыг цогцоор нь шийдэж чадвал Монгол Улс мандан бадарч, хөгжин дэвших болно гэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Өмнөговь аймагт нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн тухайгаа ярилаа. Тэрбээр Монголын төр задарсныг нь захирч, засаглаж чаддаг, ядарсныг нь хайрлаж, хамгаалж чаддаг байх ёстой. Монгол төр бол байгалийн баялгийг хууль бусаар олж авч, баяжсан баян айлын сахилгагүй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг цэцэрлэг биш, гэмт хэрэгтнүүд ял завшиж орогнодог газар биш харин ардын хүүхдүүд сууж ажил хийдэг, төрийн бодлогоо тодорхойлдог газар байх ёстой. Тиймээс эх орон, газар шороогоо худалдахгүй, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хувийн эрх ашгаа төр, ард түмнийхээ эрх ашгаас доогуурт тавьж чаддаг, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай залуучууд Монголын төрд ажиллах ёстой. Эдгээр шалгуур шаардлагыг Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар бүрэн дүүрэн хангаж байгаа учраас өмнөговьчуудын элч төлөөлөгч болгохоор итгэл хүлээлгэсэн гэдгийг онцлон дурдав. МАН мөрийн хөтөлбөрийнхөө Орон нутгийн хөгжил бүлэгтээ аймаг тус бүрт томоохон 10 жилийг хийж хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Өмнөговь аймагт 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл800 Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 200 Түрээсийн орон сууц- 200 Технологи, уул уурхайн чиглэлээр их дээд сургууль байгуулна. Аж үйлдвэрийн парк байгуулна. Хил орчмын болон палеонтологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн судалгааны төв, музей байгуулна. Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 220 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг үргэлжлүүлж дуусгана. Сэврэй-Хонгор чиглэлийн авто зам барьж, Чойр-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ. Авто замын сүлжээг өргөтгөх хүрээнд говийн сумдыг сайжруулсан болон засмал замаар холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Ханбогд суманд дулааны цахилгаан станц барьж, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбоно. Аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож сайжруулна. Эко Даланзадгад шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг барьж байгуулан, Цогтцэций суманд Тавантолгой шинэ суурьшлын бүс байгуулна. Цөлжилтөөс хамгаалах элсний аж ахуйн цогцолбор хөгжүүлнэ. Орхон-Онги-Улаан нуур төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ. МАН-ын сонгуулийн штаб
МОНГОЛ АРДЫН НАМ ХАНДИВ БОЛОН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА МЭДЭЭЛЖ БАЙНА
2020-06-22 11:59:57 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 д заасны дагуу Монгол Ардын Намын 2020 оны Улсын Их Хурлын Сонгуулийн зардлын явцын тайланг /Намын сонгуулийн зардлын хураангуй тайлан /Маягт1-1/-ээр гарган мэдээлж байна. Хандив өгсөн нийт гишүүд дэмжигчдэдээ баярлалаа.
ШИНЭ эвслийн удирдлагуудыг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав
2020-06-22 11:52:04 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдлээ. Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслийн зүгээс тагнуулын байгууллагад болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан юм. Уг гомдлын мөрөөр шуурхай шалгалт явуулж гомдол гаргасан ШИНЭ эвслийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүсийг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгалаа. Шалгалтыг ШИНЭ эвслийн удирдлагуудын хүсэлтээр өөрсдийнх нь сонгосон хэсэгт очиж шалгалтыг хийхдээ дараах зарчмаар хийжээ. Уг ажилд оролцсон нам, эвслийн ажиглагчдаар 15 ширхэг туршилтын саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэн төхөөрөмжүүдэд уншуулж, гарсан үр дүнг дахин хяналтын тооллого хийж, гараар тоолон нийт оролцсон хүмүүсээр төхөөрөмжийн үр дүн санал тоолох төхөөрөмжийн үр дүнтэй таарч байгаа тухай тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Санал тоолох төхөөрөмжийг ажиллуулж эхлэнгүүт тэг тайлан хэвлэж ажиглагчдад өгдөг бөгөөд дараа нь саналын хуудсуудыг төхөөрөмжид уншуулан санал хураалт дуусмагц төхөөрөмжийн тайлангийн хуудсыг нийт ажиглагчдад өгсний дараа төхөөрөмжийн дүнг төв серверт дамжуулдаг. Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь олон төрлийн цаасан баримт үлдээдэг учир ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд шалгалт хийх боломжтойгоороо давуу юм. Эх сурвалж:Сонгуулийн ерөнхий хороо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй